Нэг километр замд 36 ТҮЦ

Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт” цуврал  сурвалжилгаа  уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад бид 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлаас "Алтан төгрөг" үйлчилгээний төв хүртэлх нэг км замд хэчнээн ТҮЦ байгааг сурвалжиллаа.  Бидний сонгосон нэг км замд 36 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байлаа. Ингэхдээ ТҮЦ-үүд автобусны буудал дээр голчлон байрласан байх бөгөөд "Өргөө" кино театрын урд талын автобусны буудал дээр сонин борлуулж, зар хүлээн авах, автобусны ухаалаг карт цэнэглэх, гутал засвар болон хүнсний худалдаа чиглэлээр худалдаа эрхэлдэг гээд нийтдээ 13 ТҮЦ хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж байх аж.

Түргэн үйлчилгээний цэг буюу бидний хэлж заншсанаар ТҮЦ нь 1990-ээд оны эхээр хүнсний жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар бий болжээ. ТҮЦ буюу жижиглэн худалдааны мухлаг өнөөдрийг хүртэл маргаантай сэдэв байсаар байгаа юм. Учир нь нийслэл хот өнгө нэмэн өөрчлөгдөхийн хэрээр тэд иргэдийн хэрэгцээ, шаардлагаас шахагдан хотын өнгө үзэмжийг гутаан, хүнсний чанаргүй бүтээгдэхүүн худалдан ойр орчимдоо хог хаягдлын уул уурхай болж байна хэмээн шүүмжлүүлэх болсон.

1990-ээд оноос 2014 он хүртэл ТҮЦ-үүдэд тавих шаардлага тодорхойгүй, түүгээр борлуулах бүтээгдэхүүнийг нарийвчлан зааж өгөөгүй байв. Харин 2014 оны намар Нийслэлийн Засаг дарга ТҮЦ-ийн журмыг НИТХ-аар батлуулан өнгө үзэмж, үйл ажиллагаанд нь тодорхой шаардлагууд тавих болжээ. Ингэснээр нийслэлд нэгэн жигд бор шаргал ТҮЦ-үүд автобусны буудлууд дээр тавигдах болсон.

Гэхдээ өдгөө иргэд тэр бүр орой үдшийн цагаар ТҮЦ зорин ойр зуурын хэрэглээний зүйлээ сонгон авах нь эрс багассан гэж хэлж болно. Учир нь нийслэлд “CU”, “Circle K”, “M Mart” зэрэг 24 цагаар иргэдэд үйлчилдэг олон улсын болон дотоодын хүнсний сүлжээ дэлгүүр, түргэн хоолны газрууд олноороо бий болсон учраас иргэд 00-ын цаас, ундаа авахаар ТҮЦ орохоо больсон ажээ. Харин эсрэгээрээ эдгээр сүлжээ дэлгүүрүүдэд борлуулдаггүй тамхи ширхэглэн авахын тулд ТҮЦ-ийг зорин очдог гэнэ. Тамхины хяналтын тухай хуулиар сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон. Тэр ч утгаараа нийслэлд тамхи борлуулж болох газар тоотой хэдхэн учраас л ТҮЦ эрхлэгчид хууль бусаар тамхи борлуулсан хэвээрээ байгаа юм.

Тиймээс бид сурвалжилгынхаа хүрээнд Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансараас ТҮЦ-ийн үйлчилгээ, одоо мөрдөгдөж байгаа журам болон цаашид хэрхэн ажиллуулах тодрууллаа.

-Баянгол дүүргийн хэмжээнд хэчнээн ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна?

-ТҮЦ гэдэг бол нийтийн эзэмшлийн зам талбайд түр байршуулах обьект юм. Хэрвээ газар доогуур дулааны шугам сүлжээний ажил явагдах болон тохижилтын ажил хийгдэх бол кранаар өргөөд явдаг суурь цутгаагүй обьектыг л ТҮЦ гэж нэрлэж байгаа.

