Парламентын ордон баригдаад хэдийнэ 70 орчим жил болжээ. Энэ хооронд хэд хэдэн удаа өргөтгөл хийсэн ч үндсэн барилга нь муудаж, даац хэтэрсэн учраас шинээр барих шаардлага үүссэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас дүгнээд буй. Гэсэн ч төсөв мөнгөгүй хэмээн өргөтгөл нэмж барьсаар Төрийн ордныг тойроод төрийн захиргааны байгууллагууд төвлөрч тэр хэрээр түгжрэл нэмэгдэх нэг үндэс болж байх. Замын түгжрэлийг бууруулах нэг арга нь төр захиргааны байгууллагуудын төвлөрлийг саармагжуулах хэмээн дарга даамлууд үзэж, хотын захиргааг нүүлгэхээр барилга, байшин барьж эхэлсэн. Хотын захиргаа шинэ байрандаа энэ ондоо багтаж нүүж орохоор төлөвлөөд буй. Үндсэндээ одоо байрлаж байгаа барилгуудаа дуудлага худалдаагаар арилжихаар энэ оны төсөвт тусгасан билээ.
Тэгвэл Төрийн ордонг шинээр барина хэмээн УИХ-ын дарга болоод удаагүй байхдаа Г.Занданшатар дарга мэдэгдсэн нь олны уур ундуйцлыг төрүүлж орхив. Иймдээ ч энэ яриа түр намжаад байна. Угтаа бол парламентын ордны бодит нөхцөл байдал ямар байгааг иргэд тэр бүр мэдэхгүй. Шал нь энд тэндээ цөмөрснийг улаан хивсээр халхавчилсан дүр төрх Төрийн ордонд өдөр бүр угтдаг. Төрийн эрх барих дээд байгууллага тэнд байрлаж бодлого шийдвэр гаргадаг, гадаадын төр засгийн тэргүүн, удирдах албаныхан айлчилж ажил хэрэг ярьдаг учраас нэг талаараа улс орны нүүр царай гэж хэлж болно. Тиймээс шинэ ордон барихаар хэд хэдэн парламент дамнан ярьж байгаа ч шийдэгдээгүй энэ цаг үед иржээ.
Уг нь бол Парламентын ордон харагдах талаасаа төрт ёсны нүүр царай юм л даа.
Уг нь 2006 онд Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ. Энэ санхүүжилтийн ихэнх хэсэг нь орж ирсэн ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулахаар болсон юм. Эмнэлгийн барилга ч энэ ондоо багтаж ашиглалтад ороход бэлэн болоод байгаа аж.
Түүх сөхвөл, энэ шийдвэрийг гаргахаас өмнө дээрх мөнгөөр парламентын ордонг Төрийн ордны хашаан дотор барихаар тэрбум гаруй төгрөгөөр зураг төслийг нь 2010 онд хийлгэж байжээ. Энэ зураг төсөл одоо аль нэг даргын шүүгээнд хадгалаастай бий л байх.
Төрийн ордонд одоогоор 878 хүн ажилладаг, нийт 406 өрөө, 37212 ам.метр ашигтай талбайтай юм байна. Тус ордны 1951 онд баригдсан 7 блок барилгад тавигддаг 15 шаардлагын үзүүлэлтээс 10 нь, 1961 оны эхний өргөтгөлийн 7 блок барилгын 3 үзүүлэлт нь шаардлага хангахгүй байгаа учир буулгаж шинээр барих шаардлагатай гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэжээ. Мөн 1981 онд баригдсан 5 блок барилгад хүчитгэлийн арга хэмжээг авах боломжтой. Энэ хүрээнд Төрийн ордны хуралдааны Их танхимын хоёр дам нурууг хүчитгэх, шинээр 9 шат төлөвлөж оруулах, дээвэр, ус зайлуулах системийг сайжруулах зэрэг арга хэмжээ авахаар байгаа аж.
Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 оны хэсгийг буулгаж, дахин барих өртгийн төсөв ойролцоогоор 38,8, 1981 оны хэсгийг хүчитгэж засварлахад 3,6 нийт 42,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцжээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ийм үед энэ хөрөнгийг гаргах боломж хомс учир эхний ээлжинд тооцоо судалгааг хийж бэлэн болгох. Мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордонд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шилжүүлж түр байрлуулах бэлтгэлийг хангахад анхаарах ёстой гэсэн “гал унтраах” арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Уг нь бол Парламентын ордон харагдах талаасаа төрт ёсны нүүр царай юм л даа.