Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байгаа юм.
Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015-2019 онд 145 барилгыг 51 багц болгон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг зарлажээ. Ингэснээр 26 багцын 77 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, одоогийн байдлаар 531 айлын 27 орон сууцыг буулган 823 айлын 8 орон сууц ашиглалтад оруулж, 774 иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангаад байгаа юм байна.
