Монголын тайз, дэлгэцийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин, багш Гүрсэдийн Доржсамбуугийн 70 насны ой өчигдөр тохиов. Нэрт найруулагчийн 70 насны ойд зориулсан "Тэнгэр мэднэ" дурсамж, хүндэтгэлийн тоглолтын эхэнд Г.Доржсамбуугийн нэрэмжит "Арслан" театраас театрын шилдэг уран бүтээлчдэд таван жил тутамд олгодог "Арслан" цомоо гардуулсан юм. "Арслан" цомыг шилдэг найруулагч номинациар хүртсэн Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдоржийн дурсамжийг толилуулж байна. Тэрээр Г.Доржсамбуу найруулагч өөрөө сонгон авч элсүүлж, дөрвөн жил хичээл заан, дааж төгсгөсөн цорын ганц ангийн 25 оюутны нэг юм.
Ц.Цолмон эгчийгээ дагалдан болгох хэрэг тарьж явлаа Би 1980 онд Анагаах төгсчихөөд нэг хэсэг лаборант хийж байлаа. Урлагт сонирхолтой учир яах аргагүй театрт дурласан. Ингээд тэр жилийнхээ долдугаар сард ардын жүжигчин С.Гэндэн багш намайг хөтөлж Хүүхэлдэйн театрт оруулж урлагт хөтөлсөн. Ингээд Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчин болсон юм. Ардын жүжигчин А.Очирбат гуай, С.Гэндэн багш, хар Раднаа гэж жүжигчин байсан. Мөн Хүүхэлдэйн театрын дарга нь Далхсүрэн гэж хүн байсан. Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багш эд нар шалгаад авч байлаа. Зуу гаруй хүүхэд шалгуулж байсан. Тэд намайг анагаахын хүн жүжигчин болохоор цалин чинь буурна штээ гэж байсан. -Урлагт сонирхолтой юу? -Сонирхолтой юм аа, би гээд л шалгуулж тэнцээд Хүүхэлдэйн театрт орсон. Тэгээд дагалдан болоод удаагүй байсан нэг бүдүүн нөхөр явж байна. Янзтай зузаан эр юм. “Энэ хэн бэ?” гэсэн “Г.Доржсамбуу найруулагч. Киевт найруулагчийн дээд төгсөөд ирсэн. Ч.Чимид гуайн “Хүний санаа”-гаар дипломын ажлаа хамгаалсан мундаг амьтан” гэж байна. Тэр жүжгийг нь үзсэн чинь үгүй мөн гоё байна аа. Ц.Цолмон эгч гол дүрд тоглоод л. Би дагалдан болчихоод ганц нэг жүжигт тоглосон байсан. И.Нямгаваа найруулагчийн гараар хүртэл орчихсон. “Тэмдэгтэй хүн” гээд А.Очирбат гуайн жүжгийг И.Нямгаваа найруулагч найруулж, би тэрэнд нь эвлэлийн үүрийн даргад Ц.Төмөрбаатартай партнёр болж тоглосон. Тэр жүжигт Ц.Цолмон эгч, хошин урлагийн гавьяат Б.Туяа эд нар тоглоод л. Ингээд жүжгээ Соёлын яамны гадаад хяналтад өгөх болдог юм. Тэгсэн Төмөрөө намайг сургууль хийж байгаад тонгорчихсон чинь байдаггүй ээ. Өмдний салтаа зад явдаг юм. Тэгээд санаа зовоод. Юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд байж байсан чинь Ц.Цолмон эгч “Яасан миний дүү” гэнэ. “Өө сургууль хийж байсан Төмөрөө тонгороод өмдний салтаа зад явчихсан” гэлээ. “Оёдолчин дээр очоод оёулчихгүй юу. Одоо ингээд гадаад хяналтанд орох гэж байна” гэнэ. Би жаахан хүүхэд байсан болохоор нэрэлхэж шийрэгнээд. Тэгсэн Ц.