Хуучин ТҮЦ гэж модон цэг байдаг байсан. Тэр нь ямар ч эрх зүйн чадамжгүй, бичиг баримтгүй байсныг 2014 онд ТҮЦ-ийн журам боловсруулж НИТХ-ын 56 дугаар тогтоолоор батлуулж, энэ үйлчилгээг журамласан. Уг журамд ТҮЦ гаднах  өнгө үзэмж хотын өнгө аяст таарсан байна, үйл ажиллагаа явуулахдаа тухайн дүүрэгтэйгээ гэрээ байгуулна гээд заасан. Түүнийг дагаад нийслэлийн 6 дүүрэгт хэчнээн ТҮЦ байхыг баталж өгсөн. Манай дүүрэгт 92 цэг байна гэж баталсан.

-Тухайн дүүрэгт хэчнээн ТҮЦ үйл ажиллагаа явуулахыг хэрхэн журамласан байдаг вэ?

-Тухайн үед уг журам гарч байхад байсан автобусны буудлууд дээрх хуучин ТҮЦ-ийн тоогоор баталсан.

-Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийн асуудлууд их яригддаг?

-Тийм ээ. Бид 2014 онд журмын дагуу хуучин ТҮЦ-үүдийн өнгө үзэмжийг сайжруулаад гадна талыг нь засаж бүрэн солин хуучин байршил дээр нь тавиулсан. ТҮЦ-ийн журам ТҮЦ ажиллуулж байгаа хүмүүстээ эерэг эрх зүйн зохицуулах  баримт бичиг болж гарсан хэдий ч нөгөө талаар иргэдэд ТҮЦ-ийн журам гэдэг нь иргэдийг ажлын байраар хангах журам гарлаа гэж ойлгон иргэд дүүрэг дээр ТҮЦ ажиллуулъя гээд хүсэлт бариад ирсэн. Манай дүүрэг дээр гэхэд л 400-500 иргэн хүсэлтээ ирүүлэн бид түүнээс зөвхөн 92-т нь зөвшөөрөл олгоод дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан. Гэсэн хэдий ч зөвшөөрөлгүй ТҮЦ-үүд борооны дараах мөөг шиг олширсон. Үүнийг хэрхэн цэгцлэх тухай яригдаж байтал Францын хөрөнгө оруулалтаар шинэ шилэн автобусны буудлууд ашиглалтад орсон. Манай дүүрэг дээр 23 автобусны буудал энэ стандартаар шинэчлэгдсэн. Үүнтэй уялдаад автобусны буудлуудаас ТҮЦ-ийг нүүлгэн шинэ автобусны буудлуудыг орчныг нь бүрдүүлэн иргэдэд ая тухтай үйлчлэх газар болгон өөрчилсөн.

ТҮЦ-ийн журам 2016 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын албан тоот ирж тэр нь НИТХ-ын 56 дугаар тогтоол хүчингүй болсон учраас тухайн дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах эрх олгохгүй гэсэн. Түүний дагуу дахин ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл олгоогүй. ТҮЦ-ийн журам гэж гарахад хуучин үйл ажиллагаа явуулж байсан иргэд надад зөвшөөрөл өглөө гээд хөрөнгө оруулалт хийсэн учраас тэдгээр иргэд удаа дараа зөвшөөрлөө авъя гээд гомдол, саналаа гаргаад явдаг. Түүний хажуугаар зөвшөөрөлгүй ТҮЦ хангалттай их бий болсон. Одоогоор манай дүүргийн нутагт дэвсгэрт 200 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ТҮЦ-үүдэд бид зөвшөөрөл өгөх боломжгүй, ачилтууд хийж газрыг нь чөлөөлж байгаа.

