Мөнгөн усны хэрэглээ Монгол төдийгүй дэлхийн зарим орны тулгамдсан асуудал болжээ

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран “Бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Гар аргаар болон бичил уурхайн хэлбэрээр алт олборлохдоо мөнгөн ус хэрэглэн байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах нь Монгол Улсад төдийгүй дэлхийн зарим улс орнуудад тулгамдаж буй асуудлын нэг болжээ. Тиймээс Буркино Фасо, Колумб, Гаяана, Индонейз, Кени, Монгол, Перу, Филиппин гэсэн найман оронд уг төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм байна.

Монгол Улс 1990-ээд оны эхэн үеэс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж өмч хувьчлал, эдийн засгийн хүндрэл зэргээс үүдэлтэй ажилгүйдлийн тоо нэмэгдэж иргэд байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж орлого олж амьдралаа залгуулах нөхцөл байдал бий болж эхэлсэн. 1994 оноос Засгийн газраас “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавьсантай зэрэгцэн алтны уурхайн ашиглалтын талбай, технологийн хаягдлаас гар аргаар хууль бусаар алт олборлох зохицуулалтгүй үйл ажиллагаа явагдах болсон. Мөн 1999-2002 онуудад жил дараалан тохиосон зудын нөлөөгөөр олон тооны мал сүрэг хорогдож амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчин иргэд орлого олох зорилгоор гар аргаар алт олборлож эхэлсэн. Ингэхдээ хууль бусаар мөнгөн ус хэрэглэх, газрыг их хэмжээгээр ухаж, эвдэж нөхөн сэргээлт хийхгүй орхих зэргээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)