“50 тэрбумыг зарцуулах таван жилийн хугацаатай хөтөлбөрийн дараа шүдний өвчлөл 30 хувиар буурна”

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан 255 дугаар тогтоол хэрэгжиж эхэллээ. Энэ тогтоол бол “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр. Монгол Улсын хэмжээнд 18 хүртэлх насны нэг сая хүүхэд бий. Хүүхдүүдийн дунд шүд цоорлын судалгаа явуулахад аймаг, дүүргээсээ хамаарч 84-96 хувь нь шүд цоорсон өвчтэй байна гэсэн судалгааны дүн гарсан. Нэг хүүхдийн 6-8 шүд ямар нэгэн асуудалтай байна. Энэ асуудлыг тоохгүй орхивол нэг үе маань шүд цоорлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлд орно. Тиймээс энэ хөтөлбөрийг Засгийн газар баталсан юм. 18 настай залуусын дунд судалгаа хийхэд 67.5 хувь нь бүтэн шүдтэй. Өөрөөр хэлбэл 32.8 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл бус шүдтэй байна гэсэн. Шүдний өвчлөл нь зүрх судас гэх мэт олон өвчний суурь шалтгаан болдог. Тиймээс “Эрүүл хүүхэд, эрүүл шүд” үндэсний хөтөлбөр чухал ач холбогдолтой. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2-12 нас хүүхдүүдийн шүдийг улсын төсвийн санхүүжилтээр бүрэн эмчлэх зорилт тавьж байгаа. Хөтөлбөрийн хоёр дах том зорилт бол амны хөндийн эрүүл мэндийн дадлыг суулгах. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөрт нийтдээ 50 тэрбум төгрөг төсөвлөнө. 2019 оны төсөвт үүнээс 4.6 тэрбум төгрөг нь суусан. Бид төрийн болон хувийн өмчийн эмнэлгүүдтэйгээ бүрэн ойлголцож асуудлаа шийдвэрлэсэн. Нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн эмчилгээ хийнэ. Эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулан эмчилнэ. Таван жилийн дараа шүдний цоорлыг 30 хувиар бууруулах зорилт тавьсан. Нийтдээ 199 эмнэлэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Үүний 115 нь Улаанбаатар хотод бусад нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)