
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 3.2-т “УИХ-ын гишүүн хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэсэн заалт бий. Гэвч УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлэхгүй байх нь энгийн үзэгдэл болсон. УИХ-ын Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралддаг. 19 гишүүнтэй Байнгын хороо 10, чуулганы нэгдсэн хуралдаан 39 гишүүн ирцээ бүртгүүлж байж хуралдана гэсэн үг. Хуулиараа бол заавал биечлэн ирж ирцээ бүртгүүлэх ёстой ч зарим гишүүний өмнөөс картыг нь хийж ирцийг автоматаар бүртгүүлэх тохиолдол гардаг. Санал хураалтын тухайд Байнгын хороо зургаа, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хамгийн багадаа 20 гишүүн суугаад хууль батлах боломжтой. Гэтэл Байнгын хорооны хуралдаанд 4-5, чуулганы нэгдсэн хуралдаанд 10 гаруйхан гишүүн суучихаад хууль батлах нь бас л энгийн үзэгдэл болсон. Учир нь, тэд хуралдаа суугаагүй бусад гишүүдийнхээ өмнөөс кнопыг нь дарж санал хураалт явуулдаг. “Төгөлдөр хуур тоглох” гэж нэрлэгдэх хүртлээ төгөлдөржсөн энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь бүртгэж, санал хураалт явуулж байхаар болсон юм. Хуулийн энэхүү өөрчлөлт ирэх хаврын чуулганы эхнээс буюу дөрөвдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн. Хурууны хээгээр санал хураалт явуулах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дараах байдлаар зохицуулсан.
91 дүгээр зүйл.Санал хураалт явуулах ерөнхий журам
91.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
91.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна.
/Энэ хэсэгт “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн 2 дахь өгүүлбэр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

УИХ-ын Тамгын газар энэхүү хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Ирэх дөрөвдүгээр сарын 5-наас хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно. УИХ-ын Тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Бэлтгэл ажлыг асар богино хугацаанд хийж, гүйцэтгэж байна. Зохион байгуулалтын хувьд хариуцлагатай, нямбай шаардлага тавигдаж байна. Өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ерөнхийдөө техникийн шийдлүүд нь гарчихсан. Хурууны хээ бүртгэх техникээ байршуулчихсан байна. Техник, программ хангамж нь шийдэгдчихсэн гэж ойлгож болно. Үндсэндээ тестэлж, шалгах л ажил үлдсэн. Нийт 600-гаад сая төгрөг шаардагдаж байна. Хамгийн бага үнээр шийдэх чиглэл өгсөн. Хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт суутгаж өгсөн юм” гэжээ.
Ийнхүү УИХ-ын гишүүд ирэх хаврын ээлжит чуулганаас эхлээд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болох нь. Хэрэв манай УИХ-ын гишүүд хариуцлагатай, ёс зүйтэй байсан бол 600 сая төгрөг зарцуулж хурууны хээгээр ирц бүртгэх, санал хураалт явуулах төхөөрөмж суурилуулах шаардлагагүй байлаа. Харамсалтай нь, дэгэнд ордоггүй УИХ-ын гишүүдийг ингэж дэглэхээс өөр арга байсангүй. 600 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг барихгүй ч аль нэг газрын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхүйц мөнгө. Хуралдаа ирдэггүй, ирсэн ч суудаггүй гишүүдийн хүнд суртал энэ удаад 600 саяар үнэлэгдлээ. Уг нь тэд сонгуулиар иргэдээ төлөөлөн УИХ-д суух амлалт өгч, бүр гуйж байж Төрийн ордонд орж ирсэн хүмүүс. Төрийн ордонд орж, УИХ-д суухыг тэгтлээ их хүссэн хэрнээ яагаад хуралдаа суудаггүйг нь ойлгоход хэцүү. Тэд дараагийн сонгуулиар дахиад л “УИХ-д суумаар байна” гэж сонгогчдоос гуйх болно.