Энэ өдөр дэлхийн түүхэнд

Өнөөдөр 2019 оны 102 дахь өдөр. Шинэ он хүртэл 263 хоног үлдлээ

Олон улсын Агаарын болон сансрын нисэгчдийн өдөр (Space Probe Day)

1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сансарт анх удаа хүн ниссэн билээ. Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин дэлхийн анхны сансрын нисэгч болсон ба тэрээр “Восток” сансрын хөлөгөөр дэлхийг 108 минутын дотор тойрч эсэн мэнд эх дэлхийдээ буцаж ирсэн байна. Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг сансарт хүн ниссэний олон улсын баяр болгон 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей зарлажээ.

Мөн энэ өдөр ОХУ-д сансрын нисэгчдийн өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийг ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчийн 1962 оны дөрөвдүгээр сарын 9-ний зарлигаар бий болгосон юм.

Сонирхолтой баримтаас 

1957 оны аравдугаар сарын 4-нд дэлхий орчмын тойрог замд дэлхийн анхны хиймэл дагуулыг гаргажээ. Энэ үйл явдлыг тэмдэглэн  жил бүр Дэлхийн сансрын өдрийг тэмдэглэдэг.
Одоо тодорхой болсноор, сансарт хүн нисэхээс өмнө хүний дөрвөн хөлт нөхрийг сансарт нисгэжээ. 1960 оны наймдугаар сард Белка, Стрелка гэсэн нохдыг сансарт нисгэн нэг хоног болгоод дэлхийдээ эргүүлэн буулгажээ.
1961 оны наймдугаар сарын 6-нд сансрын нисэгч Герман Титов "Восток‑2" хөлгөөр нислэг хийв.
1963 оны зургаадугаар сарын 23-нд дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Терешкова (дуудлагын нэр нь "Чайка) "Восток-6" хөлгөөр сансарт гурав хоног гаруй  хугацаагаар нисэв.
1969 оны долдугаар сарын 21-нд хүн анх удаагаа саранд хөл тавив. Тэр хүн нь "Аполлон‑11" хөлгийн дарга Нил Армстронг  байв.
1975 онд "Союз", "Аполлон" хөлгүүд сансарт залгагдан сансар судлалын олон улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.
2000 онд 15 орон оролцсон Олон улсын сансрын станц анхны багаа хүлээн авчээ.
Юрий Гагарин сансарт ниссэнээс хойш дэлхийн 40 гаруй орны 500 хүн сансарт нисчээ.

Сонирхолтой үйл явдал

Хүн анх удаагаа сансарт нисэв

Юрий Алексеевич Гагарин (1934 оны 3 сарын 9 - 1968 оны 3 сарын 27) нь 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн, Зөвлөлт Холбоот Улсын нисэгч, сансрын нисгэгч юм.

1961 оны дөрөвдүгээр сарын 12. Юрий Гагарин Восток 8KA-72 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 08 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон юм.

Анхны жолоодлоготой нислэгийг Ерөнхий зохион бүтээгч Сергей Павлович Королев удирдсан ба гарааных нь дараа "Зөвхөн нисээд л амьд мэнд эргэн ирээсэй!" гэж хэлж байсан гэдэг. Тойрог замд гарсны дараа Гагарин “Тэнгэрийн хаяаг харж байна. Тэр хөвөн урсана. Тэнгэрт од харагдахгүй, дэлхийн гадарга цонхоор харагдаж байна. Дэлхийн хязгаараар тэнгэр хар, тэнгэрийн хаяаны хязгаараар ихээхэн үзэсгэлэнтэй  цэнхэр титэм харагдан тэр нь холдох тусам харлаж байна” гэж дамжуулсан байна.

Нислэгийн үеэр ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг Гагарин сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисгэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах байлаа.

Сансрын анхны нисэгчийн нислэг 108 минут үргэжлээд хөлгийн буух аппарат Саратов мужид газарджээ. Хэдэн км-ын өндрөөс Гагарин хөлгөөс харвагдан шүхрээр  буух аппаратынхаа ойролцоо газарджээ. Түүний сансарт ниссэн 1962 оны дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн энэ өдөр Зөвлөлтийн дараа нь Оросын  үндэсний баяр болжээ.

Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Эцэг эх нь хамтралын ажилчид байв. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болж, дайнд оролцохоор явсан нь том нөлөө үзүүлсэн гэдэг.

Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. 1957 онд Оренбургт танилцсан Валентина Голичева хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Тэднийх хоёр охинтой байв. Сургуулиа төгсмөгц Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ.

Домогт нислэгээс хоёр жилийн өмнө анхны сансрын нисэгчдийн отрядад сонгон шалгаруулалт эхэлжээ. Нас нь ойролцоогоор 30, жин нь 72 килограмм, өндөр нь  170 сантиметраас дээш биш гэсэн шаардлагыг Ерөнхий зохион бүтээгч С.Королев тавьсан байв. 1960-аад онд сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн юм.

Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий анхны нислэг хийхээр шилэгджээ.

"Восток" хөлөг

Пуужин зөөгч  "Восток 8К72К" дэлхий орчмын тойрог замд жолоодлоготой "Восток" хөлгийг гаргажээ. Дашрамд дурдахад, Гагарины дублер нь Герман Титов байв. Түүнийг орлох нисгэгч нь Григорий Нелюбов байжээ.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндэд умбажээ. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байлаа. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв. Гэнэтийн алдар хүндэд умбасан Гагарины сэтгэл санаа тогтворгүйтэж, архинд орсон гэх яриа бий.

Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал гаргажээ.

2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисгэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарлажээ.

Гагарины дурсгалыг мөнхжүүлэхээр Смоленск мужийн Гжатск  хотыг Гагарин гэж нэрлэсэн байна. Мөн анхны  сансрын нисэгчийн нэрийг Оросын  Агаарын цэргийн академид олгожээ. Цэргийн сургуулиудын сонсогчдод Гагарины  тэтгэмжийг өгдөг. Дэлхийд түүний нэртэй олон гудамж талбай байдаг аж. Түүний газардсан Смеловка тосгоноос холгүй газар дурсгалын цогцолбор босгосон байна. Гагарин хотод түүний музей бий. Сарны нөгөө талын 250 км-ын тогоотой томоохон өндөрлөгийг Гагарины гэж нэрлэжээ.

Өнөөдөр түүхэнд

1204 - Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтны цэргүүд Константинополь хотын хана хэрмийг нэвтэрч, дараа өдөр нь хотыг бүрэн эзэлжээ.

1242 - Оросын ван Александр Невскийн удирдсан цэрэг немцийн рыцариудыг Чуд нуурын тулалдаанд ялав.

1633 – Ром хотноо Галилео Галилейг шүүх ажиллагаа эхлэв.

“Ертөнцийн төвд дэлхий биш нар байдаг. Дэлхий жилд нэг удаа нарыг тойрдог” гэсэн Николай Коперникийн “худал номнолд” автсан гэж Галилейг буртгасан байна.  Эрдэмтнийг  ариун инквизицийн ордонд саатуулан хорьж байв.  Ордонд тэр гурван өрөөтэй, зарцтай, найз нартайгаа захидлаар харьцдаг, тэднээс илгээмж авдаг эрхтэй байсан  гэнэ.

Байцаалт дээр тэр  элдвээр бултах оролдлого хийгээд тэр нь бүтэмжгүй болон тамлан байцаалтын өмнө  ирээд “чөтгөр намайг төөрөгдүүлжээ” гээд санал бодлоосоо татгалзжээ.

1796 - Хорин долоон настай дивизийн генерал Наполеон Бонапарт  Монтенотте гэдэг газар анхны том тулалдаандаа ялалт байгуулжээ. Тэр үед Франц Италийн эсрэг анхны аян дайн хийж, Европын орнуудын нэгдсэн нэгдүгээр эвслийн армитай байлдаж байлаа.

Тэр жил Франц гол цохилтоо Австрид хийж 42 мянга орчим хүнтэй Наполеоны армид Хойд Италийг эзлэх хоёрдугаар зэргийн зорилт тавьсан байв. Гэвч Наполеоны арми  Австрийн цэргийг ээлж дараалан бут ниргэж, дайны гол үүргийг гүйцэтгэжээ.

