Өмнөд Солонгосын Ерөнхий сайд манай улсад айлчлав. Айлчлалын үеэр Солонгос руу визгүй зорчдог болох нь гэсэн цуурхал олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Олон хүн үүнд итгэж, үгүйдээ л нээрээ визгүй болчихоосой гэсэн хандлагаа нуусангүй. Засгийн газрын албан мэдээнд ч энэ тухай дурдаж. Иргэдийн хувьд Солонгос явж хар ажил хийнэ гэдэг эх орондоо хөдөлмөрлөхөөс дээр болчихоод байгаа нь энэ төр засгийн эмгэнэл. Иргэд нь амьдрах арга чарга хайн харь улс руу цагаачлах гэж тэмүүлж байхад тэднийг ийм байдал руу түлхсэн төр засгийн удирдлагууд, эрх баригчид ард түмнээсээ уучлал гуйх ёстой юм.

Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар баталгаажуулсан, баталгаатай эдлэх 18 эрхийн нэг нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрх шүү дээ. Гэтэл иргэдийнхээ энэ эрхийг эрх баригчид нь дээрэмдэж, хааж боож, боломжийг нь хулгайлсан учир хэдэн мянгаараа гадаадад хар бор гэгддэг ажил хийхээр явцгааж байна.

Эдийн засаг өнгөрсөн онд 6.9 хувь өссөн гэж эрх баригчид ярьж сурталчилж байгаа ч энэхүү өсөлт жирийн иргэдэд огт наалдахгүй байгаа гэдгийг эдийн засагчид хэлж буй юм. Түүнээс биш 6.9 хувь гэдэг мундаг өсөлт. Иргэдийн амьдралд энэ өсөлт хүртээлгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Эдийн засаг нь гайхамшигтай өсөөд байхад иргэд нь гадаадад ажил хөдөлмөр эрхлэх гээд өдөрт хэдэн зуугаараа дугаарлаж байна гэхээр ёстой л “дээгүүрээ хуваагаад идчихсэн” өсөлт гэгч бизээ.

Иргэдийн хувьд түрийвчинд нь яг хэдэн төгрөг байгаагаар, тэр нь нэмэгдэж байна уу, үгүй юу. Өөрөөр хэлбэл авдаг, тоолдог хэд нь амьдралд нь хүрэлцэж байна уу гэдэг хамгийн чухал. Тэгж чадахгүй байгаа учир дийлэнх нь Солонгос явах гэж арга чарга хайж байна. Солонгосын элчинд өдөрт 200 хүн материал өгч байгаа нь үүний жишээ. Өнөөдөр материалаа өглөө гэхэд 60 хоногийн дараа визний хариу гарна. Дунд сургуулийн багш нар л гэхэд одоо визэнд ид ордог цаг гэнэ. Тэгж байж хичээл амрангуут зургаадугаар сард Солонгост очиж зочид буудалд ажиллах боломж олдоно. Иргэд ийнхүү өөр өөрийнхөөрөө амьдралаа шийдэх гэж оролдож, хичээж зүтгэж байна. Иргэддээ Монголдоо сайхан амьдрах боломжийг олгож чадахгүй байгаа төр, засаг хөөсрөл, хоосрол хоёроосоо салж, хөрсөн дээр бууж, гашуун ч гэлээ үнэнтэй нүүр тулж, гарц шийдэл хайх цаг хэдийнэ болсон.

УИХ, Засгийн газар эдийн засгаа өөд татахын тулд  өдөр шөнийг үл ялган, долоо хоногт найман өдрийн ажил хийж байж хүндрэл, хямралаас улс орноо гаргана. Харамсалтай нь ийм хүсэл зориг, хичээл зүтгэл өнөөгийн эрх баригчдаас өчүүхэн ч харагдахгүй байгаа юм. Улс орон нь ийм эмх замбараагүй, эдийн засаг нь сул дорой, иргэд нь ядуу байх нь популист эрх баригчдад ашигтай байж мэднэ.

