Монгол Улсын 24 жилийн мөрөөдөл буюу Замын-Үүдийн чөлөөт бүс

Худалдааны чөлөөт бүсийн тухай ойлголт дэлхий дахинд 2000 гаруй жилийн өмнө бий болжээ. Тухайлбал, одоогийн Турк улсын нутаг дэвсгэрт оршиж байсан “Эфесус” боомтод худалдаачдыг найрсгаар хүлээж авдаг байсан нь тус бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг байна. Далайн боомтуудыг чөлөөт боомт болгон ашиглах туршлага хэдэн зуун жилийн өмнөөс бий болсноор барааны эргэлтийг эрчимжүүлсэн төдийгүй Хонконг, Сингапур зэрэг хот улс бий болоход нөлөөлжээ. Ийнхүү дэлхий дахинд 200 гаруй жилийн өмнө бий болсон ойлголтыг манай улс 24 жилийн өмнөөс нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн байдаг. Тодруулбал 1995 онд “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг анх баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлжээ. Улмаар Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурт чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Ийнхүү 24 жилийн өмнө цаасан дээр барьж эхэлсэн эдийн засгийн чөлөөт бүс саяхнаас л хөрсөн дээрээ буусан юм.

Гурван газарт байгуулахаар төлөвлөсөн чөлөөт бүсээс ажил нь арай урагшилж байгаа нь Замын-Үүдийнх. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байгуулах чөлөөт бүсийг 900 га газарт байгуулахаар болсон. Чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш тус газарт хашаа барьж, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, ус цэвэршүүлэх байгууламж, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг нь барьжээ. Үүнд нийтдээ 60 орчим сая ам.доллар зарцуулсан байна. Гэхдээ чөлөөт бүс байгуулна гэдэг зөвхөн дотооддоо шийдэх асуудал биш. Хил дамнан байгуулагдах учраас нөгөө талтайгаа яриа хэлэлцээ хийхээс эхлээд ажил их. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулахын тулд БНХАУ-тай урт хугацаанд яриа хэлэлцээ хийх шаардлага тулгарчээ.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын үеэр “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрийг батална

Одоогоос жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д айлчлах үеэр уг хэлэлцээрийг түргэсгэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Улмаар Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж яриа хэлэлцээгээ эрчимжүүлсэн байна. Үүний үр дүнд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл бэлэн болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард ажлын хэсгийн гишүүд БНХАУ-д очиж хэлэлцээрийн заалт бүр дээр нь хамтран ажиллаж, урьдчилсан байдлаар тохиролцон гарын үсэг зуржээ. Засгийн газар уг төслийг хэлэлцээд зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо дэмжээд байгаа юм. Хэрэв УИХ Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн төслийг дэмжвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сард БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулахаар төлөвлөжээ.

БНХАУ-тай хоёр талаасаа тус бүр 900 га газар гарган чөлөөт бүс байгуулах юм байна. БНХАУ хилийн зурвастаа тулган чөлөөт бүсээ байгуулж байгаа бол манай улс хилийн зурвасаасаа 800 орчим метрийн зайтай чөлөөт бүсээ байгуулж байгаа ажээ. Яагаад ингэж байгуулахаар болсон талаар Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар хийсэн юм. Тэрээр “Бидэнд хоёр хувилбар байсан. Нэгдүгээрт, БНХАУ-тай адилхан хилийнхээ зурваст тулгаад чөлөөт бүсээ байгуулах. Хоёрдугаарт, одоогийн энэ хувилбар. Энэ хувилбараар бол чөлөөт бүсээ хооронд нь хоолойгоор холбох юм. Яагаад хоёр дахь хувилбарыг нь сонгосон бэ гэхээр “Хилийн зурвас руугаа тулгаад байгуулахад цаг хугацааны хувьд арай эрт байна” гэж үзсэн юм. Ялангуяа ҮАБЗ-ийн ажлын албанаас удаа дараа ирүүлсэн зөвлөмж, сануулгад “Энэ бол боломжгүй шүү” гэдгийг хэлж байсан. Тиймээс эхний ээлжид хоолойгоор холбоод үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Тодорхой хугацааны дараа хилийн зурвас руугаа тулгаад үйл ажиллагаа явуулах боломжтой. Ингэж нийлүүлж үйл ажиллагаа явуулах нь аль ч талаасаа хэрэгтэй. Хамгийн наад зах нь нэмэлт зардал багасна. Манай улсын хууль тогтоомжид хил дамнасан чөлөөт бүс гэсэн нэр томьёо бий. Үүнийг ажлын хэсгийн гишүүд, ҮАБЗ-ийн ажлын алба, Гадаад харилцааны яам зөв нэр томьёо биш гэж үзээд байгаа. Тиймээс БНХАУ-ын талтай ярьж байгаад хил орчмын хамтын ажиллагааны бүс хэмээн нэрлэхээр болсон” гэлээ.

Замын-Үүдийн чөлөөт бүст үргэлжлүүлэн хийх бүтээн байгуулалтын санхүүжилтийн хувьд одоогоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээс 30 гаруй сая ам.доллар зарцуулахаар болоод байгаа юм. Ийнхүү Монгол Улсын 24 жилийн өмнө цаасан дээр барьж эхэлсэн худалдааны чөлөөт бүс бүрэн утгаараа хөрсөн дээрээ буухад ойрхон байгаа бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)