Ой долоон сартай бяцхан охиноо өвлийн хүйтэнд орцонд хаясан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан юм. Эхдээ гологдсон охиныг нэгэн бүсгүй олж, Цагдаагийн байгууллагад хүргэж өгснөөр эл хэрэг олонд ил болсон. Тухайн үед охины бие нь муу байсан учраас цагдаагийнхан ЭХЭМҮТ-д аваачиж, эрчимт эмчилгээнд оруулсан байдаг. Охины хоёр уушги нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан гэдгийг эмч нар хэлж байсан билээ. Тухайн үед бяцхан охины талаар сонссон олон зуун ээжүүд Д.Намуун охинд туслах аяныг өрнүүлж, түүнд шаардлагатай хоол тэжээл, эд зүйлсээр туслаж, ээлжлэн сахиж байв. Цагдаагийн байгууллагаас охины ээж Д-г цаг алдалгүй олж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Мөн охиныг биеийн байдал хүндхэн байсан учраас асран халамжилж байсан ээжүүдийн хүсэлтээр цагдаагийн байгууллаганхан ээжийг нь охинтой нь уулзуулсан байдаг.

Гэвч бяцхан охин өвчнөө дийлэлгүй, нэгдүгээр сарын 13-ны өдөр харамсалтайгаар хорвоог орхисон юм.

Манай сурвалжлах групп тэсгим өвлийн хүйтэнд охиноо гудамжинд хаясан ээж болон талийгаач охиныг ээждээ гологдох хүртлээ хэрхэн амьдарч байсныг нэхэн сурвалжиллаа.

Эгчтэйгээ муудалцаад охиноо хаясан байх гэв

Эхлээд бид талийгаач охины амьдарч байсан Чингэлтэй дүүгийн 7 дугаар хороонд байрлах нийтийн байранд очсон юм. Энэхүү байрны нэгэн умгар өрөөнд Д.Намуун охин ээж, нагац эгч болон үеэлүүдийнхээ хамтаар есөн сарын турш амьдарч байсан юм байна. Ингээд бид тус байранд амьдардаг нэгэн /нэрийг нь нууцлав/ эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ээждээ хаягдсан Намуун охин энэ байранд амьдарч байсан гэж сонслоо. Хэр удаан амьдарсан юм бол. Та түүнийг таних уу?

-Танилгүй яах вэ. Хаягдсан хүүхдийн талаар телевизээр мэдээ гарч байхаар нь хартал Намуун охин байсан. Энэ байранд 10 орчим сар амьдарсан. Сүүлийн үед тэднийхэн харагдахаа больсон байна лээ.

-Охин хэн хэнтэйгээ амьдардаг байсан юм бэ?

-Тэднийх олуулаа. Хүүхэд, том хүн нийлсэн 6-7 хүн амьдардаг байсан.

-Охины ээж хамт байдаг байсан уу?

-Тийм, хамт амьдардаг. Гэхдээ хүүхдээ хайхардаггүй. Тэр нялх амьтныг эгчийнхээ гурван настай хүүхэдтэй хамт өдөржин цоожлоод л явчихна. Хүүхэд нь өдөржин уйлна. Сүүлдээ уйлах ч тэнхэлгүй болсон сонсогддог. Талийгаач охин өрөөсөн хөл дээрээ гишгиж чаддаггүй, хоолондоо муу, тэжээлийн дутагдалтай, хэл ярианы хөгжил сул байсан гэсэн. Түүнийг хүүхдээ хаяхынхаа өмнөх өдөр мөнгөнөөс болж эгчтэйгээ муудалцсан гэж хөршүүд ярьж байсан. Хөршийнхөө эмэгтэйгээс мөнгө зээлчээд тэрийгээ өгөхгүй байсан юм шиг байна лээ. Тэрнээс болоод л эгч нь дүүгээ хүнээс мөнгө зээллээ гэж зэмлэсэн сураг байсан. Эгчдээ загнуулсан уурандаа л хүүхдээ хаясан байх. Тэр өдрөөс хойш Намуун охин харагдахаа больсон. Төд удалгүй телевизээр хаягдсан охин гээд гарч байсан. Эвий минь, сайн төрлийг олж төрөөсэй дөө гээд залбирч сууна гэв.

Талийгаач Д.Намуун охин төрсний гэрчилгээгүй байжээ

Фейсбүүк дэх “Ивээл” группийнхэн өнгөрсөн даваа гарагт Чингисийн талбайд талийгаач охин Намуунд зориулан зул өргөх ёслолыг зохион байгуулсан. Тэд талийгаач охины 21 хоног болон 49 хоногоор группийнхээ хүрээнд мөнгө цуглуулан хүүхэд багачуудыг баярлуулж охины араас буян үйлдсэн талаараа ярьж байлаа.

