Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2019 оны гуравдугаар сарын 11-15-нд нийт 1100 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 834 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа. Энэ долоо хоногт зам тээврийн ослоор орон нутагт хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Харин нийслэлд нэг хүний амь нас хохирч, 26 хүн бэртэж гэмтжээ. Үүний найм нь бага насны хүүхэд байсан аж.

Мөн орон нутаг болон нийслэл хотод мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол, хэрэг гарч байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтран улсын бүртгэлд ороогүй мотоцикльд улсын дугаар олгох, иргэдийг “А” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулах, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 150 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)