Таны ярьж байгаа хорооллын эцсийн ТҮЦ-үүдийг өнгөрсөн хугацаанд бид 3 удаа чөлөөлсөн. "Өргөө" кино театрын урт талын хэсгийг 4 удаа бүрэн чөлөөлсөн. Гандангийн арын 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол гээд олон хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудаас ТҮЦ-үүдийг удаа дараа чөлөөлдөг. Өнгөрсөн жил гэхэд л "Хархорин" захын урд талын хэсэгт байрладаг байсан суурь цутгаад барьсан байсан нийтдээ 16 ТҮЦ-ийг бүрэн буулган газрыг нь чөлөөлж, төрийн мэдэлд газрыг нь хашаалаад авсан байгаа.

Чөлөөлсөн ТҮЦ-үүдийг нийслэлийн газрын албаны хашаанд хийж байгаа. Гэтэл иргэд өөр дүүргээс ТҮЦ авчран хуучин суурин дээрээ дахин байршуулаад ажилладаг. Энэ бүхэнд хариуцлага тооцох нь хүндрэлтэй. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна.

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нийслэлийн газрын албанд мэдэгдэн хөрөнгө мөнгийг нь шийдэн дүүргийн газрын алба албадан газрыг нь чөлөөлдөг.  Тэр зардал нь одоогоор хэрэлцэхгүй байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр газар чөлөөлөлт нэлээд хийгдсэн тухайн жилийн төсөв хөрөнгө дууссан. Өнөөдрийн байдлаар гэхэд л манай албанаас хэд хэдэн ТҮЦ-ийн газрыг чөлөөлж өгөөч гээд дүүргийнхээ газрын албанд албан тоотоо явуулсан одоогийн байдлаар ачаагүй байна. Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга дээр ТҮЦ, ил задгай худалдааны асуудлаар хэлэлцүүлэг хийгээд орж ирлээ. Удахгүй энэ асуудал шийдэгдэнэ гэж байна. ТҮЦ ажиллуулснаар иргэдийн эрүүл тайван орчинд амьдрах нөхцөл их алдагдаж байгаа. Иргэдээс энэ тал дээр ч их гомдол ирдэг. ТҮЦ-ийн орчин тойрон нь бохир заваан, дотроо зориулалтын бие засах газар, угаалтуур байхгүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчигддөг гээд асуудал их бий. 

Өвлийн улиралд зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэхээр цахилгааныг нь хязгаарладаг ч тэд өөр үүсгүүрээр ажилладаг тень тавин нарны энергиэр ажилладаг гэрэл байрлуулан ажилладаг гээд хүндрэл их гардаг гэнэ.

-Төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогүй ажил дээрээс нь ашиг сонирхлын зөрчлөөс болоод нийслэлд маш олон ТҮЦ-тэй болсон-

Түүнчлэн бид Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Д.Тогтмаатай ярилцлаа.

-ТҮЦ эрхлэгчдийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулахгүй юу?

-Төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогүй ажил дээрээс нь ашиг сонирхлын зөрчлөөс болоод нийслэлд маш олон ТҮЦ-тэй болсон. Учир нь Э.Бат-Үүл 2014 онд хотын дарга болоод тендер зарлан Киг гэдэг компани эрх аван автобусны буудал бүр дээр 2 ТҮЦ-тэй болгоно гэж хэлээд тэр компанийн ТҮЦ-үүдийг 8.2-25 сая төгрөгөөр шахсан. Иргэд худалдан аваад үйл ажиллагаа явуулж байтал хотын дарга солигдон ТҮЦ-үүдийг бүгдийн хураан АТГ-т өгөөд Киг компанийн захирал Д.Мөнхбатыг шүүхэд өгч, тэрээр өдгөө Ганц худагт хоригдож байгаа. Киг компаниас ТҮЦ худалдан авахаар мөнгөө өгөөд хохирсон асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байна. 2015 оны арванхоёрдугаар сард дүүрэг харгалзахгүй ТҮЦ-үүдийг ачсан. Энэ үеэс эхлэн бид нэгдэн тэмцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 590 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн А863 захирамжийн хоёрдугаар хавсралтын нэг дэх заалтын холбогдох хэсгийн биелэлтийг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэх хугацаа түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэ хариу өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Мөн ТҮЦ-тэй холбоотой  асуудлаар бид төрийн бүх шатны байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандсан. 2017 оны тавдугаар сарын 2-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахад дагаж мөрдөх журмыг батлах эрхийг  хуулиар НИТХ-д олгоогүй, мөн журмын хэд хэдэн заалт ТҮЦ-ний үйл ажиллагаа эрхлэгчдэд хэтэрхий чирэгдэл учруулсан зохицуулалт тусгагдсан гэж үзэж, НИТХ-ын2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн журам батлах тухай 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгох дүгнэлтийг хүргүүлсэн байдаг.