1822 – Оттоманы засгийг эсэргүүцсэн 1821 оны бүх үндэстний бослогыг дарах зорилгоор Грекийн Хиос  арал дээр Туркийн десант буув. Тэнд түүхэнд “хиосын яргалал” гэж орсон христийн сүсэгтнүүдийн эсрэг харгислал үйлдэгджээ. Арлын 100000 хүнээс дөнгөж 2000 үлдсэний хагасыг нь дараа нь  хядаж нөгөө хэсгийг нь боол болгон худалджээ. Газар дундын тэнгисийн худалдааны чухал зангилаа байсан  цэцэглэсэн  арал цусанд будагдан балгас болсон байна.

Энэ эмгэнэл Европыг цочоосон ба Францын зураач Эжен Делакруа хэрэг явдлыг  "Хиос дахь яргалал" (4,2х3,5 м) гэсэн том зурагтаа зурсан нь одоо Луврын музейд  хадгалагдан үлдсэн байна.

1861 – АНУ-д иргэний дайн эхлэв. Байлдааны ажиллагаа Самтер цайзыг  энэ өдөр буудсанаар эхлэн 1865 оны оны зургаадугаар сарын 23-нд генерал Стенд Уэйтийн өмнөдийн армийн бууж өгснөөр төгсчээ.  Дайны явцад том, жижиг 2000 гаруй тулалдаан болжээ. Энэ дайнд  Америк өөрийн оролцсон бүх дайн тулаанд амь үрэгдсэн хүмүүсээс илүү олон  иргэдээ  алджээ.

1871 – Тэр жилийн энэ өдөр Парисын коммун Наполеоны ялалтад зориулан босгосон Вандомын баганыг буулгах шийдвэр гаргажээ. Бүгд найрамдагчдын  Соёлын комиссар байсан уран зураач Гюстав Курбе  баганыг буулгах устгах ажиллагааг удирдан хийсэн ба түүнийг буулгахыг харахаар 20000 хүн цугларсан байжээ.

Хувьсгалт дэглэм унасны дараа 1875 онд Вандомын баганыг эргүүлэн босгож сэргээжээ.

1903 - Английн Истборн хотноо механикаар хөдөлдөг олон хүний суудалтай омнибусын шугам ашиглалтад оржээ. Анхны морь хөлөглөсөн омнибусууд 1662 онд Парист гарч ирсэн юм.

Хэсэг хугацааны дараа Парисын эрх баригчид доод зэрэглэлийн хүмүүсийг  тээвэрлэхийг хориглосон тул зорчигчгүй болсон омнибус хаагджээ.

1914 - Улсын хурлын газрыг байгуулах тухай тогтоолд Богд Жавзандамба хутагт гарын үсэг зурав.

1927 - Хятадын удирдагч Чан Кай Шигийн тушаалаар Хятадын коммунист намын гишүүдийг Шанхай хотноо цаазлан хороов.

1934 - Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Гемпшир мужийн Вашингтон уулын бүсэд болжээ. Тухайн үед салхины хурд 371 км/ц-ийн хурдаар хэмжигдэж байсан байна.

Франклин Рузвельт нас баржээ

Франклин Делано Рузвельт 1882 оны нэгдүгээр сарын 30-нд чинээлэг айлд төржээ.  Эцэг нь аж үйлдвэрийн олон ком­пан­ийн эзэн байлаа. Тэрээр 14 нас хүртлээ гэртээ суралцаж бай­аад Массачусетс мужийн Гротон хотын дээд­ийн сургуульд оржээ. Харвардад  дээд боловсрол эзэмшин Колумбийн их сургуулийн хуулийн ангийг дүүргээд өмгөөлөгчийн ажил эрхэлж иржээ. Франклин тав дахь салааны холын хамаатан Элеоноратай 1905 онд гэрлэжээ. Эхнэр нь түүнийг улстөрч болгосон гол хүний нэг гэдэг. Тэрээр 1910 онд Нью-Йоркийн сена­тор болжээ.

