Биеийн тамирын багш, дасгалжуулагчдын зөвлөгөөн болжээ

Биеийн тамирын багш, дасгалжуулагчдын “Бие бялдрын боловсрол – Олимпизм – Хүүхдийн спорт” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөн болжээ. Тус зөвлөгөөнд манай улсын биеийн тамир, спортын төрийн захиргааны төв байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар ба  аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар болон Боловсролын газар, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Үндэсний Олимпийн Академи, спортын холбоод, их, дээд сургууль, төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль ба ерөнхий боловсролын сургууль, спортын клубуудын удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, эрдэмтэн, судлаач 100 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Зөвлөгөөнд оролцогчдоос сурагчдын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн төвшинг дээшлүүлэх ба тэдний дунд зохион байгуулах биеийн тамирын боловсрол, бие бялдрын хүмүүжлийн ажил болон олимпийн боловсрол олгох тогтолцоог боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, оролцоог дээшлүүлэх, хүүхдийн биеийн тамир, спортын эрчимтэй хөгжил, төгөлдөршлийг хангахад зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудтай холбоотой зөвлөмжийг батлан гаргажээ.

Монгол улсын биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний хөгжил улам бүр эрчимжихийн зэрэгцээ эдгээр хөдөлгөөний зорилго, зорилт, агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тавигдах болсон. Ялангуяа өсвөр үеийн бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, тэдэнд олимпийн соёл, үнэт зүйл ба олимпийн боловсрол хүмүүжлийг эзэмшүүлэх асуудал чухал ач холбогдолтой болж байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)