Суданд төрийн эргэлт гарч, Омар Баширын засаглал уналаа

Судан улсад цэргийнхэн өчигдөр төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авчээ. Улс орныг 30 жил удирдсан Ерөнхийлөгч Омар Баширыг баривчилсан байна. Батлан хамгаалахын сайд Авад Мухаммад ибн Ауф энэ талаар мэдэгдлээ. Төрийн эрх мэдлийг цэргийнхэн хоёр жилийн дотор иргэний нийгмийнхэнд шилжүүлэх бөгөөд 2005 онд батлагдсан Үндсэн хуулийг өөрчлөх зэрэг өөрчлөлт шинэчлэлтүүдийг явуулах юм байна. Төрийн эргэлт хийснээс хойш гурван сарын хугацаанд онц байдал тогтоогоод байгаа аж.

Авад Мухаммад ибн Ауф энэхүү мэдэгдлээ ард иргэдийг хэдэн цагийн турш хүлээлгэсний эцэст үндэсний телевизийнхээ эфирээр хийсэн байна. Нийслэл Хартумын төв талбайд Омар Баширыг огцрохыг шаардаж жагссан хэдэн арван мянган хүн түүний мэдэгдлийг талархалтайгаар хүлээн авч, хөөрөн баярлажээ.

Авад Мухаммад ибн Ауф. 

2018 оны арванхоёрдугаар сараас хойш тус улсад Ерөнхийлөгч Омар Баширыг огцрохыг шаардсан жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжиж, цус асгаруулсан мөргөлдөөн үүсээд байсан юм.

Төрийн эрхийг гартаа авсан Авад Мухаммад ибн Ауф нь Суданы Батлан хамгаалахын сайдаас гадна Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Омар Баширыг авлига болон бусад гэмт хэрэгт буруутгаж байжээ.

Авад Мухаммад ибн Ауф Омар Баширыг аюулгүй газар хорьж байгаа гээд, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, цаашид ийм явдал гаргуулахгүй, нөхцөл байдлыг тогтворжуулахад бүх хүч анхаарлаа дайчлан ажиллана гэж амалжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)