Жулиан Ассанжийг баривчилжээ

“Викилийкс” цахим хуудсыг үүсгэн байгуулагч, дэлхийн улс орнууд дахь АНУ-ын ЭСЯ-дын тагнуулын үйл ажиллагааны мэдээллийг илчлэн олон нийтэд дэлгэсэн Жулиан Ассанч өчигдөр орой Лондон хотноо баривчлагджээ.

Жулиан Ассанж сүүлийн хэдэн жил Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны байранд хоргодож байсан юм. Харин өчигдөр Английн цагдаа нар ЭСЯ-нд нэвтэрч, баривчилгааг ЭСЯ-ны нутаг дэвсгэр дээр явуулсан аж. “Баривчилгаа ЭСЯ-ны нутаг дэвсгэр дээр явагдсан. Эквадор улс улс төрийн орогнол олгосон байсныгаа хууль бусаар гэнэт цуцаллаа. Баривчилгаа ЭСЯ-ны албан тушаалтны оролцоотой явагдсан гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Элчин сайд өөрсдөө цагдааг дуудаж, нутаг дэвсгэртээ нэвтрэхийг зөвшөөрсөн байсан” хэмээн “Викилийкс”-ийн төлөөлөгч бичсэн байна.

Олон улсын хэвлэлүүдэд Ж.Ассанжийг Эквадорын буюу орогнож байгаа улсынхаа ерөнхийлөгч Ленин Моренотой холбоотой кампромат мэдээллүүдийг олон нийтэд цацсан учир баривчлагдсан гэсэн мэдээлэл гарч байна. Мөн Эквадор улс Ж.Ассанжийг орогнуулсан ч энэ хооронд АНУ-тай нууцаар хамтран ажиллаж, үнэ хаялцуулж байсан бөгөөд гурван сая еврогоор тохиролцсон учир орогнолоо цуцалсан гэсэн мэдээлэл ч гарч байгаа юм.

"Викилийкс" цахим хуудас нь банкууд дахь дансаа хаалгаснаас болоод сүүлийн жилүүдэд биткойн болон бусад криптовалютаар хандив авч үйл ажиллагаагаа санхүүжүүлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)