Гамшгийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг орон даяар зохион байгуулна

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

Дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулах юм байна.

Эхний дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх ёстой юм байна. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээгээрэй. Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээх юм.

Харин хоёр дахь дохио дуугарахад албан байгууллага болон гэрээсээ толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларах юм байна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна. Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх ёстой ажээ. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)