Энэ өдөр дэлхийн түүхэнд : Гуравдугаар сарын 15

Дэлхийн нойрны өдөр

Дэлхийн нойрны өдрийг (World Sleep Day)анх удаагаа 2008 оны гуравдугаар сарын 14-нд тэмдэглэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачлагаар тэр оноос хойш гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт тэмдэглэж ирэв.Нойр бол организмын оршин тогтнох онцгой хэлбэр юм. Зөв нойр нь өдрийн идэвхээр зарцуулсан  хүчийг сэлбэж өгдөг.Хүн дундажаар өөрийн амьдралын гуравны нэгийг унтахад зориулдаг. Тогтмол нойр алдах нь эрүүл мэндэд хортой.Насанд хүрсэн хүний өдөрт 7-8 цаг, хүүхэд 10 цагаас унтах ёстой. 

 Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг (World Consumer Rights Day) АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф. Кеннедийн (John F Kennedy) 1961 онд Конгресст үг хэлсэн өдөр тэмдэглэдэг. “Хэрэглэгчид гэдэг тодорхойлолтод бид бүгд хамрагдана. Эдийн засгийн томоохон давхрага болох хэрэглэгчид нь хувийн болон засгийн газрын эдийн засгийн бараг бүх шийдвэрт нөлөөлнө” хэмээн Кеннеди хэлээд хэрэглэгчдийн дөрвөн үндсэн эрхийг тунхагласан байлаа. 

Үүнд: Аюулгүй байдлын эрх; Мэдээлэл авах эрх; Сонголт хийх эрх; Сонсогдсон байх эрх хамрагджээ. Хожим хохиролдоо нөхвөр авах, хэрэглэгчийн боловсролын эрх, суурь хэрэглээгээр хангагдсан байх эрх, эрүүл хүрээлэн буй орчны эрх зэрэг дөрвөн эрхийг нэмсэн байв. Анх энэ өдрийг 1983 онд тэмдэглэжээ. 

Унгарын тусгаар тогтнолын баяр 

1848 оны энэ өдөрПешт хотноо “Унгарын хавар” гэх хөрөнгөтний хувьсгал гарч Австрийн Габсбургуудын ноёрхолоос ангижрах үндэсний чөлөөлөх хөдөлгөөн эхэлжээ. Хэвлэлийн эрх чөлөө, Унгарын парламент ба Засгийн газар байгуулах үндсэн шаардлагаа унгарчууд гаргасан бөгөөд хэлэлцээрийн явцад тэдний шаардлагыг II Франц Иосиф хүлээн авч биелүүлсэн нь түүний гарын үсгээ тавьсан ”дөрөвдүгээр сарын хуулиудад” тусгалаа олжээ. Унгарын парламентын өмнө хариуцлага хүлээсэн анхны Засгийн газрыг нь гүн Лайош Баттяни толгойлсон юм.

Гэхдээ намар нь Унгарын сайн дурынхан болон Австрийн байнгын армийн хооронд дайн эхлэв. Эзэн хааны арми унгарчуудаас дөрөв дахин их тоотой байсан ч ялагдал хүлээн Вена хот хүртэл шахагдан ухарчээ. Оросын арми Австрид туслахаар ирж босогчдыг арай ядан дийлсэн байна. Оросууд техникээр давуу, хүний тоогоор босогчдоос тав дахин их хүчтэй байлаа. Бослогын ойг унгарчууд тусгаар тогтнолоо бүрэн сэргээсэн 1919 оноос хойш тогтмол тэмдэглэж ирэв.

 Хөлбөмбөгийн “Ливерпуль” клуб байгуулагдав

 

1892 он-Шар айргийн үйлдвэр болон зочид буудлын эзэн, бизнесмен Жон Холдинг өөрийн төрөлх хотдоо “Ливерпуль” клубыг байгууллаа. Тэр өмнө нь Британийн арлын хамгийн нэртэй “Эвертон” багийн Ерөнхийлөгчөөр 1884 онд сонгогдсон байв. Санхүүгийн зөрчилдөөнөөс болж уг багаас холбоогоо таслан гарахдаа хөл бөмбөгчидгүй сайхан талбайтай үлджээ. Холдинг Шотландынмэргэжлийн тоглогчдоор нэг баг байгуулж, “Эвертон атлетик” гэж нэрлэсэн боловч Английн хөлбөмбөгийн холбоо нэр ижил хэмээн бүртгэхээс атгалзсан байна. Эцэст нь тэр төрсөн хотынхоо нэрээр клубаа нэрлэн бүртгүүлжээ. Энэ клуб 18 удаа Английн аварга болж байсан түүхтэй.

Өнөөдөр түүхэнд

МЭӨ 44 оны гуравдугаар сарын 15–ндэртний Ромын улс төр ба нийгмийн  зүтгэлтэн, жанжин, зохиолч Гай Юлий Цезарийг хөнөөжээ.

