Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдээс бүртгэлийн хураамж болон шалгалт авахгүй шийдвэр гаргасан. Тэрээр энэхүү шийдвэрээ сэтгүүлчдэд танилцуулаа. Ингэхдээ "Зургаан настай хүүхдийг сургуульд ороход нь сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ямар нэгэн уралдаант шалгаруулалтгүйгээр элсүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс энэ тухай тушаал гаргасан. Ингэхгүй бол сургуулиуд зургаан настай хүүхдүүдийг бүртгэхдээ төлбөр авдаг байсан. Ялангуяа хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид элсэлт авахдаа бүртгэлийн хураамж гэж 5-50 мянган төгрөгийн хураамж авч, тухайн хүүхдүүдийнхээ дунд уралдаант шалгалт явуулж цөөхөн хэдхэн хүүхэд сонгож авдаг. Энэ нь нэг талаараа бизнес болчихсон. Зарим сургууль хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй байсан юм. Яахаараа 50-60 хүүхэд авахын тулд 1000 хүүхэд бүртгэх ёстой юм. Хоёрдугаарт, цэцэрлэгээс сургуульд орох гэж байгаа дөнгөж зургаан настай хүүхдүүд юугаа шалгуулах ёстой юм бэ.

Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан" гэлээ. Хичээлийн шинэ жил эхлэх үед зургаан нас хүрээгүй байсан ч тухайн ондоо зургаан нас хүрэх хүүхдийг нэгдүгээр ангид авах юм байна.