Ч.Сангидоржийн нэрэмжит анхдугаар уралдаан амжилттай боллоо

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам Монгол Улсын Консерваторт боллоо. Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга” бүтээл гаргасан нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр хуур суралцагч хүүхэд залууст өв соёлоо дээдлэх, ардын дууныхаа сайхан аялгууг бишрэн монгол хүн болон төлөвших зэрэг хүмүүжил, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өв болсон гэж үздэг.

Энэхүү наадмыг Ч.Сангидорж агсны охин төгөлдөр хуурч С.Саянцэцэг зохион байгуулсан бөгөөд хоёроос дөрөвдүгээр ангийн сурагчид оролцсон юм. Тэд A, B, C гэсэн гурван хэсэгт хуваагдан шилдэгээ тодрууллаа. Нэгдүгээр байранд А ангилалд 4а ангийн сурагч Г.Анар, В ангилалд 3а ангийн сурагч Т.Оюу, С ангилалд 2а ангийн сурагч Н.Саруул нар шалгарсан байна. Харин Гранпри буюу тэргүүн байранд А ангилалд 4а ангийн сурагч О.Нандин, В ангилалд 3а ангийн сурагч Б.Сорхогтан, С ангилалд 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ нар шалгарсан байна.

Энэхүү наадмыг зохион байгуулсан төгөлдөр хуурч С.Саянцэцэг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаасан бөгөөд өсвөрийн төгөлдөр хуурчдын наадмаа хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулах юм байна. С.Саянцэцэг багшийн хувьд шавь нараа олон улсын төгөлдөр хуурчдын олон тэмцээн, уралдаанд амжилттай бэлтгэн оролцуулж, гранпри шагналуудыг хүртэж байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)