Монгол Улсын нэн шинэ үеийн түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, Монгол Улсын түүхэн сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралаар түүхэн баримтат, уран сайхны кино бүтээхээр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат кино багийнхаа уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, тодруулж хэлбэл Монголын өнөөдрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг бүтээсэн түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” кино хийнэ” гэсэн юм.
Тус уран сайхны киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг тодотгож харуулах зорилготой ажээ. Энэ ч утгаараа ХХ зууны дэлхийн том улстөрчдийн дүр төрхийг харуулна гэж байлаа.
“Түүх мартахгүй” киног бүтээх баг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй, түүхэн кино гэдэг утгаараа түүх болон зохиол талаасаа зөвлөхүүд авч ажиллаж байгаа хэмээсэн.
Дашрамд дурдахад киноны дүрүүдийг сонгож эхэлсэн агаад кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаалга нээлттэй гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.
