ДАШТ-д ОХУ-ын шигшээ багийн лидерийн үүрэг гүйцэтгэж байсан довтлогч Артем Дзюба гоол оруулалгүй 15 тоглолт өнгөрөөд байжээ. Харин өчигдөр Казахстантай хийсэн тоглолтод гоолдож, дэмжигчдийнхээ санааг амраасан байна. Түүний азгүйтэл 15 тоглолт /1308 минут/ үргэлжилжээ.
-А.Дзюба Казахстаны хаалганд хийсэн гоол замналынх нь 144 дэх нь бөгөөд энэ үзүүлэлтээр Валерий Карпин, Эдуард Стрельцов нарыг гүйцэн, Орос, Зөвлөлтийн түүхэн дэх шилдэг 20 довтлогчийн жагсаалтад орж ирсэн байна.
-Тэрээр хаалга руу хоёр удаа цохисны нэг нь хаалгаа онож, гоол болжээ. Харин Д.Черышев хаалга руу тав цохиж, гурав нь хаалгаа оносны хоёр нь гоол болсон байна.
Тоглолтын дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд өрсөлдөгчийнхөө талаар дипломат байр суурь илэрхийлсэн бол сэтгүүлчдийн өөрсдийнх нь талаар тааламжтай бус зүйлсийг ярьсан байна. Асуулт хариултыг хүргэе.

-Казахстанд танд ямар байна вэ. Баг нь доогуур зэрэглэлийнх байсан уу?
-Орчин үеийн хөлбөмбөгт сул өрсөлдөгч гэж байхаа больсон. Нэг нь нөгөөгөө амар хожих боломжгүй. Нэг нь хэт давамгайлсан нэг тоглолтыг надад жишээ болгож хэл л дээ. Гэхдээ Гибралтараас бусдыг шүү?
-Аргентин-Ямайка.
-Гайхалтай. Гэхдээ хэдэн онд боллоо?
-1998.
-Хэрвээ бид өнөөдөр хожигдсон бол та бүхэн яах байсан бэ. Бас л ирээд, баахан юм сараачих байсан тийм үү? хэмээжээ.
Мөн хөгжөөн дэмжигчдийнхээ талаар “Энэ ялалт та бүхэнд зориулагдсан. Зөөлөн буйданд шигдээд шүүмж хэлж байдаг мэргэжилтнүүдэд биш” гэжээ.
Казахстан – ОХУ 0:4 (0:2, 0:2)
Гуравдугаар сарын 24, «Астана Арена»
Гоол:
0:1 – 19 Черышев, 0:2 – 45 Черышев, 0:3 – 52 Дзюба, 0:4 – 62, автогол Бейсебеков.
Казахстан – Непогодов, Бейсебеков, Логвиненко (Вороговский, 29), Малый, Ахметов, Зайнутдинов, Меркель, Муртазаев (Турысбек, 59), Куат, Суюмбаев, Перцух (Жуков, 85).
ОХУ – Гильерме, Кудряшов, Фернандес, Семенов, Джикия, Черышев, Газинский, Ионов (Игнатьев, 61), Ахметов (Ал. Миранчук, 72), Оздоев, Дзюба (Чалов, 82).
Шар хуудас:
Суюмбаев (50), Куат (59), Ахметов (64), Черышев (70), Зайнутдинов (90).