Найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ уран бүтээл “Би нар” нэртэй гэр бүлийн сэдэвт уран сайхны кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ. Кинонд нийгмийн хар барааныг бус гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд насны сайн сайхныг гэрэл гэгээтэйгээр үзүүлснээрээ онцлог ажээ. Кино нээлтээ хийхтэй холбоотойгоор Монгол орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би нар” захидлын уралдааныг зарлалаа.Уралдаанд I-VI дугаар анги, VII-XII дугаар анги гэсэн ангиллаар оролцох боломжтой юм. “Би нар” уралдааны зорилго нь цахим орчныг зөв ашиглахтай холбогдуулан хүүхэд бүрийн хүслийг захидлаар хүлээж авахад орших ажээ.
Уралдаанд оролцогчид 800-гаас илүүгүй үгтэй захидлыг гараар бичиж өрсөлдөх юм байна. Ангилал тус бүрт түрүүлсэн хүүхэд хамт олноороо Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулах бол удаах байранд орсон хүүхэд анги хамт олноороо “Би нар” УСК-г үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнуулах ажээ.
Техник технологийн хэт их хөгжил дэвшил хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан сэдвийг уг уран бүтээлээр хөндөж байгаа учраас захидлын уралдааныг уламжлалт буюу гараар бичих хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.
Захидлыг 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 15-ын өдөр хүртэл хүлээн авна.
Та захидлаа Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн төв байр, шуудангийн хаяг-365, Улаанбаатар-15160 хаягаар эсвэл өөрийн биеэр хүргэж өгч болох юм байна.
