Монгол бол дотогшоо урсгалтай гол

Гол мөрөнд усан солилцоо гэдэг их чухал зүйл бий. Энэ нь аливаа нэгэн гол өөр ундаргаас эх авч урсаад нөгөөд цутгаж, түүнийг тэтгэхийг хэлж буй хэрэг. Гол зөвхөн дотогшоо цутгадаг байж болохгүй. Тэгвэл хог болон бусад зүйлсээр дүүрч, цэнгэг байдлаа алдана. Тэглээ гээд дандаа гадагш цутгаад байж болохгүй. Урсац багасах, ширгэх эрсдэлтэй. Тиймээс гол мөрөн өөр нэгэн гол руу цутгаж, бас өөр нэгнээс эх авч харилцан солилцдог. Байгаль ийнхүү өгөх, авахын зохилдлыг бүтээжээ. Үүнийг хүний нийгэмд, бас эдийн засагт хөрвүүлэн “гадаад худалдаа” гэж нэрлэе. Тэгвэл энэ солилцоонд манай улс зөвхөн дотогшоо урсгалтай гол аж. Энэ тухай дор сийрүүлье. 

Манай улсын гадаад худалдааны түүх зөвхөн ОХУ-тай холбогддог байсан цаг ард үлдэж, өдгөө 150 гаруй улсыг хамарч байна. Гэвч тэдгээр улстай худалдаа хийхдээ бараа бүтээгдэхүүнээ гаргах биш, тухайн улсуудаас авах нь их юм. Өөрөөр хэлбэл, импортын 86 хувийг урд хөрш дангаараа бүрдүүлж байна. Мөн гадаад худалдааны орлогын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Тухайлбал, өмнөх оны экспортын орлого түүхэндээ анх удаа долоон тэрбум ам.долларт хүрсэн ч үүнийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн хийгээд өмнөд хөршөөс экспортын хувьд хараат байгаа нь манай гадаад худалдаа эрсдэлд буйг харуулж байгаа юм. Уг нь манай улс 66 сая мал тоолуулсан. Дэлхийд мал аж ахуйн орон гэдгээрээ хэзээнээс танигдсан. Дэлхийн ноолуурын хэрэглээ ойролцоогоор 20 мянган тонн. Өнгөрсөн онд гэхэд манай улс үүний 47 хувийг нь хангасан. Гэхдээ боловсруулах хүчин чадал байхгүйн улмаас ноолуураа түүхийгээр нь БНХАУ руу гаргажээ. Харин түүнийг нэмүү өртөг шингээгээд гаргасан бол хэд дахин илүү ашиг олох байлаа. Мөн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180, арьс шир боловсруулах 35 үйлдвэр байдаг. Манай улс жилд 14 сая ширхэг арьс бэлтгэдэг гэсэн статистик бий. Түүнчлэн 3000 нэр төрлийн эмийн ургамалтай улс. Гэтэл эдгээр боломжийг бүрэн байтугай 10 хувийг нь ч ашиглаж чадахгүй байгаа болохоор ийм эмзэг эдийн засагтай, гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа юм. Өнөөдөр уул уурхайгаас бусад бүтээгдэхүүний хувьд арьсан болон ноос ноолууран, сүлжмэл бүтээгдэхүүнийг экспортод түлхүү гаргадаг. Энэ төрлийн бүтээгдэхүүний тухайд манай улс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвар ногдуулдаггүй тул хамгийн ихийг экспортолдог. Өнөөдөр Японы нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний импортод 12.8 тэрбум ам.доллар эргэлддэг байна. Хамгийн том импортлогчоор нь Хятад, Вьетнам, Бангладеш ордог бол манай улс 36 дугаарт байрт жагсаж, 4.4 сая ам.доллараар экспорт хэмжигддэг аж. Тэгвэл Японд импортолдог арьсан бүтээгдэхүүний өртөг 6.7 тэрбум ам.доллар байдаг. Тус улсын импортод манай улс 113 дугаар байрт жагсаж байна. Ингэснээр Японы импортод манай улс нийт 32 сая ам.долларын байр суурьтай. Тэгвэл татвар нь хэвийн үйлчилдэг АНУ-ын импортод 9.6 сая ам.доллар, Канадынхад 1.9 сая ам.долларын орон зайтай. Одоогоор АНУ-ын зах зээлд манай улс ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гаргахаас гадна гоо сайхны бүтээгдэхүүн экспортолж эхэлсэн. Тэр бүү хэл хүнсний салбарт чацарганатай ааруул, айраг гаргаж буй. Тус улс нь манай улсын 100 хувь малын гаралтай бүтээгдэхүүнийг импортын хар жагсаалтдаа оруулан, хориглодог. Харин ааруулыг чацаргана, аньс, нэрстэй хольж найрлагад өөрчлөлт оруулж, “100 хувь” гэдэг ангиллаас нь гаргаснаар экспортлох боломж нээгдсэн байна. Мөн айргийг ликёрын төрлийн бүтээгдэхүүнд хамааруулж, татвар өндөр ногдуулдаг байсан тул исгэдэг, химийн найрлагагүй гэдэг чанарыг нь тодорхойлж чадсанаар бага татвар ногдуулан импортолж байгаа юм байна. Одоогоос гурван сарын өмнөөс эхлэн манай улс айргаа АНУ руу экспортолсон бөгөөд нийт 1.4 тонныг гаргажээ.

- Нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварт Канад 17-18 хувь, АНУ 10-18 хувийг авдаг.

- Арьсан бүтээгдэхүүнд АНУ 2.4-20, Канад 0-15 хувийн гаалийн татвар авдаг.

- Гоо сайхны бүтээгдэхүүнд Канад 0-6.5, АНУ 0.5.8 хувийн татвартай.

Мэр сэр иймэрхүү сайн туршлага байгаа хэдий ч эдийн засагт түлхэц өгөх нь бага. Тиймээс гаднын зах зээлд гарахад юу саад учруулаад байна вэ гэдэгт хариулт эрье. Их энгийн хариулттай. Өнөөх л газар нутгийн байрлалаас шалтгаалаад гадаад зах зээл рүү гарах хилийн боомт цөөн, гадаад худалдаанд шаардлагатай бичиг баримтын тоо олон, тэдгээрийг олгох эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо сул, дэд бүтцийн хөгжил тааруу, ачаа барааг хянаж шалгах систем бүрэн хөгжөөгүйтэй холбоотой. Үүнийг задлан үзвэл, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гарахад, дотоод зах зээлд тээвэрлэлт, гаалийн татвар, бичиг баримт, хил гаалийн асуудал бэрхшээлтэй байдаг бол гадаад зах зээлд мөн л гаалийн татвар, тухайн улсын хорио цээр, транзит тээвэр чухал нөлөөтэй байдаг байна. 

Эдийн засагч Д.Адъяасүрэн Манай улсад бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад 11 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 168 цаг зарцуулдаг бол импортод 12 төрлийн бичиг баримт шаардаж, 115 цаг зарцуулдаг байна. Энэ нь экспортын худалдаанд саад учруулж экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, экспортын худалдааг өргөжүүлэх боломжийг хязгаарладаг.

МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа Дэлхийн банкнаас гаргасан “Doing business index” судалгаагаар 2018 онд Монгол Улс 160 орноос хил дамнасан худалдааны үзүүлэлтээр 110 дугаар байрт орсон. Мөн Дэлхийн банкнаас гаргадаг тээврийн бүтцийн логистикийн индексээрээ 130 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Дотоод статистик мэдээллээс экспорт хийхэд хил дотор, хил дээр, хилийн цаана үүсэж байгаа асуудлуудыг авч үзэхээр 60 гаруй хувь нь хилийн дотор байдаг тухай дурдсан.

“Экспорт олон улсын худалдааны төв”-ийн захирал Д.Оюунбилэг Монгол Улс экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа бол төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөрийг, гадаад зах зээлтэй нь холбох нэгдсэн сүлжээ байгууллага хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг сувгаар экспортоо нэмэгдүүлэх боломжтой.

Түүнчлэн манай улс худалдааны нэгдсэн бодлогогүй, бодлого боловсруулалт, хэрэгжилтийг хариуцсан газар байдаггүй нь экспортыг бүхэлд нь “чөдөрлөдөг”. Дэлхийн 205 улсын 195 нь худалдааны яамтай аж. Үүнээс гадаад худалдаа сайн хөгжсөн улсуудын дийлэнх нь буюу 25 хувь нь гадаад худалдааг дангаар нь хариуцдаг тусгай яамтай. Харин манай улсад гадаад худалдааг дангаар нь хариуцдаг яам байдаггүй. Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар нь эл бодлогыг хариуцдаг. Экспортын чиглэлд төрийн зүгээс 2007 оноос хойш гадаад худалдааг дэмжих Засгийн газрын зургаан хөтөлбөр боловсруулж, Худалдааны хууль баталсан ч үр дүнгүй байна. Сүүлийн жилүүдэд ч тодорхой хийсэн, чиглэсэн бодлого алга. “Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ” гэх мэт ерөнхий зүйл ярихаас, нарийвчилсан, ядаж цаасан дээр буусан ч зүйл мөн л байдаггүй. Тиймээс экспорт төрөлжөөгүй, өнөөх л амны уншлага болсон дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнийн савлагааг даган донсолсоор байна. Наанадаж, олон улсын худалдаа ихэвчлэн ам.доллараар хийгддэг тул ханшийн өсөлт, бууралт нь улс орнуудын өрсөлдөх чадварт чухал. Ингээд л гадаад худалдааны нөхцөл байдал ийм байгаа учраас манай улсад ам.долларын ханш жолоогүй өсөж, төгрөгийн ханш сулраад буй юм. Өнгөрсөн онд гэхэд ам.долларын ханшийн график зогсолтгүй өссөөр 2600 төгрөг давсан. Гадаад худалдааг дэмжье гэвэл энэ талаарх бодлогоо тодорхой болгож, цаасан дээр бус амьдралд хэрэгжүүлэх ёстой. Эс тэгвэл бид урагшлахгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)