Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлимйн хөдөлмөр эрхлэлтийн газар Хөдөлмөр эрхлэлт дэмжих төвийг 2018 онд байгуулсан юм. Тус төвийн хувьд ажил хайгч бүхий л насны иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, өнгөрсөн онд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг 41 удаа ААН, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлжээ. Мөн томоохон өдөрлөг яармагуудыг Сүхбаатарын талбайд гурван удаа, Хөдөлмөр эрхлэлтийн форумыг нэг удаа зохион байгуулж ажилласан байна.
2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв 12 мянга гаруй ажлын байранд иргэдийг зуучилсан бөгөөд 9009 иргэнийг ажилд оруулсан байна. Хүний нөөцийн бүрдүүүлэлтийн аянд 41 аж ахуйн нэгж байгууллагууд оролцуулж 3000 гаруй иргэдийг хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд хамруулжээ. Судалгааны дүнгээр авч үзвэл улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд бүртгэлгүй ажилгүй иргэдийн 8,3 мянга нь Улаанбаатарт байгаа юм.
Энэ жилийн хувьд ХНХЯ-аас батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудаа хангаад дуусах шатандаа орж байгаа юм байна. Энэ жил мэргэжлийн болон давтан сургалт, гарааны бизнес, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтууд болон бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд 780 иргэнийг хамруулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангажээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хөдөлмөр эрхлэлтийн орчин цаг үеэ даган хувьсаж байна. Энэ хэрээр тухайн ажил олгогч байгууллагын ажилтнуудад тавигдах шаардлага өөрчлөгдөж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Мэдээж тухайн ажил хайгч иргэн мэргэжлийнхээ мэдлэг чадварыг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Түүнчлэн "ирээдүйн хөдөлмөр эрхлэлт-2020 онд" дэлхийн зах зээлийн форумаас хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх 10 ур чадварыг дэвшүүлсэн. Тухайлбал, асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, бүтээлч байдал, хүн удирдах, бусадтай харилцах, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг ойлгох, шийдвэр гаргах, үйлчилгээг эрхэмлэх, гэрээ хэлцэл хийх, өөрчлөлтөнд дасан зохицох чадваруудтай бол ажил олгогч иргэн мэргэжлийн ур чадвар багатай байсан ч сургаад авах боломжтой болсон. Ер нь эдгээр ур чадваруудыг эзэмшиж төлөвшсөнөөр хөдөлмөрийн зах зээл дээрээс ажлын байр олж чадна. Судалгаанас харахад төгсөгчдийн багаар ажиллах харилцааны чадваруудаас гадна зөөлөн ур чадвар нь дутагдалтай байдаг. Монгол Улсад 20-25 насны залуусын хөдөлмөр эрхлэлт муу байгааг олон стастик судалгаа харуулдаг. Судалгаанаас харахад жил бүр дунджаар 35,000 оюутан их дээд сургууль төгсдөг ч дөнгөж 32% нь төгссөн мэргэжлээрээ ажлын байртай болдог гэсэн тоон үзүүлэлт байна. Нөгөө талд ажил олгогч нарт чадварлаг боловсон хүчний хэрэгцээ өндөр байдаг. Бид бүхэн үүн дээр тулгуурлан "JCI Mentorship" төсөл хөгжлийн боломжийг залуучуудад олгоно. Уг төсөлд хамрагдсанаар хувь хүний хөгжил болон карьер төлөвлөлт, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах боломжууд оюутан залууст бүрдэх юм.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулсан гэж үзэж байгаа. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэх бололцоо нь хэр бүрдэж байна вэ?
-Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаар хуульдаа тусгасан. Энэ хуулийн заалтыг ААНБ-ууд аль болох хэрэгжүүлэхийг уриалга болдог. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг тусгайлан байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн-хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж байна. НХЭГ-аас ч гэсэн энэ чиглэлээр ажиллаж байна.