Уул уурхайн салбараас хэт их хамааралтай Монгол Улсын эдийн засаг сэргэхдээ амархан. Хоёрхон жилийн өмнө Засгийн газар “Хөгжлийн банкны олон улсын зах зээлээс 2012 онд босгосон 580 сая ам.долларыг өрийг төлж чадахгүй нь” хэмээн сандралдаж, дефолт зарлахдаа тулж явлаа. Гэтэл өнгөрсөн 2018 онд Монгол Улсын төсвийн нийт орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан. Тодруулбал, төсвийн орлого 25 хувиар буюу хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн юм. Айл өрх, аж ахуйн нэгжээр төсөөлбөл жилийн 25 хувийн ашигтай ажилласан гэсэн үг. Энэ бол мэдээж амжилт. Харамсалтай нь, манай улсын эдийн засаг амархан сэргэдэг шигээ амархан уналтад ордог. Амархан уналтад оруулдаг гэмээр ч юм шиг. Учир нь, эдийн засаг жаахан сэргэж, төсвийн орлого давж биелэхтэй зэрэгцэн захиран зарцуулах, хуваарилах эрхтэй хүмүүс нь “Нэмэгдэж байгаа орлогыг хэрхэн үрэх” талаар харамгүй санаачилга гаргаж эхэлдэг.

Зурагт самбарын тайлбар Гандангийн журамт ламын өгүүлэх нь, Шавь яамны дэргэдэх Ардын намын хорооны ба Засгийн газрын төлөөлөгч түшмэл нарын илтгэснийг Ардын засгийн газраас ёсоор болгож, шавь дааж давшгүй албан татварыг гуч, дөчин түмэн лангаар хорогдуулах, шавийн шунахай нарын амыг цоожилж, хамгийн өршөөлт гэгээн засгийн энэрэх асрах нь маш гайхамшиг. Манай монголчууд үүнээс хойш энэхүү энэрэх асрахыг эрхэм болгож авбаас манай шашин эрдэнэ олон түмний сүсгээ хичээн, аж төрөх байдал лав сайнаар мандаж дэлгэрмой. Ардын намын төв хорооноос хэвлэн гаргав. Арван гуравдугаар он (1924)

Монгол хямардаг уу? Монголыг хямраадаг уу?

Төсвийн орлого нэмэгдэж эдийн засгийн өсөлт 2018 онд 6.9 хувьд хүрснээр хамгийн тогтвортой өсөлттэй 10 орны нэг болсон. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон юм шүү, уг нь. Улсын төсөв ашигтай гарсан нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт. Найман жилийн өмнөх байдлыг эргэн сануулбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч дэлхийд рекорд тогтоож байлаа. Өнгөрсөн оныхоос бараг гурав дахин их өссөн гэсэн үг. Ингэж их хэмжээгээр өссөн шалтгаан нь мөн л уул уурхайн салбарын түүхий эдийн үнэтэй холбоотой.

Харамсалтай нь тухайн үеийн эдийн засгийн их өсөлтийг ашиглаж чадаагүй. Яг өнөөдрийнх шиг сонгуулийн өмнөх жил байсан учраас өмнөх сонгуулийнхаа амлалтыг биелүүлэх зорилгоор тараагаад дуусгасан. “Хүний хөгжил” сангаас хүн бүрт нэг сая 500 мянган төгрөг олгох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгө тараасныг санаж байгаа байх. Иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг тарааж нэг сая 500 мянган төгрөгийнхөө 500 мянгыг нь өгсөн. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн сая төгрөгийг нь олгосон юм. Үлдсэн хүмүүст нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаанаас нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа олгосон. Төсвийн мөнгийг ингэж үр ашиггүй зарцуулсан учраас Монгол Улсад эдийн засгийн тэр их өсөлт ашгаа өгөөгүй. Түүнээс ч өмнө төсвийн мөнгийг ингэж л зарцуулдаг байлаа. Шинэ гэр бүл болсон хосуудад 500 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг гэх мэтээр гарынхаа салаагаар урсгадаг байв. Товчхондоо, улстөрчид улсын мөнгийг сонгуульдаа зориулан үр дүнгүй зарцуулах хэлбэрээ л өөрчилснөөс хэмжээг нь багасгасангүй. Харин ч ихэсгэсээр ирлээ. Энэ он жилүүдэд манай улсын эдийн засаг ганцхан жилийг эс тооцвол бага ч гэсэн өссөөр ирсэн гэдгийг санууштай.

