Гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл олгоход авлигын нөхцөл үүссэн гэв

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үзүүлж буй гадаадын иргэн авч ажиллуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, урилга олгоход аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын НД-7, НД-8 маягт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, иргэний лавлагаа зэрэг долоон төрлийн материалыг давхардуулж авдаг зөрчил байгаа гэж АТГ-аас үзжээ.

Ингэснээр зөвхөн 2018 онд гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлах болон урилга олгосон 943 боть архивын материал үүсчээ. Энэ нь тус салбарын ажилтнуудад зохиомол ажлын ачаалал үүсэх, иргэн, аж ахуйн нэгжид шат дамжлага ихтэй, хүндрэлтэй үйлчилгээ болж авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болдог гэв.

Иймд уг үйлчилгээг тодорхой үе шаттайгаар цахимжуулах, цаашлаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам түүний харьяа агентлагуудын үзүүлж буй төрийн үйлчилгээг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүдийн дунд уулзалтыг АТГ-аас хамтран зохион байгуулжээ. Үүний үр дүнд Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны эхний хагас жилд багтаан зарим мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)