Д.Лүндээжанцан: Нутгийн удирдлагын байгууллагуудын эрх, үүргийг оновчтой болгоно

УИХ-ын Тамгын газраас чуулганы завсарлагын хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой нөлөөтэй зарим салбарын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдөр “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг нэгтгэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барих юм. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажиллаж байна. Тус сэдвээр өнгөрсөн нэгдүгээр сард аймаг аймаг, нийслэлийн удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ удаад эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь энэ.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”, өмгөөллийн “Эм Ди Эс Хаан Лекс” ХХН-ийн гишүүн Ж.Майзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд оруулах үндсэн асуудлууд”, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд орон нутгийн төлөөллийн байгууллагаас өгөх санал”, Төв аймгийн Засаг дарга
Ж.Батжаргал “Төв, орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулахын ач холбогдлыг онцолсон юм. Тэрээр “1992 онд Үндсэн хуулиа баталсны дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд өөрчлөлт оруулах оролдлогууд хийж байсан. Боловсон хүчин, хүний нөөцийн томилгоог орон нутаг нь хийх үү, төвдөө хийх үү, төсөв хөрөнгийн зарцуулалтыг хэн удирдах уу гэх мэт хүрээнд л өөрчлөлт хийж байсан болохоос биш томоохон өөрчлөлт хийж байгаагүй. Жишээ нь баг гээд засаг захиргааны нэг байгаа боловч ямар эрх, үүрэгтэй нь тодорхой бус байгаа. Тиймээс баг, хорооноос эхлээд иргэдийнхээ ямар асуудлыг шийдэх, ямар оролцоотой байхыг нь тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн аймаг, сум, багийн дарга нар бүгд адилхан эрхтэй юм шиг харагддаг. Нэг асуудлыг бүгд хариуцдаг, эсвэл давхцаад дундаа орхидог. Амьдрал дээр байгаа энэ алдаа дутагдлыг засаж аль шатны дарга нь ямар чиг үүрэг хэрэгжүүлэхийг нь оновчтой бөгөөд тодорхой болгоно. Хоёрдугаарт, өмчийн эзэн, татвар хураамжтай холбоотой зохицуулалтыг хийнэ. Гуравдугаарт, хотын асуудал. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэж баталсан боловч хэтэрхий ерөнхий зохицуулалттайгаасаа болоод хэрэгжихгүй байгаа. Тиймээс орон нутагт байгаа хотын статусыг засаг захиргааны нэгж руу оруулъя гэж үзэж байгаа. Товчхондоо одоо хүчин төгөлдөр байгаа хуулиа сайжруулах шаардлагатай гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Үүний дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрийн гэсэн үзэл баримтлалтай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлэг болон өмнө зохион байгуулсан хэлэлцүүлгүүдийнхээ үг дүнг нэгтгээд ойрын хугацаанд хуулийн төслөө боловсруулж УИХ-д өргөн барина” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Undsen huulid uureg gej baidaggui hervee uureg baival shuuhiin haraat bus baidald aldagddag

    0 0 Хариу бичих