Дээрээс нь Худалдааны хууль батлагдах гээд Засгийн газарт өргөн баригдсан байгаа. Худалдааны хуулийг эцэслэн батлах хүртэл ТҮЦ-ийг ямар нэгэн байдлаар ачихгүй гэсэн хүсэлтийг төрийн захиргааны байгууллагуудад тавьж байгаа. Төрийн байгууллагын үйл ажиллагаа хэзээ жигдэрнэ тэр цагт бид хуулийг дагахад бэлэн байгаа. Ганцхан төрийн байгууллага өөрсдөө дотоод үйл ажиллагаагаа зохицуулж чадахгүйгээсээ болоод нийслэлийн өнгө төрх хот тохижилтод олон ТҮЦ байх нь зохимжгүй. Дээрээс нь ТҮЦ эрхлэгчдэд нэг дор зэрэгцээд олон ТҮЦ байх нь тэдний орлого, ашигт нөлөөлж байгаа учраас аль аль тал нь дургүй байгаа. Үүнд төрийн зохицуулалт л дутаж байна.

Өнөөдөр дахиад ТҮЦ-үүдийг ачна гэсэн. Түдгэлзүүлсэн захирамж гарчихаад байхад ачаад байгаа учраас бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн. Тус албаны хурандаа Ж.Наранбаатарын гарын үсэгтэй Нийслэлийн Засаг даргад хамтран ажилла, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүл, ТҮЦ ачих асуудлаа зогсоо  гэчихээд энэ хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байхад дахин ТҮЦ-ний ачилга болоод байна. Иргэдийг  хуулиа хэрэгжүүл  гээд өөрсдөө хуулиа зөрчөөд байдаг. Мөн тэд газрын зөрчил арилгаж байна гэж хэлээд байгаа ТҮЦ-ийг нүүлгэж байгаа ч нөгөө байрлал дээрээ “U Money” смарт картын ТҮЦ-ийг авчирч байрлуулсан. Түүнийг нь ТҮЦ эрхлэгчид авахгүй болохоор өөрсдийнхөө ажилчид болон нийслэлийн ажилчдад ТҮЦ тараагаад байгаа. Энэ тухай би смарт картын ТҮЦ хариуцсан удирдагчаас бичиг авч нийслэл рүү өгөхөөр хандахад тэрээр надад өөрсдийнхөө ТҮЦ хуваарилсан бичгээ андуурч өгсөн. Түүнд, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн үүдэнд байгаа ТҮЦ-ийг н.Оюун даргад, Москва рестораны үүдэнд байгаа ТҮЦ-ийг өөрийнхөө туслахад өгнө гээд бичсэн байсан.  Үүнийг би АТГ-т өгч шалгуулна.

