Залуучууд гадаад руу ажиллахаар ихээр явж байгаа болон, уул уурхайн салбарт ажиллах залуусын тоо нэмэгдэж байгаатай холбогдон барилгын салбар ажиллах хүчний хомсдолд орж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй байгаа мэргэжлийн долоо нь тус салбарынх байгаа юм байна. Энэ тухай өнөөдөр болж буй Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцууллаа. Түүнчлэн барилгын салбарт албан бусаар ажиллагсад их байгаа гэнэ. Тэгснээр тухайн ажилчид гэрээгүйн улмаас нийгмийн даатгал болон бусад үйлчилгээнд хамрагддаггүй байна. Өнгөрсөн онд гэхэд тус салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо 10.9 мянгад хүрчээ. Ийнхүү албан бус хөдөлмөр эрхлэгчид олон байдаг учраас тус салбарт ажиллагсдын тоо бүрэн гардаггүй. Тухайлбал, салбарын төрийн байгууллагаас барилгын салбарт 100 мянган хүн ажилладаг гэдэг боловч хөдөлмөр эрхлэлтийн судалгааны байгууллагаас 60 гаруй мянган ажиллагчтай гэдэг. Үүнээс гадна барилгын салбарын тулгамдсан асуудалд үйлдвэрлэлийн осол дурдагдаж байна.