Эндээс үүдээд үндэсний цөөнхийн асуудлын талаар хөндөж бичих санаа төрөв. Яг үнэндээ энэ чиглэлээр төрийн хэмжээнд авч байгаа бодлого, хөтөлбөр дулимаг, гаргасан шийдвэр нь тухайн орон нутагтаа хэрэгжих нь бага, хүндээ хүрч чадахгүй байх тохиолдол дийлэнх хувийг эзэлж байх аж. Монгол Улсын хэмжээнд үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөл бол казах (хасаг), цаатан (духа), тувачууд юм. Нийт хүн амын 84.5 хувийг халх, 3.9 хувийг казах, 2.4 хувийг дөрвөд, 1.7 хувийг баяд, 1.3 хувийг буриад ястан эзэлж байгаа нь улсын нийт хүн амын 96 орчим хувь болж байх. Үндэстний цөөнх гэдэг бол тухайн улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөн ч хэл, арьсны өнгө, соёл иргэншлийнхээ угсаатны хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэлтэй олонхиосоо ялгаатай тодорхой бүлэг хүмүүсийг хэлнэ. Тэгэхдээ олонхоосоо ялгаатай байна гэдэг давуу эрх эдэлнэ гэсэн үг биш гэдгийг тодотгох ёстой.
2010 онд цаатан, тува, казах, дархадуудын ихэнх нь хөдөө орон нутагт суурьшиж байсан бол 2015 оны тооллогоор дийлэнх хэсэг хотод суурьшсан байна.
Баян-Өлгий хүн амын тоогоороо баруун бүсийн аймгууддаа тэргүүлдэг. 1990 онд 102.8 мянга орчим байсан бол 2015 оны байдлаар 97 мянга гаруй болжээ. Хүн амын 91 хувь нь казах үндэстэн, үлдсэн хувийг урианхай, дөрвөд, тува, халх эзэлдэг. Казах иргэдийн хүний эрхийн хэрэгжилтийг олонхитой харьцуулан ихээхэн доогуур үзүүлэлт гардаг байна. Улсын хэмжээнд ядуурлын түвшин 36 хувьтай байхад, Баян-Өлгий, Ховд аймагт 51 хувь. Статистикаас үзэхэд аймгийн ажилгүйдлийн түвшин 5.3 хувь байхад тус аймагт улсын дунджаас 2.5, баруун бүсийн дунджаас 1.8 пунктээр илүү байх жишээтэй. Монгол Улсын нийт иргэдийн 4.6 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байдаг бол казах иргэдийн дунд энэ нь 6.8 хувьтай.
Эх нялхсын эндэгдлээр улсын хэмжээнд эхний байрт байдаг бөгөөд 100.000 хүн амд ногдох эхийн эндэгдлийн дүнгээр 248.8 буюу улсын дунджаас даруй 171.4-өөр илүү байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улсын хэмжээнд 24.5 байхад Баян-Өлгий аймаг нь 28.7 гэсэн үзүүлэлттэй байх аж.
Монгол хэл мэддэггүй иргэдийн хувьд төрөлх хэл дээрээ мэдээлэл авах эрх нь зөрчигдөж, улмаар цөөнхийн эрхтэй холбоотой шийдвэр гаргах, улс төрийн амьдралд оролцох, өөрийгөө хөгжүүлэх эрхүүд нь давхар хөндөгдөж байна.
Ялангуяа эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаанд оролцохдоо казах хэл дээр хууль тогтоомж байдаггүйтэй холбоотойгоор шүүх, хуулийн өмнө эрх тэгш чаддаггүй ажээ.
Үндсэн хуульд “...соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй…” хэмээн заажээ. Монгол Улсын Соёлын тухай хуульд үндэстний цөөнхийн асуудлаар тусгайлсан заалт байхгүй ч хуулийн 3.1 дэх хэсэгт “... Монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл, аялгуу, аман болон бичгийн соёлыг ялгаварлан гадуурхах, хавчин хязгаарлахыг хориглоно…” гэж тусгасан ч үндэстний цөөнхийн соёлыг ялгаварлахыг хориглосон санаа ороогүй байна. Энэ бүхнээс харахад соёлын талаар баримтлах төрийн бодлогод үндэстний цөөнхийн асуудал орхигдсон гэж ч хэлж болохоор байх. Казах иргэд ч өөрсдийнх нь соёл, зан заншлын талаар тодорхой бодлого байхгүйд ихэд шүүмжлэлтэй хандаж бас сэтгэл зовниж байгаа аж. Үүнээс гадна уртын дуу, морин хуурын талаарх Үндэсний хөтөлбөрийг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Толбо суманд казах иргэд олноор оршин суудаг ч тэнд морин хуур тоглодог, уртын дуу дуулдаг казах хүн байхгүй. Гэсэн ч хэрэгжилт ямар байгаа талаар тайлан гаргахыг төрөөс шаарддаг явдлыг нутгийн иргэд шүүмжлэлтэй ханддаг. Үүний нөгөө талд домбор болон бусад хөгжим, казахын ард түмний дуу бүжиг, соёлын талаар хөтөлбөр байхгүй. Эл байдлыг олон улсын хүний эрхийн зарчмын үүднээс харвал үндэстний цөөнхийн соёлд хайхрамжгүй хандаад зогсохгүй, тухайн улсын зонхилох соёлыг цөөнхөд тулгаж байгаа зөрчил гэж үзэхээр байна. Цөөнхийн соёлыг хүндэтгэх, хамгаалахад баримтлах тулгуур нэг шаардлага бол соёлын нөлөөг үндэстний цөөнхөд тулгахыг хориглох аж.
