Засгийн газар өр нэмж тавьсаар буй. ДНБ-д харьцуулсан өрийн харьцаа 2018 онд 63.4 хувьтай байсан юм. Үе үеийн Засгийн газар өрийн хэмжээг нэмэгдүүлдэг ч чухам тэр мөнгөөр ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлж, хөрөнгө оруулах уу гэдэг нь хэсэгтээ л бүрхэг байдаг. Бэлэн төсөл ч ховор. Байсан нэгийг нь өөлж гоочлоно. Энэ удаа ч өнгөрсөн 20 гаруй жилд явж ирсэн замнал давтагдаж буй хоёрхон жишээг сийрүүлье.

Нэг. Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна. Манай улс ЕСБХБ-наас 2006 оноос зээл авах эрхтэй болсон байна. Өнгөрсөн хугацаанд 1.6 тэрбум еврогийн зээл авч 99 төслийг санхүүжүүлжээ. Энэ удаагийн санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 300 хүртэлх сая ам.долларын зээл авах боломжтой аж. Манайх энэ хэмжээнд нь хүртэл авахаар төлөвлөсөн байна. 10-15 жилийн хугацаатай, эхний жилүүдэд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, үлдсэн хугацаанд жилийн нэг хувийн хүүтэй байх уг зээлийн 120 орчим сая ам.доллараар нь Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замын хоёр урсгалыг барих юм байна.

Үлдсэн санхүүжилтийг ямар төсөлд зарцуулахаа Засгийн газар шийдээгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байх юм. Зээлээ авсны дараа ямар төслүүдийг санхүүжүүлэхээ ярилцана гэж тэрээр хэлж байсан.

Хоёр: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хүрээнд 40 сая ам.долларын өртэгтэй хүнсний ногооны усан хангамжийг сайжруулах ажил хийхээр төлөвлөжээ. Гэхдээ аль аймгуудад төсөл хэрэгжих талаар одоогоор эцэслэн тогтоогүй гэдгийг ХХААХҮ-ийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэлж байв.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эхлээд санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрээ батлуулаад дараа нь төслөө аль аймгуудад хэрэгжүүлэх вэ гэдгээ шийднэ. Бэлтгэл ажлыг дараа нь хийнэ гэсэн үг. Одоогоор бэлдсэн зүйл ХХААХҮ-ийн яаманд лав байхгүй” гэв.

Энэ бол хоёрхон жишээ. Өнгөрсөн парламентын үед манай улс 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, Японы зах зээлээс 30 сая иений санхүүжилт босгож, зээл авсан ч олигтой төсөлд зарцуулалгүй үрэн таран хийгээд дууссан. “Чингис” бондын эхний 500 сая ам.долларын зээлийг өнгөрсөн оны нэгдүгээр сард Засгийн газар арахийн төлж байх жишээтэй. Уг нь мега төслүүдийг санхүүжүүлээд эргээд гарах ашгаас нь төлөх боломжтой гэж байсан ч ийн мянгуужингийн үлгэр болоод байгаа билээ.

Тоо баримт дурдвал, Засгийн газар 2018 онд гадаад бондын үндсэн төлбөрт 667.0 тэрбум төгрөг, дотоод үнэт цаасны үндсэн төлбөрт 1,708.1 тэрбум төгрөг, хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн төлбөрт 213.5 тэрбум төгрөг, арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн үндсэн төлбөрт 60.0 тэрбум төгрөг, нийт 2.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг төлж барагдуулсан байна. Энэ их мөнгөөр нэг ч атугай том төсөл санхүүжүүлсэн үү гээд харвал бас л учир дутагдалтай тоо гарна. Эрх баригчид зээл авах дуртай ч харин түүнийгээ юунд зарцуулахаа шийдээгүй нь хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт байхгүйн тод илрэл бус уу.