-ТҮЦ иргэдийн хэрэглээнээс шахагдан уртасгасан цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүд олноороо бий болж байгаа учраас үйл ажиллагаа нь хумигдаж байгаа болохоор цэгцлэх хэрэгтэй гэж яригдаад байгаа. Автобусны буудлуудын өнгө үзэмжийг алдагдуулан хууль бусаар тамхи ширхэглэн худалдаалдаг гээд. Энэ тал дээр та нар ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид нийслэлийн өнгө төрхийн асуудал яригддаг учраас ТҮЦ-ийг өөрчилье гэж хүсэлт гаргасан. Үүний оронд сүлжээ дэлгүүр байгуулаад тэр сүлжээ дэлгүүрт буудал дээр байгаа 2-3 ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр олгоод лангууг нь олгоод өг гэдэг хүсэлт тавихаар та нарт бид өөр газар ажлын байр олгоё гэдэг. Тэр газар нь Туул тосгон, Эмээлт зэрэг алслагдсан хороод байдаг. Гарын дор ямар нэгэн зүйл худалдан авахдаа супермаркетад очиж дугаарлан зогсохгүйгээр мөнгөө өгөөд ТҮЦ-нээс авахад илүү амар. Тамхи ширхэглэн зардаг нь ТҮЦ эрхлэгчдийн өөрсдийнх нь буруу. Байрлалын тухайд дэлхийн аль ч оронд ТҮЦ байдаг. Хэрвээ нүүрэн талд автобусны буудал дээр байж болохгүй бол орон сууц дунд үйлчлүүлэгчдэд ойртуулан нэг байрны буланд тухайн хотхоны өнгө төрхтэй нийлүүлэн  стандарт шаардлага тавин хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэл ямар ч хүн  би хотын төвд амбаар тавья гэхгүй. Гол нь бидэнд ажлын байрны баталгаа гаргаж өгөөч л гэж байгаа. Өнөөдөр нэг мөнгөтэй хүн 10-56 ТҮЦ худалдаж аваад түүнийгээ түрээсэлдэг. Төрийн албан хаагч, цагдаа нар нийт ТҮЦ эрхлэгчдийн 3/1-хувийг эзэлдэг.

Нэгэнт иргэдийн хэрэгцээнээс шахагдан нийслэлийн өнгө үзэмжид таатай бус уур амьсгалыг бүрдүүлэн бизнес нь хумигдан байгаа ТҮЦ-үүдийг яагаад бүгдийг нь буулган цэгцэлж, иргэдээ тохь тухтай орчинд ажиллаж, амьдарч нөхцөлөөр хангаж болохгүй гэж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Irgediin amijirgaa deeshleed uls oron hugjuud irehiin tsagt aandaa l alga bolno ternees hucheer temtseed hereggui ee

    0 0 Хариу бичих
  2. багшийн дээдийн явган хүний зам дээрх түц нүүдийг буулгаач ээ явган явах арга алга

    0 0 Хариу бичих
  3. түц сүүлийн жилүүдэд хэтэрлээ бүгдийг нь ав супермаркетууд олон болсон

    0 0 Хариу бичих
  4. Монголд юу өөрчлөгдөж дэвшээд байгаа юм бэ нүдэнд харагдсанаараа ТҮЦ муухай харагдаж байгаа байх тэгэвэл ядуурал хурдацтай явж байгаа муухай биш гэж үү

    0 0 Хариу бичих
  5. Tutcnii urgun ni yavgan hunii zamiin urgunii yadaj 50% aas ihgui urt ni urgunusuu heden huvi iluu urt ch gedeg yumuu? standart togoohgui bol yavgan hunii zamiin 70-80%d haagaad ambaar tavichiuh aar chini yavah zamgui bolno bizdee

    0 0 Хариу бичих
  6. MAH zasag barihaar l lalarin TUTS ihesdgin.

    0 0 Хариу бичих
  7. Хүнээс хулгай хийсэнгүй, эдгээр иргэд амьдралаа залгуулж, өөрсдөдөө ажлын байр бий болгож байна. Яваандаа улам л сайжрах бизээ. Хааж хавчаад ямар ч хэрэггүй.