Гай Юлий Цезарьхүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу жанжнуудын нэг гэж тооцогддог бөгөөд түүний бүтээлийг цэргийн ямар ч офицер судлах ёстой гэж Суворов, Наполеон нар тооцдог байв. Гай Юлий Цезарь МЭӨ 102 эсвэл 100 онд дээд язгууртны Юлийн отгийн гэр бүлд төрсөн гэнэ. Суллагийн дарангуйллын үеэр тэр харгислалаас зугтан Бага Азид гарсан байлаа. Дарангуйлагчийг нас барсны дараа МЭӨ 78 онд улс төрийн тэмцэлд оролцон цэргийн трибун болсон байв. МЭӨ 65 онд Цезарь тансаг театрчилсан тоглолт, гладиаторын тулаан, нийтийн хүлээн авалт зохион байгуулсаар Ромчуудын дунд нэр гарчээ. 

МЭӨ 62 онд тэр претор гэх тушаал авч улсын гэх нутгийн захирагч болсон байлаа. Тэнд тэрээр зохион байгуулагч ба жанжны авьяасаа  харуулсан юм. 

Хоёр жилийн дараа тэрээр тухайн цагийн хоёр нөлөө бүхий зүтгэлтэн Помпей, Красс нартай холбоо байгуулан консул болж чадав. Шинэ тушаалдаа тэрээр төрийн байгууламжийг бэхжүүсэн олон хуулийг гаргаж, ахмад дайчдад газар олгож, татварын  барьцааг гуравны нэгээр бууруулсан байв. Консулын хугацаа дууссаны дараа тэрээр Галлийн захирагчаар томилогдон арми байгуулж, дайн хийх эрхтэй болжээ. Галлийн дайнуудаас тэр бүх Альпийн Галлийг байлдан дагуулж, армиа 10 легионаар нэмэгдүүлсэн байв.Түүний хаан болох эрмэлзэлд нь дургүйцсэн Кассий, Брут нарын толгойлсон хуйвалдагч нар МЭӨ 44 оны гуравдугаар сарын 15-нд сенатын хуралдаан дээр Цезарийг хөнөөжээ. Хуйвалдагч нараас хэн нь ч өөрийн үхлээр төгсөөгүй, гурван жилийн дотор бүгд үхжээ.

1311 он -Грекийн Алмиросын дэргэдэх тулалдаанд Афинын захирагч V Вальтер Бриенскийн (1275–1311) арми бут цохигдов. Ингээд загалмайтны дөрөвдүгээр аяны дараа 1204 онд байгуулагдсан Афинын загалмайтнуудын вант улсын төгсгөл иржээ.

1493 он - Кристофер Колумбийн гурван хөлөг онгоцны хоёр нь  Америкаар хийсэн анхны аялалаа дуусган Испанидаа иржээ. Тэд анхны индианчуудыг тивдээ авчирчээ.

1564 он - Моголын эзэнт гүрний хаан Акбар иргэн бүрт татвар ногдуулав.

1642 он -Төвөдийн төр, шашны тэргүүдийг залах ёслол болов. Түвдийн хаан ширээнд Гүш хан Төрбайх заларсан бол бурхны шашны тэргүүнд V Далай лам Лувсанжамцыг залжээ.

1819 он - Францын физикч Августин-Жеан Фреснел Францын шинжлэх ухааны академид гэрлийн урсгал яг л усны давалгаа мэт гэдгийг батлан үзүүлжээ. Тэрээр Исаак Ньютоны онолыг өөрийн онолоороо дахин батласан юм.

1820 он - Мейн муж АНУ-ын 23 муж болжээ.

1877 он - Крикетийн спортын анхны туршилтын тэмцээн Австралийн Мельбурн хотын "МСЖ" цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

1906 он - Автомашины Роллс-Ройс компани байгуулагджээ.

1913 он - Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Гадаад явдлын яамнаа бичиг илгээв. Уг бичигт "Хятадын засгийн хэрэг шийтгэх газраас бидний Монголын тусгаар улс болсныг эдүгээ хүртэл хүлээгээгүйн дээр хятадын цэрэг энэ хавар цагт Дотоод, Гадаад Монголыг дайлаар орно хэмээлцэж буй болно” гэж дурдсан байжээ. 

1927 он - Түүхэнд анх удаа эмэгтэйчүүд завийн уралдаанд оролцлоо. Тус уралдаанд Оксфордын их сургууль болон Кембриджийн их сургуулийн багууд өрсөлдсөн байна.

1930 он - Зөвлөлт, Оросын физикч, Нобелийн шагналтан  Жорес Алферовтөржээ.

1978 он - Этиоп болон Сомали улсууд энхийн гэрээнд гарын үсэг зурж, дайн өндөрлөв.

1985 он - Интернетийн анхны домен нэр (symbolics.com) авав. 

1986 он - Сингапурт байрлах "New World" зочид буудал нурж 33 хүн амиа алджээ.

1990 он -ЗХУ-ын Ардын депутатуудын ээлжит бус их хурлаар Зөвлөлтийн Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Михаил Горбачевыг Зөвлөлтийн түүхэн дэх хамгийн анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Тэрээр энэ тушаалд бараг хоёр жил болоод Зөвлөлт задарсаны дараа 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд огцорсон юм.

1991 он - Нэгдсэн Германы удирдлагууд уулзаж, Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

2011 он - Сири улсад иргэний дайн дэгдэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)