Нийгмийг тэр чигт нь ингэж туйлдуулж, мухардал цөхрөлд автуулж байгаад олон нийтийн бухимдал дээр нь тоглолт хийн турхирах юм бол тун аюултай. Нийгмийн сэтгэл зүйг ямар нэгэн хувьсгал, тэмцэл, эмх замбараагүй байдал руу өдөөн дуудах хандлага байгаа нь ийм болгоомжлол эрхгүй төрүүлж буй. Улстөрчдийн зүгээс гаргаж буй элдэв зан авир, эсрэг тэсрэг байр суурь, үзэл бодол, чиг хандлагыг энд ярих гэсэнгүй. Олон ургальч үзэл, ардчилал, шударга ёс, хууль дээдлэх ёс гээд өнөөгийн нийгмийн үнэт зүйлсээ хэдхэн уриа коммунист лоозонгоор сольчих вий гэсэн эмзэглэл байгааг харин  нуухгүй.

Энэ бүхнээс гарах гарц, шийдэл нь юу байна вэ гэдгийг олон хүн хайж, харж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Ирэх жилийн сонгууль л хамгийн том хувьсгал, өөрчлөлт болно. Түүнээс биш нэхүүл, хэвтүүл, босуул гэх мэт уран сайхны кино шиг нэртэй хөдөлгөөнүүд ч юм уу нэгдмэл, нэгдсэн, хөх монголууд үүнийг өөрчилж чадахгүй. Олон нийтэд олгогдсон онцгой бүрэн эрх нь чөлөөт ардчилсан сонгуулиар төрд төлөөллөө сонгож, тэднээр дамжуулан төрийн эрх барилцах боломж юм.

Тиймээс эрх баригчид онц байдал зарлаж биш ард түмэн онцгой эрхээ эдэлж байж өнөөгийн төр, засгийн хямрал, завхралыг арилгана. Буруу булхайг зайлуулж, алдаа дутаглыг засч залруулж, жинхэнэ утгаар нь өөрчилнө. Харин ингэхийн тулд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг олон нийтийн санал бодлыг тусгаж, мэргэжлийн хуульчдын оролцоотойгоор эрх баригчдад биш ард түмэнд ашигтай, өнөөгийн Монголын онцлогт тохирсон хувилбараар өөрчлөн сайжруулах ёстой. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг удахгүй нээгдэх хаврын чуулганаар  хэлэлцэнэ. Тиймээс иргэд, сонгогчдын хувьд энэ хууль хамгийн чухал. Нийгмийг цочирдуулсан ямар нэг дуулиан шуугиан босгож ирээд ар хударгаар сонгуулийн хуулийн өөрчлөлтийг “баасандаад” хаячих вий, эрх баригчид өөрсдөдөө ашигтай хууль баталчих вий гэдэгт л хүн бүр санаа тавих учиртай.

Долоон удаагийн чөлөөт, ардчилсан парламентын сонгууль явуулсан ард түмэн ёстой л долоо буудуулсан чоно шиг хашир байж, долоо хэмжиж нэг огтлохын үлгэрээр саналаа өгөх юм бол жинхэнэ хувьсгал тэр болно.

Нөгөө талаар хэчнээн муулж шүүмжиллээ ч улс төрийг намуудгүйгээр улс орны хөгжлийн жолоог урагш залах боломжгүй. Парламентын засаглал, сонгодог ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх субъект нь улс төрийн намууд. Тиймээс намуудыг зөв төлөвшүүлж хөгжүүлэх чиглэлд эрх баригчид, хууль тогтоогчид анхаараасай. Парламентаас парламент дамжин дуншиж буй Улс төрийн намын тухай хууль нийгэмд том хүлээлт үүсгээд байгаа. Намууд өнөөгийнх шигээ мөнгөтэй нэгний хэтэвчинд багтчихдэг, хэн хэнэг улстөрч, лидерийг дагасан ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нэгдэл байх юм уу, эсвэл улс орныхоо хөгжлийн бодлогыг арав, хорь, гуч бүр тавь, жаран жилээр төлөвлөн харж, тооцоолж, хөгжлийн загваруудаа гаргаж ирдэг бодлогын институт байх юм уу гэдгийг дээрх хууль шийднэ.

Шударга ёс гэж ярьснаар шударга ёс тогтдоггүй. Хуулиар л түүнийг бий болгодог. Түүн лүгээ адил хөөсөрсөн тоогоор тархи угааснаар биш бодлогоо зөв тодорхойлж, түүнийгээ төгс сайн хэрэгжүүлснээр хөгжил ирнэ.