Барилгын салбар нь аливаа улсын хөгжил, эдийн засаг, хүн амын амьдрах орчин зэрэгт чухал нөлөөлтэй. Харин манай улсын барилгын салбар олон шалтгааны улмаас “царцсан” дүр зурагтай байгаа. Өмнөх жилүүдийн эдийн засгийн уналт, гэр хорооллын дахин төлөвлөлт зэргээс шалтгаалан салбарын нэр хүнд хийгээд, өрсөлдөх чадвар буурсан юм. Харин өнөөдөр тус салбарт эдийн засаг, нийгмээ дагасан бэрхшээлүүд мөн л байсаар байна.
Б.Цэнд: Барилгын салбарын үнэлгээ маш муу болсон
Аливаа салбар хөдлөхөд ажиллах хүч хамгийн чухал. Гэтэл өнөөдөр барилгачид "байхгүй" болжээ. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа 10 мэргэжлийн долоо нь барилгын салбарынх. Угтаа бол ажил хайгч иргэдийн тоо 30 мянгаараа тоологддог. Хөөгөөд үзэхээр мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа нь шалтгааны нэгдүгээр асуудал болж байгаа юм. Шалтгааныг залуус ихэвчлэн дээд боловсрол эзэмшиж, инженер болох хүсэлтэй холбон тайлбарладаг. Дараагийнх нь салбар улирлын чанартай тул тогтвортой ажиллах хүн олдоггүй. Барилгын ажил явагдаж байгаа урин үед ажиллаад, хүйтрээд ажил нь зогсохоор тэр хугацаанд ажилгүй, орлогогүй байх хэцүү тул гадаад руу ажиллах боломж хайдаг байна. Үлдсэн хэсэг нь өндөр цалинтайг бодон уул уурхайн салбарт ажиллахыг урьтал болгодог аж. Тэгэхээр энэ бэрхшээлийг давахын тулд эхлээд барилгын салбарын улирлын бэрхшээлийг устгах хэрэгтэйг компанийн удирдлагууд хэлж байна.
Барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Д.Цэнд “Монголын хүний үнэлэмжийг хямд үнийн босгон дээр тавьсан нь асуудлын гол нь болоод байна. Боловсон хүчний асуудал өнөөдөр барилгын салбарт үгүй болсон байна. Яагаад гэвэл барилгын салбарын үнэлгээ маш муу болсон. 2009, 2012 оныхоо нормоор явдаг. Гэтэл тэр үеэс ам.долларын ханш хэр их өссөн билээ. Ингэхээр ам.доллар нь өсөөд, инфляц нь “ниссэн” байхад нөгөө хүний цалин 500, 900 мянга л байдаг. Ийм цалинтай болохоор монгол ажилчид тогтохоо байсан. Үүнийг нь дагаад бизнес эрхлэгчид нь хямардаг. Ажилчдын энэ тогтворгүй байдал, улирлын бэрхшээл, ам.долларын савлагаа нь компаниудыг хямралд оруулаад, цаашлаад үйл ажиллагаа нь зогсдог. Ингэхээр нөгөө ажиллах хүч болсон залуучууд гадаад руу явж ажилладаг. Иймээс Засгийн газар ажиллах хүчний бодлогодоо анхаарахгүй бол энэ онд хийгээд ирэх оны бүтээн байгуулалтаа хийж чадахгүй болсон” гэсэн юм.