Хэдийгээр үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль тогтоож, төрийн бодлого бий ч хүүхдүүдэд хэл, соёлын ялгаатай байдал хүндрэл бэрхшээл учруулдаг аж. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 43 сургуульд 22626 хүүхэд суралцаж байна. Эдгээрийн 20690 нь казах, 1204 урианхай, бусад нь халх, дөрвөд, буриад, торгууд, өөлд зэрэг угсаатны бүлгийн хүүхэд. Аймгийн хэмжээнд 43 сургуулийн хоёр нь монгол хэлээр, нэг нь монгол, англи, турк хэлээр, нэг сургууль тува, монгол хэлээр, 33 сургууль казах хэлээр сургалт явуулдаг. Мөн 6 сургууль монгол, казах зэрэгцсэн бүлгээр хичээллэдэг байна.
Сүүлийн жилүүдэд казах хэлний сургалттай 33, зэрэгцсэн бүлэгтэй 6 сургуулийн казах хэлний сургалттай бүлгүүд хос хэлний сургалтад шилжиж, 22156 суралцагчийн 19283 нь казах, монгол, 278 нь тува, монгол хос хэлээр суралцаж буй. Нэг анги дахь монгол хэлтэй хүүхдийн тоо цөөн байгаагаас төрийн албан ёсны хэлээр сургалт явуулахад хүндрэл учруулдаг, анги дүүргэлт хангалтгүй гэсэн шалтгаанаар казах болон монгол хэлтэй хүүхдүүдийг нэг анги болгон казах, монгол хэлээр сургалтаа явуулдаг байна.
Манай ангид математик ордог казах багш бид нартай монголоор их тааруухан ярьдаг, харин казах суралцагчидтай казахаараа ярьдаг. Казах суралцагчид ойлгоогүй зүйлээ лавлавал казахаараа тайлбарлаж өгдөг ч, монгол суралцагчид лавлавал асуултад хариулдаггүй хэмээн Баян-Өлгий аймгийн нэгэн сургуулийн сурагч ХЭҮК-ийн ажилтанд ярьжээ.
Эндээс Баян-Өлгий аймгийн хэмжээнд төрийн албан ёсны хэлээр сургалт чанартай явагддаггүй, хэлний цөөнх хүүхэд зонхилох бүлгийн хэлийг мэдэхгүйн улмаас ангийнхан, үе тэнгийнхэнтэйгээ харилцахад бэрхшээл учирдаг. Хичээлийн заавраа бүрэн ойлгохгүй учир бусдаас сурлагаар хоцрох, үе тэнгийнхэн хоорондоо бие биенээ үндэс угсаа, хэл, шашин соёлоор нь ялгаварлан гадуурхах хандлага түгээмэл байдаг аж.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийг бүрдүүлж цаа маллан тайгад амьдардаг уйгар угсааны тува (Духа) хүмүүс нь Монгол Улсын үндэстний хамгийн цөөнх аж. Цаатан иргэд Улаанбаатар хотоос 1000 гаруй, Хөвсгөл аймгийн төвөөс 300 гаруй, Цагааннуур сумын төвөөс 50-70 км алслагдсан, өндөр ууланд амьдардаг. Цагааннуур суманд амьдарч байгаа цаатан иргэдийн судалгааг анх 2002 онд гаргажээ. Үүний дараа 2009 оны мэдээгээр нийт цаатан өрх 168, үүнээс баруун тайгад 34 өрхийн 134 хүн, зүүн тайгад 28 өрхийн 98 хүн амьдарч байжээ. Үүний дараах судалгаагаар нийт цаатан 138 өрхийн 664 хүн байгаагаас цэвэр цаатан 436, холимог 228 хүн байна гэсэн тоон мэдээ гарсан ч сум, орон нутгийн зүгээс цаатан иргэдийн талаар нэгдсэн дэлгэрэнгүй судалгаа байхгүй аж. Сумын нийт хүн амын 53.9 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, 29 нэн ядуу өрх (173 хүн), ядуу 157 өрх (621 хүн) дундаж 189 өрх (657 хүн) чинээлэг 4 өрхөд (21 хүн) хүн амьдарч байна. Цаатнуудын амьжиргааны эх үүсвэр цаа буга. Жилийн дөрвөн улиралд энэ малынхаа буянаар амьдралаа залгуулсаар ирсэн. 2015 оны байдлаар 1855 цаа буга тоологдсон нь сүүлийн жилүүдэд цааг нядлах, идшинд хэрэглэхгүй, өсгөн үржүүлэх, сүргийн бүтцийг өөрчлөх санал санаачлагатай холбоотой өсч байгаа аж. Өнөөдрийн байдлаар цаатан өрхүүдийн амьжиргааны эх сурвалж нь засгаас олгож буй хүүхдийн мөнгө, зуны улиралдаа цааныхаа ясан эврээр сийлбэр хийж 3000-5000 мянган төгрөгөөр зарж амьдрал ахуйдаа хэрэглэж байна.