Цолмон эгч “Алив, эгч нь очоод хэлээд өгье” гээд оёдолчинд очоод “Пүүжээгийн өмдийг оёод өгчих” гэсэн чинь “Чадахгүй чадахгүй. Муусайн юмнууд зодолдож байж л салтаа саамаа зад тавиа биз, оёж чадахгүй” гэж байна. -Юу гэж байгаа юм. Наадахь чинь сая порган сургуулилалт дээр урчихсан юм. Одоо гадаад хяналт орох гэж байна гэсэн нөгөө оёдолчин халгаадаггүй ээ. Тэгээд бөөн юм болсон. Дараа нь яахав нэг юм оёод өгсөн. Нөгөө оёдолчин Ц.Цолмон эгчийг бүдүүлэг харьцсан гэж Далхсүрэн даргад гомдол гаргачихжээ. Тэгээд биднийг дуудлаа. Яасан, юу болсон л гэсэн. Би болсон явдлыг хэллээ. Тэгээд нэмэргүй. Муу Цолмон эгчийгээ гурван сар дагалдан болгоод хаяж байсан. 600 төгрөгийн цалинтай байсан хүн 300 төгрөгийн цалинтай болж байгаа юм. Тэгээд манай Цолмон эгч тоохгүй ээ. “Өө яадаг юм. Миний хүү харин багшдаа битгий хэлээрэй” гэж байгаа юм. Г.Доржсамбуу багшид хэлж болохгүй шүү гэж байгаа хэрэг. Тэгж хөөрхий минь миний өмнөөс амьдрал ахуйгаа хүртэл золиос болгож явсан үе хүртэл бий. Драмын театрын 85 жилийн ойгоор уулзаад тэрийгээ ярьсан чинь Ц.Цолмон эгч “Муу Пүүжээгээс болоод дагалдан болж байсан юм. Одоо тэрнийхээ хариуг авна аа” гээд инээж байсан. Ц.Цолмон эгчийгээ хүндэлж хайрлаж явдаг. Хүүхэд, залуучуудын театрын гол ачааг үүрч явсан мундаг жүжигчин шүү дээ.


Бид Драмын тайзан дээр дипломоо хамгаалсан анхны оюутнууд Оюутан байхдаа нэлээд хэдэн жүжигт тоглосон. Б.Мөнхдорж багш миний дипломын ажлыг удирдсан юм. “Эмч нар”, “Гарын таван хуруу”, “Үүрэг хүлээсэн цагт” гэсэн гурван жүжгээр бид дипломын ажил хамгаалсан. Анх удаа драмын театрын тайзан дээр жүжгээр диплом хамгаалсан анги манай анги. Г.Доржсамбуу багш маань өөрөө Драмын театрын ерөнхий найруулагч байсан болохоор тэгсэн. Тийм том хүрээнд дипломын ажлаа хийнэ гэдэг үнэхээр гоё байсан. “Гарын таван хуруу”-гийн отрывкуудыг би хийж байсан. Хошин шогийн гавьяат Ааяа буюу Ш.Алтанцэцэг Сүрэнд тоглосон юм. Ааяагийн нөхөр Энхбаяр Шагдарт тоглож байлаа. Би ерөнхий зохион байгуулалт хийнэ. Отрывкийн хэсгийг багш надад хариуцуулчихсан. Тэгээд нэг өдөр сургуулилалт хийдэг юм аа. Шагдар, Хорлоо хоёр ирдэг хэсэг. Хорлоо Сүрэнгээс “Том дүүгийнхээ нэгийг өгчих. Өсгөөд өгье” гэхэд нь “Таван хурууны нэгийг нь тасдах нь уу” гэдэг шүү дээ. Тэр хэсгийг хийгээд багшид үзүүллээ. Тэгсэн багш байдаггүй дээ. “За за муу байна. Мөлийсөн юм байна. Ийм мөлгөр, сонирхолгүй юм байж болохгүй, Пүрэвдорж гуай. Наадахаа хурцал. Хоёр хоногийн дараа үзнэ. Чөлөөтай хурцал, задгай сэтгэ” гэлээ. Бид “Яая, одоо