Барилгын салбарт утаа, агаарын бохирдлыг арилгахаар олон бүтээн байгуулалт төлөвлөөд байгаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжих юм байна. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах дээрх орон сууцны барилга, угсралтын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлнэ. Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа” 2, “Буянт-Ухаа” 3, Баянголын аманд нийт 8000 орчим айлын орон сууц, Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөсөн. Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Харин эдгээр ажлууд дээр ажиллах хүчний хомсдол зайлшгүй үүсэхийг Барилга хот байгуулалтын яамнаас онцолдог. Магадгүй ойрын нэгэн өдөр “Барилгын салбар ажиллах хүчгүй тул бүтээн байгуулалт зогсоход хүрлээ” гэхийг үгүйсгэхгүй нөхцөл байдал өнөөдөр тус салбарт нүүрлээд байгаа
Арматурын үнэ тонн тутамдаа 1.3-2.7 сая төгрөг байна
Барилгын салбарын өрсөлдөх чадварт нөлөөлдөг дараагийн зүйл нь төсөвт өртөг буюу барилгын материалын үнэ. Тэгэхээр ханшийн хэлбэлзэл үүнд хамгийн том дарамт болдог. Ингэхээр эргээд орон сууцны үнэ өсөх эрсдэл дагуулж, борлуулалт багасаж, салбарын суурь ганхдаг. Тухайлбал, барилгын нийт өртгийн 25 хувийг цемент, 30 хувийг арматурт зарцуулдаг. Энэхүү гол материал буюу цементийг манай улс дотооддоо бүрэн хангадаг ч арматурыг 100 хувь импортоор авдаг. 2017 оны хавар 250 мянган төгрөг байсан арматурын үнэ жилийн дараа буюу өнгөрсөн оны тухайн үед 800 мянган төгрөг болтлоо өссөн байх жишээний. Тэгвэл дотооддоо хэрэгцээгээ бүрэн хангадаг цементийн үнэ 10 хувиар өссөн байдаг. Энэ бол үнийн хамгийн үсэрсэн өсөлт байлаа.
Тэгвэл өнгөрсөн жилийн өмнөх үнэтэй одоогийн үнэ нэг их хэлбэлзээгүй ч цаашдаа өсөх хандлагатай байгаа юм. Үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулан хүргэе. Өнгөрсөн оны мөн үед цемент нэг тонн нь үйлдвэр дээрээ 100-175 мянга, харин Улаанбаатар дахь худалдагдаж буй үнэ нь тонн тутам нь 160-170 мянган төгрөг байна. Харин бетон зуурмаг шоо метр нь 134-247 мянга, зам талбайн хавтан ширхэг нь 435-3800 төгрөг, дээврийн материал Орос, Хятад, Польш, Солонгос гэх мэт улсаасаа шалтгаалаад 5500-35000 төгрөг, палк ширхэг нь гурваас зургаан метрийн хэмжээтэй нь 24-60 мянга, приус боодол нь 22-25 мянга, банз метр куб нь 110-260 мянга, арматур нэг тонн нь 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй байсан.
Тэгвэл өнөөдөр цемент тонн тутамдаа 175.000 төгрөгийн үнэтэй байгаа бол улаан цемент 168.000 мянган төгрөг байна. Хайрга шоо метр нь 5500-13200, элс 8800, шигшсэн элс 11000 төгрөг байна. Хайрга, дайргын үнэ өссөн шалтгаан нь Туул голын сав дагуу буюу хотын ойр орчим ажилладаг хайрга олборлох үйлдвэрүүд хаагдсантай шууд холбоотой. Үүнээс болоод хайрганы олдоц багассан. Тиймээс хайргыг холоос тээвэрлэх шаардлага тулгарч буй тул тээврийн зардлаас шалтгаалан ийнхүү үнэ нь нэмэгдэж байгаа юм. Тэгвэл барилгын салбарын хамгийн их өртөг бүхий арматурын үнэ тонн тутамдаа хятад арматур 1.7 сая, оросынх 2.8 сая төгрөг байна. Харин FRP арматур метр тутамдаа 495 төгрөгийн үнэтэй байгаа юм. Манай улс уг нь арматурынхаа 20 гаруй хувийг дотоодоос хангадаг байсан. Гэтэл Дарханы арматурын үйлдвэр ган үйлдвэрлэхийн сацуу төмрийн нөөц багассан тул дотоодын үйлдвэрийн хумигдсан юм. Энэ мэт бэрхшээл салбарыг бүхэлд нь царцааж байна.
Харин нөгөө талдаа манай улсад барилгын салбартаа холбоотой 500 гаруй төсөл хөтөлбөр баталж, боловсруулсан. Одоогоо үүний 190 гаруй нь хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ олон бодлого салбарыг өөдлүүлсэн нь үгүй. Түүнчлэн өнгөрсөн сарын 13-нд Засгийн газрын хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд 2029 он хүртэл нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөг багтаасан байна. Тус баримт бичигт тусгасны дагуу салбарын өнөөгийн чадавх 2020 онд хоёр дахин, 2025 онд 2.6, 2028 онд 3.9 дахин өсгөхөөр болоод буй. Гэвч өнөөдрийн байгаа нөхцөл байдлаар энэ салбар урагшлах нь юу л бол.