“Монголчууд найман жилийн өмнөх эдийн засгийн өсөлтөөс юутай үлдсэн бэ?” гэсэн асуултад тодорхой хариулт олдохгүй. Барилгын салбар идэвхжиж нэлээд олон айл өрх ипотекийн зээлд хамрагдсан нь л хамгийн том үзүүлэлт байх. Гэхдээ 20 жилийн хугацаанд хоёр дахин нугалж төлдөг зээлд хамрагдсаныг амжилт гэхэд хэцүү. Гэвч энэ зээлийг авч чадсаныхаа төлөө баярладаг нийгэмд бид амьдарч байна.

Манай улстөрчид эдийн засгийн өсөлтөөс олсон орлогоо сонгуулийн амлалтаа биелүүлэх, дараагийнхаа сонгуульд ялалт байгуулах зорилгоор тараагаад дуусгахын оронд хуримтлал үүсгэх, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт ирээдүйд илүү үр дүнтэй байдлаар зарцуулсан бол сайн байх байлаа. Энэ бол алдаа болсон гэдгийг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.

Төсвийн орлогыг үрэх саналаа уралдуулж эхлэв

Харамсмаар, гайхмаар нь төрийн эрхийг эрх барьж буй хүмүүс өмнөх хүмүүсийнхээ алдааг давтах гээд сууж байна. Өнгөрсөн оны сүүлээр төсвийн орлого нэмэгдэж байгаа сураг сонссон УИХ-ын гишүүд 2019 оны төсвийг батлахдаа урьдын адил “Нэмэгдэж буй орлогыг хэрхэн үрэх вэ” гэсэн санаачилга гаргаж эхэлсэн юм.

Үрэлгэн санаа 1.

Хүүхдийн мөнгөний олголтыг нэмэх санаачилга

2018 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсныг 2019 онд 80 хувь болгон нэмэгдүүлсэн. Бүр 100 хувь болгох гэж зүтгэснийг нь яана. Гэхдээ энэ бол үнэндээ жижиг санаачилга. Төсвийн мөнгийг үрэх үүнээс ч том санаачилга энэ оны төсөвт суусан. Засгийн газар Монгол Улсын 2019 оны төсвийн хэмжээг нэлээд тэлсэн бөгөөд тэнцвэржүүлсэн орлогыг нь 9.6 их наяд, нийт зарлагыг нь 11.5 их наяд байхаар тооцсон.

Үрэлгэн санаа 2.

Сонгуульд зориулсан “гишүүний мөнгө”

Төсвийн орлого, зарлага нэмэгдэхийн хэрээр гишүүдийн идэвх санаачилга нэмэгддэг. Учир нь, тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт татах гэж хичээдэг юм. Зарим тохиолдолд хичээх шаардлагагүйгээр “гишүүний мөнгө” нэрээр тэнцүүхэн хуваагаад авах нь ч бий. Тэд энэ жилийн төсвийг батлахдаа энэхүү арга технологоо ашигласан. Ингэхдээ гишүүн бүрт таван тэрбум төгрөг хуваарилж, тойрогт нь хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Сонгуулийн өмнөх жил учраас 76 тойрогтоо амласан амлалтаа биелүүлэх гэж энэ шүү дээ. Үүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцсэн ч хүлээж аваагүй.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь огт тооцоогүй, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ. Маш олон жил давтагдаж буй сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 10 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсжээ. Улсын төсөв нэгэнт төлөвлөгдсөний дараа гишүүд сонгогдсон тойрогтоо зураг төсөв нь ч гараагүй барилга байгууламж нэмж байна. Тойрогтоо барилгын суурь цутгасан эсэхээр чинь бус улс орны тогтвортой ирээдүйд хандсан, иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлаар чинь иргэд та бүгдийг дүгнэнэ.

Үрэлгэн санаа 3. Хувьцаанд ногдол ашиг тараах санаачилга Төрийн өмчит “ЭрдэнэсТавантолгой” компани ашигтай ажиллаад эхлэнгүүт хувьцаа тараах тухай ярьж эхэллээ. Уг нь хувьцаа тараах бус эхлээд дэлхийн зах зээл дээр гарч илүү их ашигтай ажиллах, өөр үр ашигтай төслүүдээ санхүүжүүлэх гэх мэтэд ашгаа зарцуулах нь чухал. Иргэд ч 1072 хувьцаандаа ногдох багахан хэмжээний мөнгө авахын оронд нийгэмдээ ашигтай зүйлд зарцуулаасай гэж хүсэж байгаа.

