Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж байна.
Татвараа төлж чадалгүй нас барсан хүний татварыг гэр бүлийн бусад гишүүд нь төлөх тухай заалт хуулийн төсөлд оруулсныг УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас тодруулахад,
-Хуульд тусгагдсан олон захиргаадалтын арга хэлбэрийн нэг жишээ нь энэ асуудал. Гэр бүлийн нэг гишүүн нь татвараа төлөлгүй нас барлаа гэхэд үлдсэн гишүүд нь түүний татварыг төлөх заалт бий. Энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал. Үндсэн хуульд заасан хувь хүн өөрийнхөө хариуцлагыг хүлээх зарчмыг зөрчиж байна. Компанийн хувьд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Гэтэл хэн нэгнийг татвар төлөх үүргээ биелүүлээгүй байхад хамаарал бүхий этгээдүүд гээд бусдад хариуцлага үүрүүлж болохгүй. “Хөрөнгийг нь шилжүүлж авсан” бол гэдэг үгээр халхавч хийж ийм алхам хийх гэж байна. Хөрөнгө шилжүүлж авна гэдэг бол их өргөн утга агуулдаг зүйл. Үүнийг яаж ойлгох вэ гэдэг нь энэ хэлэлцэж буй хуульд тодорхой биш байгаа юм. Ямар нэг маргаан, зөрчил гаргахгүйн тулд сайн зүйлээ хэрэгжүүлэх арга механизмаа хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Эсвэл түүнийгээ бүр болих ёстой гэж хариуллаа.