УИX-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэд хэдэн удаа хойшлогдоод буй уг хуулийн төслөөр алтны татварыг 2.5 хувь болгохоор Засгийн газар өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын байнгын хороо дээр зарчмын зөрүүтэй саналаар 5 хувь болгохоор өөрчлөөд байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэлцүүлгийн үеэр "Хариуцлагатай, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх бодлогыг салбарын яам яаралтай гаргах хэрэгтэй байгаа" гэлээ.
Тэрээр,Монголбанкны валютын нөөцийн асуудал, үндэсний валютын ханшийн уналт зэргээс харгалзаж, үнэт металлийн нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх шаардлага байгаа учраас энэ татварын асуудлыг хэлэлцэж байна.
Алтны нөөц ашигласны татвар болон үнийн өсөлтийн татвар нийлээд 10 хувьтай байгаа. 10 хувьтай татварыг тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, алт олборлогчдыг дэмжиж байна. Нөгөө талдаа уул уурхайн үйлдвэрлэлийн ажил хэт хавтгайрсан, мэргэжлийн бус болсон, нийгмийн бухимдал төрүүлсэн хэмжээнд хүрсэн байгаа. Тиймээс яам үүнд эрс зохицуулалт хийж, бүртгэлжүүлэн гэрчилгээтэй болгох хэрэгтэй. Ямар далд эдийн засаг бий болоод байгааг гаргаж, зохицуулалт хийх ёстой. Ингэхгүй бол уул уурхайн шинжлэх ухааны үндсэн шинж чанар нь алдагдаж, хариуцлага, мэргэжлийн гэдгийг үл тоосон байдалтай байна гэсэн юм.