Үрэлгэн санаа 4. Тэтгэвэр нэмэх санаачилга Төсвийн мөнгийг бэлнээр тараах, халамж хэлбэрээр тараах гээд улстөрчдөд сонголт олон. Одоогоос сарын өмнө эдийн засгийн өсөлтөөс бий болж буй төсвийн орлогыг халамж болгон хувиргах нэгэн санаачилгыг УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд гаргасан. Тодруулбал, УИХын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачилж, УИХын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан. Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзэн дээрх төслөө санаачилжээ. Энэхүү хуулийн төслийг батлан хэрэгжүүлбэл, тэтгэврийн зардал сард дунджаар нэг тэрбум 278 сая, жилд 15 тэрбум 336 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Тэтгэврийн насны иргэдээ халамжлах нь Монгол төрийн үүрэг ч гэлээ дөнгөж эдийн засаг сэргэж эхлэнгүүт ийм шийдвэр гаргах нь цагаа олоогүй алхам болно. Уг нь халамжаас илүү хуримтлал чухал гэдгийг хатан ухаант УИХ-ын гишүүд мэдэж л баймаар. Энэ мэтээр төсвийн нэмэгдэж буй орлогыг хэрхэн зарцуулах вэ гэдэгт саналаа уралдуулж эхлэх боллоо.

Өөрсдийнх нь мөнгө биш учраас хайрлаж, гамнахыг мэддэггүй улстөрчид

Улсын эдийн засаг сэргэж байгаа ч ирэх жилүүдэд “Чингис”, “Самурай”, “Хуралдай”, “Гэрэгэ” бондын өр төлбөр нэхэгдэхээс эхлээд хуримтлалтай байх шаардлага их. Монгол Улс 2021 онд “Хуралдай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 болон 600 сая ам.долларын өр төлнө. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өр төлөх юм. Монгол Улсаа хувь хүн гэж тооцвол олсныхоо хэрээр наргиж цэнгэх, бусдад авлига, өглөг барьц өгөхөөсөө илүү өрөө дарахыг чухалчлах нь ойлгомжтой. Цалингаа буусан даруйд үрж дуусгачихаад дараагийнхаа цалинг буух хүртэл бусдаас царайчилж суухыг хэн ч хүсэхгүй. Бас өртэй гэдгээ мартаад өнөөдрөөрөө амьдардаг хүн гэж байхгүй. Гэтэл улстөрчид төсвийн мөнгөнөөс ирээдүйд төлөх өрөндөө зориулж хуримтлал үүсгэхгүй, аль болох зарцуулах гэж байгаа нь хоёрхон л шалтгаантай. Нэгдүгээрт, энэ мөнгө бол өөрийнх нь биш, улсын мөнгө. “Төсвийн хөрөнгө ямар ёолох биш” гэсэн үг бий. Хоёрдугаарт, улстөрчдөд улсын ирээдүй бус УИХ-ын сонгууль л чухал. Тийм л учраас УИХ-ын гишүүд төсвийн мөнгийг өөрийн юм шиг хайрлахгүй цацаж байна. 2020 оны сонгуулиас өмнө тэд төсвийн мөнгийг хэрхэн үрэх хэдэн ч санаачилга гаргаж мэднэ.

Засгийн газар саяхан 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэсэн. 2018 оны байдлаар 50.5 хувийн хэрэгжилттэй байгаа юм.

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогын чиглэлээр нь авч үзвэл:

- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2%

- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9%

- Нийгмийн бодлого 51.1%

- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48.0%

- Засаглалын бодлого 55.4%

Дараагийн сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдээд байхад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дөнгөж 50 хувьтай байна гэдэг муу үзүүлэлт.

Тиймээс эрх баригчид 2020 оны сонгуулиас өмнөх жил гаруйн хугацаанд Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангах, дараагийнхаа сонгуульд ялахын тулд ямар санаачилга гаргаж төсвийн мөнгийг зарцуулахыг таамаглахын аргагүй. Мөн сонгуулиар тэдэнтэй өрсөлдөх улстөрчид төсвийн мөнгөөр юу хийнэ гэж сонгогчдод амлах нь бүр ч таашгүй. Товчхондоо, Монгол Улсын төсвийн орлогыг сонгуулиас сонгуулийн хооронд хоноцын сэтгэлээр ажилладаг улстөрчид ёроолгүй сав мэт гарын салаагаараа урсгасаар л байна.