Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэснээр эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна

Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар хүн амын нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж, энэ нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. Зөвхөн 2018 оны статистикийн мэдээллээс үзэхэд 6072 хүн шинээр оношлогдож, 4410 нас барж, 19,710 хүн хорт хавдартай амьдарч байна. Хорт хавдрын өвчлөлийн 78 гаруй хувийг элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдрууд эзэлж байна.

Зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөл /хувиар/

 

 

Дэлхий дахинд жил бүр 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг гэх тоо байдаг бөгөөд тэдгээрийн дөрвөн сая нь цагаасаа эрт буюу 30-69 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг аж.

Хорт хавдар хэдийгээр олон шалтгаан, нөлөөгөөр үүсдэг ч монголчуудын хувьд  хорт хавдрын 61.5 хувийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Тэр дундаа элэгний хорт хавдар түгээмэл тохиолдож буй хавдрын 40 орчим хувийг эзэлж байгаа аж.

Тиймээс та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хорт хавдраас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарах үүднээс эрт илрүүлж чадвал эмчлэгдэн эдгэрэх боломжтой бөгөөд эдийн засаг болоод сэтгэл санааны эрсдэлд орохгүй. Тэр ч утгаараа хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орж бүрэн эдгэрсэн тохиолдол олон бий.

-Бид үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ерөнхий багц, төрөлжсөн  багцуудыг гарган үйлчилж байна-

Бид энэ удаад урьдчилан сэргийлэх  багцын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга Б.Дэнсмаагаас тодрууллаа.

-Иргэд хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хэр хамрагддаг, үр дүн хэр байна вэ?

-Хавдар судлалын үндэсний төв нь 2018 онд хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийг гурван төрлөөр зохион байгуулсан. Нэгдүгээрт, ХСҮТ-ийг зорин ирж байгаа иргэдийг буцаалгүйгээр амбулаториор үзлэг зохион байгуулж, хавдраас урьдчилан сэргийлэх ерөнхий болон төрөлжсөн багцуудаар үйлчилж байна. Ерөнхий багцад долоо хоногт 8 болон түүнээс олон иргэн үйлчлүүлж байгаа ба иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид хандах нь ихэссээр байна.  

Хоёрдугаарт, аж, ахуй нэгж байгууллагууд байгууллагын ажилчдыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамруулах үзлэгийг ажлын бус өдрүүдэд зохион байгуулдаг.  

-Хавдрын эсрэг аян, хавдаргүй Монгол төслийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгт нийтдээ 5348 хүнийг хамруулж чадсан. Үүнд 42 хүн хорт хавдар, 292 хүн хоргүй хавдар, 515 хүн хавдрын урьдалтай гэдгийг илрүүлсэн.

-Аж, ахуй нэгж байгууллагууд байгууллагын ажилчдыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд 38 байгууллагын 3399 хүнийг хамруулснаас хортой хавдар 50, хоргүй хавдар 433, хавдрын урьдал өвчин 436 хүнд илэрсэн.

Иргэд ийнхүү хорттой болон хоргүй хавдраа эрт илрүүлснээр бие махбод, сэтгэл санаа гээд эдийн засгаар хэмжигдэшгүй олон зүйлийг хэмнэж чадсан.

Гуравдугаарт, Эрүүл мэндийн даатгалын 2018 оны есдүгээр сарын 28-нд батлагдсан 19 тоот тогтоолын хүрээнд гэрээтээр урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах эмнэлэгт сонгон шалгаруулалтаар орж тэнцсэн. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт орохоор зорин ирсэн даатгуулагчдын үзлэгийг  насны ангиллаар урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна. Мэдээж анхлан гарсан тогтоол учраас алдаа оноотой зүйлтэй, иргэдийн хувьд сэтгэл ханамжид хүрэхгүй байгаа тохиолдол бий. Гэсэн хэдий ч бид үүнд өөрсдийн хүчин чадлаараа эмч, ажилчдаа баг болгон гаргаж, ажлынх нь ачааллыг зохицуулан ажилладаг.

-Хавдрын багцыг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-Бид үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан энэхүү багцыг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Одоо иргэд энэ багцыг мэддэг, өөрийн дотны хайртай хүмүүсийг хамруулах болсон. Энэ багцыг гаргасан шалтгаан нь иргэдэд эрүүл мэндийнхээ төлөө санаа тавин эрт илрүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандаж, үйлчилгээг авах боломжоор хангахыг зорьсон. Урьдчилан сэргийлэх үзлэгийг иргэдийн хэрэгцээ шаардлагад тохирсон байдлаар ерөнхий болон төрөлжсөн багцаар хүргэж байгаа. Бид өөрсдийн хүчин чадалд тохируулан төлбөртэй тусламж, үйлчилгээний үнэ тарифаар урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж байгаа.

Бид үйлчлүүлэгчдийнхээ хажуугаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа иргэдээ ая тухтай, сэтгэл ханамж өндөртэй байдлыг үүсгэхийн тулд хичээн ажиллаж байгаа

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн ерөнхий багцын тухайд эрэгтэй хүн 198400 төгрөг, эмэгтэй хүн 233400 төгрөг төлөн хамрагдахаар байгаа. Энэ үнийн тухайд иргэдэд хэр боломжтой үнэ вэ?

- Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын үнэ холбогдох тушаал шийдвэрийн дагуу хөрсөн дээр буусан хамгийн хямд үнэ юм. Монголдоо хувийн эмнэлгүүдтэй харьцуулахад манай багцын үнэ нэг дахин бага. Бид аль болох иргэдэд бага үнээр, үр дүнтэй, далайцтай, хүртээмжтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэг хийхийг зорьж байгаа.

Элэгний хорт хавдрын эрт ирүүлгийн ач холбогдол

Иргэд харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд очиж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, өөрийн насны багцад багтсан шинжилгээ, үзлэгт хамрагдах боломжтой. Хэрвээ та харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдэд үзүүлэх боломжтой.

Хавдраас сэргийлэхийн тулд үнэн зөв мэдлэг мэдээлэлтэй байх, эрүүл мэндэд халтай зан үйлээс татгалзах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг тогтмол хийлгэх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)