Энэ өдөр-Дэлхийн түүхэнд

Өнөөдөр дэлхийн түүхэнд юу болж байсныг нэгтгэн хүргэж байна. 

МЭӨ 597 он - Вавилончууд Иерусалем хотыг эзэлжээ.

1521 он - энэ өдөр Испанийн далайчин Фернан Магеллан (Магальяйнш) (1480 — 1521) ундааны усаа нөөцлөхөөр Хомонхон гэдэг хүн амьдардаггүй аралд хүрч очжээ. Яг энэ өдөр Филиппиний арлууд нээгдсэн гэдэг бөгөөд Магеллан тэднийг Сан-Ласаро гэж нэрлэсэн байлаа. Хожим 1542 онд тэр шинэ орон нутгийг II Филипп (1527–1598)  хаанд зориулан  Филиппиний арлууд гэж шинээр нэрлэсэн байна.

1802 он - АНУ-ын Вест Пойнт дахь цэргийн академийн дэргэд АНУ-ын зэвсэгт хүчний инженерийн сургууль байгуулагдав.

1870 он - Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский "Ромео, Жульетта хоёр" бүжгин жүжгийг анхны хувилбараар нь тайзнаа тавьжээ.

1872 он - Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн "хөгшин" тэмцээн гэгдэх Английн хөлбөмбөгийн холбооны цомын анхны тэмцээнд Уондерэрс клуб Рояал Инженийрс клубыг 1-0 онооны харьцаагаар хожиж ялалт байгуулжээ.

1878 он - Энэ өдөр Уильям Бантинг нас баржээ. Тэрээр 1797 онд Англид төрсөн ажил хэрэгч,  буяны албаны мастер байлаа. Тэрээр 60 хүрээд  хэт их өөхөлснөө мэдэн амьдралынхаа хэм хэмжээг өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр эмчийнхээ тусламжтайгаар хоолны дэглэмийг бий болгон амьдралаа өөрчилж чадсан байна. Нүүрс усгүй хүнсний дэглэмийн номыг тэрээр 1864 онд бичсэн ба түүний энэ арга өнөө хүртэл хэрэглэгдэж, маш алдартай болжээ. Өнөөдөр ч түүний нэрийг ихээхэн дурсаж байгаа.

1900 он - Археологич сэр Артур Эванс Крит арлын Носсын балгас орчмоос хүрэл зэвсгийн үед хамаарах томоохон олдворыг илрүүлэв.

1914 он - Монгол улсын их  хурлыг байгуулах санааг Дотоод Яамны тэргvvн сайд, Чин сүжигт үнэн бишрэлт чин ван, да лам Г.Цэрэнчимэд сэдэж санаачилжээ. Улсын Дээд Хурал нь олон яамдын тэргүүн, дэд сайд, засаг ба засаг бус ван гүн, бэйл, бэйс, их Шавь, Хөлөн Буйр, Дарьганга, Цахарын зэрэг газрын бүгдийн дарга, нийт 50-60 хvнээс бүрдэж байжээ.

1926 он - Массачусетс мужийн Оберн хотоос холгүй талбайд Америкийн инженер Роберт Годдарт дэлхийд анх удаа шингэн түлшний пуужинг хөөргөсөн байна. Герберт Уэльсийн “Ертөнцүүдийн дайн” романд биширсэн тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг пуужингийн шингэн түлш ба пуужингийн хөдөлгүүрийн онолын математик тооцоонд зориулжээ. Түүний анхны пуужин нь түлшнийхээ хамт таван кг-аас ялимгүй илүү жинтэй байсан ба хоёр секунд хагасын дотор 56 метрийн хөндлөн нислэгийг хийж чадсан аж. Мөн тэрээр тийрэлтэт гранат харвагчийн санааг анхлан гаргасан ба Америкийн анхны “базукууд”-ыг түүний ажилд тулгуурлан хийжээ.

1940 он - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн армийн цэрэг Жеймс Исбистер, Оркни арлын төлөөх тулалдаанд амиа алдав. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр амиа алдсан хамгийн анхны британи цэрэг болжээ.

1958 он - Форд Моторс компани 50 сая дахь машинаа үйлдвэрээс гаргав.

1968 он - Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн байна.

1978 онд - Италийн экс Ерөнхий сайд Альдо Моро бусдад барьцаалагдав. Тэрээр барьцаалагсдын гарт амиа алдсан билээ.

1984 он - Ливаны Бейрут хотод ажиллагаа явуулж байсан АНУ-ын Тагнуулын төв газрын хэлтсийн дарга "Исламын хамгаалагчид" хөдөлгөөнд барьцаалагдан амь үрэгдэв.

1988 он - Иракын дарангуйлагч Саддам Хуссейны тушаалаар Иракийн  арми Курдууд голчлон аж төрдөг Халабжа тосгонд хорт хийн довтолгоо хийв. Үүний улмаас 5,000 хүн амиа алдаж, 1,000 гаруй хүн хүнд шархаджээ.

1995 он - АНУ-ын Мисиссипи муж 1865 онд батласан үндсэн хуулийн 13 дахь нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан сүүлийн муж болжээ. Уг өөрчлөлтөөр боол худалдаалах болон нийлүүлэх бүх эрхийг хориглосон байдаг.

2014 он - Украины Крымын хойгт  бүх нийтийн санал асуулга явагдаж, түүний үр дүнгээр Крым дахин ОХУ-ын мэдэлд шилжив.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)