Гэтэл тэр 1921 онд саа өвчинд нэрвэгдэн бүх насаараа тахир дутуу хүний тэргэнд “хадагджээ”. Гэсэн ч энэ нь улс төрийнх нь гайхамшигтай карьерт саад болоогүй билээ. 1928 онд тэрээр Нью-Йорк мужийн захирагч болов. Ингээд 1931 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Ерөнхийлөгч болоод “Шинэ чиглэл” гэсэн санхүү, эдийн засгийн хэдэн чухал шинэчлэлийг хийж АНУ-ыг эдийн засгийн хямралаас гаргасан юм. 1935 ба 1939 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр дахин ялжээ.

Дэлхийн  II дайн эхэлсний дараа АНУ-ыг зэвсэгт тулаанд оруулахгүй байхыг аль болохоор хичээн “зарлагдаагүй дайн” гэж нэрлэсэн Зөвлөлтөд туслах эдийн засгийн тусламжаар (ленд-лиз) л дайны оролцоогоо хязгаарлах хүсэлтэй байв. Гэвч 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд япончууд Америкийн Пёрл Харбор баазад халдсаны дараа АНУ Японд дайн зарласан юм. Дайны үеэр тэр Гитлерийн эсрэг эвсэл ба НҮБ-ыг байгуулахад ихээхэн зүтгэл гаргажээ. 1943 онд тэрээр дөрөв дэх удаагаа ерөн­хийлөгчөөр сонгогдсон байв. Өөрөө нэрийг нь өгсөн гэх НҮБ-ын нээлтийг дөрөвдүгээр сарын 23-нд хийлгэхээр бэлтгэж байгаад 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд цус харван өөд болжээ. Рузвельтийн нэр Америк­ийн түүхэнд тус улсын хамгийн суут улстөрч­дийн нэгээр бичигдсэн юм. Түүнийг нас бар­с­наас хоёр жилийн дараа Америкийн Үндсэн хуулийн 22 дахь засвар хийгдэн ерөнхийлөгчид сонгогдох бүрэн эрхийг хоёр хугацаагаар хязгаарласан байна.

1945 - Дэлхийн II дайн: Генерал Уильяам Х.Симпсоноор удирдуулсан АНУ-ын 9-р арми Элба мөрнийг гатлан Магдебург, Тангермюнд хотуудад хүрэв. АНУ-ын арми Берлин хотоос ердөө 90 гаруй км-ын зайд  дөхөн иржээ.

1955 - АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд дуслаар өгөх поли вакциныг туршиж эхлэв.

1963 - ЗХУ-ын цөмийн торпедаар зэвсэглэсэн "К-33" шумбагч онгоц, Финландын худалдааны "Финнклиппер" онгоцтой мөргөлдөн хүнд гэмтэл авлаа.

1990 - АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсоны байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Тус музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол энэ байлаа.

1992 - Хүүхдийн паркийн үйлчилгээ эрхэлдэг Диснейленд компани "Евро Диснейленд" компани байгуулан Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.

1999 - АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоныг өөрийн мэдэгдэлдээ "санаатайгаар худал мэдүүлсэн" гэж үзэн дээд шүүхэд гомдол иржээ. Гэсэн ч үүнийг дээд шүүх хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэл гаргасан хүнийг  торгоод өнгөрсөн байна.

2007 - Иракийн парламентын ордон байдаг бүсэд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний уршгаар парламентын гишүүн Мохаммед Авад болон өөр бусад 20 гаруй хүн амиа алдав.

1995 - Дэлхийн сүлжээнд хайлтын хамгийн алдартай Yahoo систем гарч иржээ.

2002 - Саудын Арабад болсон телевизийн шууд нэвтрүүлэгээр амь үрэгдсэн палестинчуудын ар гэрийнхэнд зориулан 12 сая ам.долларыг цуглуулжээ. Тус орны ван хувиасаа дөрвөн саяыг өгсөн ба бусдыг нь дөрвөн цагийн нэвтрүүлгийн явцад цуглуулсан байна.

2017 - Өмнөд Африкий сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал нийслэл хотод нь болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)