Улсын гэх сэтэртэй бүхэн урагшилдаггүй

Улсын гэх нэр, данстай бүхэн урагшилдаггүй бичигдээгүй хууль үйлчлээд удаж байна. Хувийн эсвэл гаднын тусламжаар хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалт, төслүүд маш амжилттай хэрэгждэг атлаа улсынх болохоор гацдаг.  Хэзээнээс ч тэгж эхэлсэн юм мэдэхгүй. Ямартай ч ийм дүр зураг хэдийн танил болжээ. Эцэстээ энэ байдалдаа дээр дооргүй дасжээ. Биеллээ олохыг нь хүсэн хүлээсэн улсын нэртэй ажлууд тоочоод дуусахгүй их. Салбараар нь, ач холбогдлоор нь ангилаад харин гаргавал цэгцрэх юм. Хүн амын эрүүл мэндэд тустай гэдгээр нь эрүүл мэндийн салбарынхыг энд жишээ болгон дурдъя. Нийслэлийн хүн ам жил бүр нэмэгдэж, салбар бүрт ачаалал нэмэгдэж байгаа. Түүнийг багасгах үүднээс IV төрөх эмнэлгийн сураг дуулдсан. Гэвч нийслэлчүүд найман жил шинэ төрөхөө хүлээж байна. Улсын төсөвт санхүүжилт нь суугаагүй гэх нэрийдлээр жил бүр хойшилсоор ийн хугацаа өнгөрчээ. Манай улсад шинэ иргэнээ хүлээж авах төрөх эмнэлгээ “босгочих” чадвар байхгүй нь үнэхээр гайхмаар. Дараагийнх нь улсдаа ганц Түлэнхийн төвийн барилга мөн л 10 жил дөхөж байна. Шалтгаан нь мөн л санхүүжилтийн асуудал. Куветийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төрийн ордон барих 12 сая ам доллараар “Түлэнхийн төв” барихаар болсон. Үүний найман саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм. Энэ нь мөн 2010 оноос хойш яригдаж эхэлсэн. Тэрнээс хойш түгээмэл бэрхшээл болох санхүүжилт нь шийдэгдэхгүй явсаар 2015 онтой золгосон. Түмэн удаа хойшилсон энэ барилгын ажил хамгийн сүүлийн хугацаагаар өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орох байлаа. Гэхдээ өнөөдөр Түлэнхийн төвийнхэн ГССҮТ-ийн нэг буланд толгой хоргодсон хэвээр. Иргэдийн эрүүл мэндээс чухал асуудал манай улсад олон байдаг бололтой. Цаашлаад ХӨСҮТ-ийн лабораториос эхлүүлээд энэ салбарын гацсан барилгууд их бий. Энэ зөвхөн ашиглалтад орох барилгуудынх нь хэсэг гэдгийг тодотгоё. Эрчим хүчний салбараас үргэлжлүүлэн жишээ татъя. Манай улсын стратегийн чухал салбар эрчим хүчний станцын хамгийн отгон нь 30 жилийн настай. Тухайлбал, ДЦС II 1961, ДЦС III 1968, ДЦС IV 1983, Дарханы станц 1965, Эрдэнэтийнх 1986, Дорнодынх 1969, Даланзадгадынх 1980 онд ашиглалтад орсон байдаг. Насжилт өндөр тул тун эрсдэлтэй, найдваргүй байгааг өнгөрсөн оны IV цахилгаан станцын “0” зогсолт харуулсан. Системийн шинэчлэлийн хүрээнд V цахилгаан станц барих тухай 10 жил ярьж байна. Яриа хэвээрээ одоо болтол үргэлжилсээр байгаа юм. Гэтэл хувийн хэвшилд зөвшөөрөл олгох журмаар явдаг сэргээгдэх эрчим хүчний төслүүд амжилттай хэрэгжсээр зах зээл нь бүр хахаад байна. Энэ бол улсын нэртэй бүхэн урагшилдаггүйн энгийн жишээ. Зөвхөн царцсан барилга байгууламж, төсөл гэлтгүй үйлчилгээ, үйлдвэрлэл гэх мэт ч бий.

Тухайлбал, банкны салбарын талаар сонирхуулъя. Хэдийгээр банкны салбарыг олон нийт шүүмжилдэг ч өнөөдөр олон банкны өрсөлдөөн дунд үйлчилгээ нь хамгийн ойр болж хөгжиж яваа салбар. Жил ирэх бүр иргэдийн цагийг хэмнэсэн үйлчилгээ нэвтрүүлсээр байгаа. АТМ-ны тоо нэмэгдэж, үйлчилгээ хялбарчилж байна. Төрийн мэдлийн банкны үйлчилгээ, салбарын талаар бодоод үзээрэй. Цаашлаад НИК-ийн хувьчлал байна. Хэдийгээр үүнийг хувьчилснаар шатахууны үнийн асуудал эмзэг болсон ч үйлчилгээ сайжирсан. ШТС-ууд мөн л банкны салбар шиг өрсөлдөөн дундаас үйлчилгээ нь сайжирсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. тийм шүү өөрийгөө болгоод амьдарч ядаж яваа ард иргэдээ төрийн утга учиргүй амьдралаас тасархай хуулиар бүү дарамтал ж нь татварын хууль

    0 0 Хариу бичих
  2. Энэ байдал бол үнэн шүү дээ. Хувьчлалын ажлыг буруугаар аштгласан зүйл байна. Гэхээ энэ талаар буруу хувьчлал хийсэн асуудал нь яригдах ёстой. Гэтэл бүх юм улсын өмч байх ёстой. Ер нь булааж авнав буцааж улсын болгоно. Хувийн юм болгон сэжигтэй гэсэн санаа сүүлийн үед их хүчтэй боллоо. Улс орны эдийн засаг хувийн хэ.вшилдээр тогтож байгаа шүү дээ. Яагаад асуудал ярихаар ганц өнцгөөр юманд хандаад байна вэ. Энэ янзаар явбал ирээдүй хойч үе маань хувийн хэвшлийг үзэн ядсан , хөрөнгө хогшлийг устгах. хүнийг алц хядахх сэтгэлгээтэй ч болохоор байна. Үүнийг анхаарахгүй бол болохоо байлаав

    0 0 Хариу бичих
  3. Арай дээ ямар ч хууль хяналт байхгүй яадарсан хэдэн ард иргэддээ болхоор хууль загаад байдаг энэ ажйлаа эргэж нэг хармаар юмаа ЕӨРӨНХИЙЙЛӨГЧ САЙД ДАРГА НАРАА

    0 0 Хариу бичих