Өнөөдөр баруун, зүүн хоёр тайгад амьдарч байгаа цаатан ардуудын дунд хуучин уламжлал, зан заншил, соёлоо нарийн мэдэх хүн бараг үгүй болж шашин, зан заншлынх нь уламжлал, өвөрмөц хэв хэвшил ч дархадын соёлоос ялгарахаа больж эхэлж буй гэсэн.
Манай улсын хүн амын цөөнх болсон цаатан хүмүүсийн хэл, соёл, зан заншил, шашныг хуучин хэвээр нь хадгалан үлдээх бодит боломж нөхцөл ихээхэн хязгаарлагдмал ч болж эхэлжээ.
Тайгын цаг агаарын хүйтэн, сэрүүн уур амьсгалаас хамаарч цаатнуудын дунд өвчлөлт элбэг аж. Хамгийн түгээмэл хэлбэрийн өвчлөлт бол цусны даралт ихсэх, нүдний өвчин, үе мөч болон хоолойн ангина. Өвөл, хавар, намрын улиралд хүйтнээс хамаарч өвчлөлт ихэсдэг ч эмнэлгийн тусламж авахад хүндрэл байнга тохиолддог. Учир нь, зам 40-60 см-ын цасаар хучигддаг тул хаагддаг зэрэг байгаль цаг уурын бэрхшээлээс болдог байна.
Хөвсгөл аймгийн хувьд Цагааннуур сум бол цөөн хүн амтай, хоёр багтай, хамгийн жижиг сум. Гэсэн хэдий ч үндэстний цөөнх амьдардаг онцлогийг харгалзан үзсэн тодорхой бодлого баримталж иржээ. Жижиг сумыг хэвээр нь үлдээж явах нь сумын төсвийг батлахаас эхлээд л хүндрэл учирдаг тухай аймгийн удирдлагууд ярьж байсан.
Цаатнууд тува, монгол хэлээр ярьдаг. Сумын дунд сургуульд тува хэлтэй боловсон хүчинг бодлоготойгоор бэлтгэж байсан байна. Одоо сумын 9 жилийн дунд сургуульд нийтдээ цаатан 135 хүүхэд суралцаж буй. Мөн тус сургуульд Тувагаас мэргэжилтэн багш нарыг урьж сумын дунд сургуульд тува хэлний хичээл орж байсан. Тухайн үед цаатан хүүхдүүдэд тува хэл бичиг зааж байсан энэ уламжлал одоо алдагджээ.
Тиймээс тэд тува хэлээ зөвхөн хоорондын харилцааны түвшинд л эзэмшсэн, ялангуяа хүүхдүүд тува хэлээр энгийн хэдэн үгээс цааш мэддэггүй байна. Дунд сургуульд тува хэлийг үзэхгүй байгаа нь төрөлх хэлээ мартахад хүргэж буйд ахмад хүмүүс сэтгэл нь ихэд эмзэглэж явдаг ажээ. Хэсэг цаатан ардын төлөөлөл төр засгийн удирдлагуудад эх хэлийг нь дунд сургуулийн сурагчдад оруулдаг болгохоор хүсэлт уламжилж БСШУ-ы сайдын 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 387 тоот тушаалаар “Тува хэлний хөтөлбөр”-ийг батлуулсан байна. Гэсэн ч энэ хөтөлбөр өнөөдрийг хүртэл тус сумын сургуульд хэрэгжээгүй, зөвхөн сонгон суралцах маягаар заах. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум 2000 гаруй өрх, 9500 гаруй хүн амтай бөгөөд түүнээс 350 өрх буюу 1300 гаруйг нь уугуул иргэд тувачууд эзэлж байгаа юм. Аливаа үндэстэн, угсаатан үр хойчдоо эх хэлээ өвлүүлэн үлдээх замаар хэл, соёлоо уламжлуулдаг. Хэлний цөөнх хүүхдийн сургууль, боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж буй нутаг орондоо анги дүүргэлт харгалзахгүйгээр, эх хэлээрээ суралцах боломж бүрдүүлэх нь чухал байна. Тухайн орон нутгийн хүн амд зонхилж байгаа бүлэг эрх мэдлээ урвуулан ашиглах, чадвартай багшлах боловсон хүчнийг шударгаар ажилд шалгаруулан авахгүй, гарал угсаа, эдийн засгийн байдлаар нь ялгаварлан гадуурхах байдал ч үүсчээ.