Ерөнхий сайд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй дайчдаа эргэлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун бас хүнд нөхцөлд энхийг сахиулж буй дайчдаа  эргэж очлоо. Тэрээр БНӨСУ дахь "Хубилай" баазад зочилсон юм. Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа. Хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байгаа ажээ. Дэлхийн хамгийн том дүрвэгсэдийн хуаранг монгол цэргүүд хамгаалж байгаа нь энэ юм. Монголын эмэгтэй албан хаагчдын тоо НҮБ-ын бусад орны эмэгтэй цэргүүдийнхээс 2,5 дахин их буюу Монголын батальоны 8 хувь нь юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа хатагтай Хироко Хирахира илэрхийлжээ. Мөн тэрээр элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа онцолжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах өмнөд Судан улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзсан байна. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад талархаж явдгаа Ерөнхийлөгч Ж.Игга хэлсэн байна. Хоёр улс боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах тухай мөн ярилцжээ. Монгол Улс НҮБ-ын мандат дор энхийг сахиулах үйл ажиллагаан дахь оролцоогоо цаашид нэмэгдүүлэхийг зорьж буй. Манай улс НҮБ-ын идэвхтэй гишүүн орон байх нь гадаад бодлогын чухал хүчин зүйл юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)