яах вэ” л гээд. Ихэнх нь “Пүүжээ ах аа яах вэ” гээд. Манай ангийнхан намайг Пүүжээ ах аа гэдэг байсан юм. Тэгээд маргааш үзнэ гэж байхад нь цуглаад л өнөө хэсгээ хийлээ дээ. Шагдар, Хорлоо хоёрыг ороод ирэхэд нь Сүрэн буюу Ааяаг ширээн дээр завилаад суучих гэлээ. Яагаад гэвэл задаргаа хийж байхад Доржоо багш “Наадах чинь эцэг нь хаяж яваад, эх нь нас бараад эмэгтэй ч гэлээ зохих хэмжээнд моралийн хувьд эвдрэлд орж байгаа хүүхэд шүү. Тэр эвдрэлд орж байгаа нь дараа нь тэр Чулуунтай танилцсанаар эргэж засарч хүн төрхөндөө орж байгаа. Сэтгэл зүйн хувьд ийм юм шүү” гэж ярьж байсан юм. Тэгэхээр зэрэг бодож байгаад л тэр хоёрыг ороод ирэхээр ширээн дээр завилаад суучих гэлээ. “Болох юм уу эмэгтэй хүн завилж суугаад” гэнэ. “Болно оо, болно. Багш өөрөө хурцал гэсэн шүү дээ” гэлээ. Ааяа “За тэгье” гээд завилаад суучихлаа. Тэгээд “За миний дүү дөрвөн дүүгийнхээ нэгийг өгчих, өсгөөд өгье” гэхээр нь “Юу гэнэ ээ, та дахиад хэл дээ” гээд давтаад хэлэнгүүт нь “Май” гээд салаавч өг гэлээ. Тэгсэн “Ээ, бүр болохгүй. Наадах чинь бүдүүлэг болно штээ” гэнэ. “Зүгээр ээ, хасаад хаячих амархан. “Май. Гарын таван хурууны нэгийг нь тасдах нь уу, май чи” гээд салаавч өг. Характерын хувьд эвдэрч байгаа хүн бол ерөөсөө сөнөсөн ертөнц байдаг” гэх маягийн юм хэлээд би хариуцна гэлээ. Тэгээд хийлээ. Зэвүүн болж байна. Доржсамбуу багш “За отрывк үзүүлэхэд бэлэн үү, Пүрэвдорж оо” л гэнэ. “Бэлээн” л гэлээ. “За тэгээд үзүүлээтэх” гэсэн Ааяа жаахан шийрэгнээд л байна. Гэхдээ л үзүүлээд л тавьчихсан. Багшийг юу гэх нь вэ гээд хараад байлаа. Тэгсэн багш “За за, тэгээд цаашаа хий” гэсэн. Ингээд тэр хэсгийг яг тэрүүгээр хийсэн. Энэ мэтээр отрывкуудаа надад хариуцуулж байсан нь жүжигчнээр төгссөн ч найруулагчаар ажиллахад их дөхөм болсон. Бас нэг дурсамж ярихад “Үүрэг хүлээсэн цаг” жүжигт манай Цэнгэл гээд жүжигчин бүсгүй тоглож байсан юм. Тэр жүжигт германууд эмэгтэйчүүдийн дээгүүр алхаад гардаг хэсэг байдаг юм. Тэр хэсгийг би хийдэг байлаа. Гэтэл Цэнгэл жирэмсэн болчихсон байж л дээ. Багшаас нуугаад тэрийгээ хэлдэггүй. Намайг дээгүүр нь гарах гэхээр “Пүүжээ ах аа, дээгүүр гарахаар тархи доргиод дотор муухайраад байна” гэхээр нь би тойрч гараад байсан юм. Тэгсэн багш “Дахиад” л гэнэ, дахиад тойроод гарчихлаа. Гуравдахиа “Дахиад” гэж байна. Дахиад л тойроод гарлаа. Доржсамбуу багш “Чи яачихаад байгаа юм бэ” гэнэ. “Багш аа, хийдгээрээ хийж байна” гэлээ. “Үгүй чи солиороод бай. Яагаад дээгүүр нь алхахгүй байгаа юм” гэнэ. Би ямар Цэнгэл жирэмсэн гэлтэй биш, гүрийсэн дээ. Тэгээд л өнгөрсөн. Тэгсэн багш “Янзын зөрүүд амьтан шүү” гэж байсан.
