Ард түмний хүлээлгэсэн их итгэл МАН-д бүх шатанд төрийн эрх барих мэдэл өгөв. Гэсэн ч засагласан дөрвөн жилдээ дорвитой ажил хийлгүй улстөржсөөр сонгуультай залгах гэж байна. Ээлжит чуулганыхаа хугацаанд улстөржиж “бойкот” хийсээр хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж амжаагүй. Тиймээс ээлжит бус чуулган зарласан.

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш гаргажээ. Захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр нэмсэн байна. Тиймээс хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр яаралтай горимоор хэлэлцсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуульчид ямар байр суурь илэрхийлснийг дор сийрүүлэв.

О.Мөнхсайхан: Үндсэн хууль зөрчиж байна

-ҮАБЗ зөвлөмж гаргавал ямар ч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт оруулж байгаа нь Үндсэн хуулийн 49-р зүйлд тусгасан шүүгчийн хараат бус байдлын тухай заалтыг зөрчиж байна. Ингэхдээ ямар үндэслэлээр эрхийг нь түдгэлзүүлэх талаар хуулийн төсөлд тусгаагүй. Энэ нь шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл бий болгож байна.

Аль ч шатны ерөнхий шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцруулах зохицуулат орж ирж байна. Энэ нь Үндсэн хуулийн 51-р зүйлийг зөрчиж байгаа бөгөөд мөн л огцруулах үндэслэлийг хуулийн төсөлд тусгаагүй.

ҮАБЗ зөвлөмж гаргавал Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь буулгах заалт орж ирсэн нь мөн Үндсэн хууль зөрчиж, хараат бусаар ажиллах баталгааг үгүйсгэж байна.

Мөн ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх өөрчлөлт орж байна.

Эх сурвалж: Ikon.mn

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хэн ч бай шүүгчид нөлөөлж болохгүй

Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн утгатай үг оруулж ирж байгаа юм байна. Энийг ярихын тулд эхлээд түдгэлзүүлэх гэдэг үгээ тайлбарлая. Түдгэлзүүлэх гэдэг нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхлэхийг нь зогсооно гэсэн санаа. Хуульд зааснаар одоогоор долоон нөхцөл байгаа юм, түдгэлзүүлэх. Үүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан, сураггүй алга болсонд тооцсон, шүүгчээс огцруулах магадлал гарсан бол гэж өөрөөс үл хамаарах дөрвөн нөхцөлтэй. Үлдсэн гурав хувь шүүгчээс өөрөөс нь хамаарах асуудал юм. Үндсэн хуульд шүүгч хараат бус байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ба Засгийн газрын гишүүн хэн ч бай шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөөллөөс хараат бус байх гол үндсэн суурь санааг Үндсэн хуульд заасан ҮАБЗ-ийн гишүүд нь зөрчих гэж байна.

Эх сурвалж: newspress.mn

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

Энэ хууль чинь батлагдвал Үндсэн хуулийн цэц рүү явна. Бэлэн байх хэрэгтэй. Зөвлөмж гээд яагаад томоор нь хийчихсэн юм бэ. Хумиад оруулаад ирж болоогүй юм уу. Энэ хүрээг хумьж өгөхгүй бол болохгүй. Шүүх ганцхан албан тушаалтны асуудал хэлэлцдэггүй. Энэ бол маш эмгэнэлтэй өөрчлөлт. Бүтэн тогтолцоог бүтлээр нь үгүй болгож болохгүй. Энэ хуулиа хэдэн жилийн хугацаанд хэрэглэх талаар ҮАБЗ дээрээ ярьж үзсэн үү. Нэг, хоёр жилийн хугацаанд хэрэглэх ч юм уу.

Ганцхан өдрийн дотор санаачлан яаран өргөн барьсан энэхүү хуулийг төсөл бие даасан, хараат бус шүүх эрх мэдлийг үгүй болгох аюултай шүү.