    0 0 Хариу бичих
    • зуслангийн шовгор байшин шиг одоо хажууд нь модон жорлонгийн зөвшөөрөл дагалдуулмаар дөө бүүр амар. Түц болгон жорлонтой. Жорлон 50 төг. Түц тойроод нуль шээс ханхалдаг, дотор нь ч ялгаагүй дээ. сандал тавиад халаасан бууз хушуур салат ч зарж сууж идээд яагаад болохгүй гэж. Шөнө нь шаг зарчихна, бэлгэвч. Ойртуулж бэлдэж өгөөд л. Дэлгүүр сүпэрмаркетуудыг хаах хэрэгтэй.

      0 0
  8. Түц ч бүүр тоогоо алдлаа хотын ерөнхий манажер гэж нөхөр худлаа ярихаас цаашгүй ажил хийдэг хүн бмаар бна өнөөдөр ямарч техникийн шаардлага хангахгүй салж унах шахсан хар утаа нь зааландаа суунагласан микронууд хүн зөөсөөр л бна хүний амь үнэгүй болцон юмуу Монголд

    1 0 Хариу бичих
  9. 10 р хороололын замын урд автобусны зогсоол дээр л гэхэд 11 ТҮЦ бна. ойр орчим нь нус цэр шүлсээр дүүрэн, тамхины иш хэдэн зуун мянгаараа хог болон буудлыг бохирдуулж бхад дүүргээс арга хэмжээ авахгүй ѳдий болж бна.тэгсэн мѳртлѳѳ цэвэр хот гэж ширээний араас яриад сууж бгаа НѲХДҮҮД ажлаа ѳѳдтэй хиймээр юм.

    2 0 Хариу бичих
    • 10-р хорооллын тэр олон ТҮЦ үүдийг бүгдийг адилхан буулга. Нэгийг нь байлгахаар бусад нь барьцаад байшин авчирч тавьчихаад тэр хавийн нус, цэр, шээс нь дийлдэхээ байлаа, ЯВГАН ХҮНИЙ ЗАМААРАА ЧӨЛӨӨТЭЙ АЛХМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ

      0 0
  10. хороолол гээд тэр олон дэлгүүр лангууны орлого буураад, сая төгрөгийн түрээс л гэхэд 200-300 мянга болсон шдээ. Дэлгүүр нэмэгдээд орлого ашиг буураад байхад баахан дүрвэгсэдийн майхан худалдаа хуаран хөглөрөөд. Нэг км-т төдөн ийм тийм үйлчилгээ ажиллана илүү байвал орлого нь хангалтгүй болж буурна гэсэн судалгаа стандарт байна уу? Баахан түцний зөвшөөрөл лиценз зарж баяжих гэсэн ганц даргын бизнес уу?

    0 0 Хариу бичих
  11. Монголын бүх суурин газрын гудамж ТҮЦ-ээр зогсохгүй ялангуяа Эмийн сан, хүнсний дэлгүүр битүү. Том сүлжээ дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, ресторанд хүртэл мөрддөг стандарт байхгүй. Хамгийн наад захын жишээ машины зогсоолгүй байж үйл ажиллагаа явуулна. МХЕГазар ашиг сонирхолын үүднээс зөвшөөрөл өгөөд л сууж байдаг.

    1 0 Хариу бичих
  12. Aмьдарал сайжирч нийгэм соёлжоод ирвэл аяндаа алга болно.

    0 0 Хариу бичих
  13. Buulgasan n deeree, odoo er n manaihan ene chang-iin setgelgeeneesee salah tsag bolson shdee, aliin bolgon negees avch nogood zarj ami zuuh yum bee, baraa buteegdehuun uildverleech ee

    0 0 Хариу бичих
  14. дэлгүүрүүдийн орлогыг хаагаад л үүдэнд нь наймаагаа дэлгээд тухалчихна. очоод хаах гэхээр ийм ч өвчтэй хүнтэй, тийм ч бие муу, орлого эм тарианы мөнгө хэрэгтэй гээд тэрийгээд унаж татаад суучихна. Зээлтэй гэж гайхуулаад. Зээлгүй өвчингүй айл гэж угаасаа байхгүй. Нэг сая хүн янз бүрийн зээлтэй.

    0 0 Хариу бичих