Европын холбооноос гарах асуудлаар байгуулсан гэрээг нь батлаад өгчихвөл Ерөнхий сайдын суудлаа өгөхөд бэлэн гэж Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгджээ. Түүнийг гурван жилийн ажлаа үр дүнд хүргэхийн тулд албан тушаалаа золиослож, эсрэг талынхнаасаа гуйхаас өөр зам байхгүй гэсэн утгатай нийтлэл өнөөдрийн “The Sun” сонинд нийтлэгдсэн. Энэ нийтлэлийн дагуу гэмээр мэдэгдлийг ийнхүү Т.Мэй хийлээ.
Т.Мэйгийн Европын холбоотой байгуулсан “Гарах” гэрээ нь парламент дээрээ гацчихаад байгаа юм. Тиймээс эцсийнхээ аргыг ийнхүү хэрэглэж байна. Парламентаас түүний байгуулсан гэрээг хоёр удаа хойшлуулсан бөгөөд гурав дахь удаагаа хойшлуулбал тэртэй тэргүй огцрохоос өөр аргагүй болно. Гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа улстөрчид Европын холбоотой шинэ гэрээний талаар хуучин Ерөнхий сайд ярих зохимжгүй гэсэн санааг хэлж буй. Т.Мэйн гэрээ буюу “Брексит”-ийг Британийн Парламент энэ долоо хоногт хэлэлцэх юм.