Агаар, хөрсний бохирдол, хүн амын нягтрал зэргийг манай улсын тулгамдсан асуудлын нэн тэргүүнд дурддаг. Харин үүнээс ангижрах арга замыг хот төлөвлөлт, гэр хорооллыг дахин төлөвлөх гэдэг. Энэ хүрээнд салбарын яамны анхаарах асуудалд ч багтсаар байдаг. Тэгвэл гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд ямар ажлууд хийх талаар БХБ-ын сайд Х.Баделханы мэдээлснээр хүргэе. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжих юм байна. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах дээрх орон сууцны барилга, угсралтын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлнэ. Энэ бол иргэдийн ихээхэн хүлээлт үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах нийгмийн бодлогын арга хэмжээ болон хэрэгжих төсөл юм. Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа” 2, “Буянт-Ухаа” 3, Баянголын аманд нийт 8000 орчим айлын орон сууц барихаар төлөвлөж, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компани шалгараад байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-аас олгогдох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчилж, өргөтгөхөөр төлөвлөн, гэрээ хэлэлцээрийг дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөжээ. Харин “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, энэ онд барилгын салбарт улсын төсвийн хөрөнгөөр 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил явагдах аж.