Уг арга хэмжээг зохино байгуулагч Ч.Болормаа талийгаач охины талаар “Бид фейсбүүк группийнхээ хэмжээнд ээлж гарган өдөр болгон охиныг эргэж байсан. Чухам өнөөдөр охиныг үхэлд хүргэсэн ямар шалтгаан байгаа нь тодорхой биш байгаа. Уушги нь хатгалгаатай байж байгаад муудсан гэдэг л мэдээлэл бидэнд бий. Гэхдээ охин эмнэлэгийн тусламж авах хүртлээ буюу 1 нас 8 сар хүртлээ ямар ч эмнэлгийн тусламж аваагүй, төрсөн цагаасаа вакцинд хамрагдаагүй, ясны сийрэгжилттэй, шүд нь үйрч унадаг, ярьж, явж чаддаггүй байсан. Нас барсных нь дараа буяны ажлыг нь зохино байгуулахаар Буян компани дээр очиход охин төрсний гэрчилгээ ч аваагүй байсан. Талийгаачийн бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн III амаржих газарт төрсөн нь үнэн гэдэг архивын бичгийг аван буяны ажлыг нь гүйцэлдүүлсэн. Охины төрсөн ээж охиныхоо буяныг ажлыг хийх мөнгө санхүүгүй байсан учраас бидний хэсэг ээжүүдэд энэ ажилд гар бие оролцсон. Мөн Буян компанийнхан талийгаач Намуун охины буяны ажлыг үнэ төлбөргүй хийж өгсөнд маш их баярлаж байгаа. Харин бүхэл бүтэн Монгол улсын нэг иргэн 1 нас 7 сар хүртлээ ямар ч бичиг баримтгүй байхад үүнд анхаарлаа хандуулдаг араас нь хөөцөлддөг, бүртгэлжүүлдэг төрийн байгууллагынхан юу ч хийгээгүйд маш их харамсаж байна. Тиймээс талийгаач Намуун охиных шиг хэрэг дахин бүү давтагдаасай, төрийн байгууллага ажлаа хийдэг байгаасай гэж хүсч энэхүү зул өргөх ёслолыг зохион байгуулж байна” хэмээн ярьсан юм.

Хүүхдээ орцонд хаясан ээж Д-г батлан даалтад гаргажээ

Бидэнтэй холбогдсон эмэгтэйчүүд охиныг амьд ахуйд нь эргэж тойрч, хэрэгтэй зүйлээр нь тусалдаг байжээ. Энэ эмэгтэйчүүдийг охиныг өнгөрсний 21 хоног дээр нь буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд гэрт нь ирэхэд охиноо орхиж явсан эмэгтэй гэртээ байсан байна гэнэ. Тэрбээр охиныхоо зургийн өмнө зул ч асаагаагүй батлан даалтад гарсан хэмээн сууж байсанд ээжүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Харин цагдаагийнхан охиноо орхиж явсан эмэгтэйг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон хэвээр байгаа, охинтой нь уулзуулах гэж нэг удаа гаргасан, түүнээс биш батлан даалтад гаргаагүй гэж хэллээ.

Охиныг нас барахаас 30 минутын өмнө БЗД-ийн ХГБХТ-ийнхөн шуурхай хуралджээ

Түүнчлэн Хүүхдийн төлөө үндэсний төвөөс энэхүү хэргийн талаар тодруулахад Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэв. Тэгвэл Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас зааварчилгаа өгсний дагуу Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийнхөн энэ асуудал дээр ажилласан байна. Тус төвийн хамгаалалтын мэргэжилтэн Э.Болормаагаас талийгаач охины талаар тодруулахад, тэрбээр “Бид охиныг нас барахаас 30 минутын өмнө манай дүүрэгт харъяалалтай гэдэг мэдээллийг аван шуурхай хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Гэвч охин нас барсан учраас бид түүний буяны ажилд оролцон охинд туслахаар цугларсан мөнгөөр эмзэг давхрын тусламж нэн шаардлагатай өрх толгойлсон 5 ээжид тусалсан. Талийгаач охины ээж манай Баянзүрх дүүрэгт хаягтай ч тэр хаяг дээрээ амьдраагүй таван жил болж байгаа юм билээ. Мөн өөр өөр дүүрэгт нийтийн байр түрээслэн амьдардаг байсан учраас түүний хаягыг тодруулахад хугацаа их шаардсан юм билээ. Талийгаач охины ээж эгч гурван дүүгийнхээ хамт амьдардаг. Ажил хийн гурван дүүгээ тэжээдэг  байсан гэсэн мэдээллийг бид олж авсан” гэв.

Мөн одоогоос нэг жилийн өмнө дөрвөн настай Ц.Оюун-Эрдэнэ охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Энэ мэтчилэн нийгмийг цочроосон хэргүүд ар араасаа гарсаар байх уу. Холбогдох байгууллагууд нь хүүхдийн эрхийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллах цаг нэгэнт болжээ.