#HateSpeech ба монголчууд

Дэлхий даяар сошиал буюу нийгмийн сүлжээний хэрэглээ хурдацтай нэмэгдэхийн хэрээр эерэг, сөрөг нөлөөлөл нь ч илтэд ажиглагдах болжээ. Сошиал сүлжээний хэрэглэгчид өөрсдөө мэдээллийг бүтээгч, хүлээн авагч болохын зэрэгцээ дамжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх болсноор мэдээллийн талбарт иргэдийн оролцоо нэмэгдэв. Нүд ирмэх зуурт хэдэн мянгаас хэдэн сая хүнд мэдээллээ түгээх боломжтой болсон ч үүнийг нь даган fake news-хуурамч мэдээ, hate speech – үзэн ядах үг хэллэг тархалт ч нэмэгдэх болжээ. Хуурамч мэдээ, үзэн ядах үг хэллэг нь дэлхий даяар шинэ ойлголт ч гэлээ сошиалчдын хэрэглээнд хурдацтай нэвтэрч байгаа нь нийгмийн сүлжээн дэх ёс бус зүйлсийг зохицуулахад анхаарах, гэхдээ хэрхэн яаж вэ гэсэн мэтгэлцээн өрнөхөд хүргээд байгаа юм.

Фэйсбүүк, Твиттер зэрэг сошиал медиа платформууд зохицуулалтаа сайжруулах шаардлага улам ихсэж, зарим улс орнууд хууль, эрх зүйн орчин бүрдүүлж эхэлжээ.  Тухайлбал, ХБНГУ-д 2018 оны нэгдүгээр сараас Нийгмийн мэдээллийн сүлжээнд сахиулах хууль, Монгол улсын хувьд Иргэний хуулийн зарим заалт, Зөрчлийн хуулиар нийгмийн сүлжээн дэх хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэгийг зохицуулж байгаа гэж хэлж болно.

Hate speech буюу үзэн ядах үг хэллэгийг онцгойлон авч үзэхийн учир нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүн рүү дайрч давшлах, үзэн ядах хандлага илт ажиглагдах болсон, цаашилбал цахим гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болж байгаа гэхэд хилсдэхгүй.

Хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг “Hate Speech” буюу үзэн ядах үг хэллэгийн талаарх ойлголт, судалгаа манай улсад хангалтгүй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойчэ Вэллэ Академийн дэмжлэгтэйгээр Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн судлаачид хийж гүйцэтгэжээ.

“2017-2018 онд болсон олон нийтийн анхаарлыг татсан зарим үйл явдалд сэдэвчилсэн байдлаар, Фэйсбүүкийн хэрэглэгчдийн түгээсэн мэдээлэлд анализ хийж үзэхэд үзэн ядах үг хэллэг маш ихээр тархаж, цаашлаад үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэгт уриалан дуудах, өдөөн турхирах ноцтой үр дагавар бий болгох эрсдэлтэй байна”.

Нийгмийн мэдээллийн сүлжээнд үзэн ядах үг хэллэг ийнхүү өргөн тархаж, хэвийн ойлголт мэт болсон нь хүүхэд, залуучуудын дунд сөрөг хэвшмэл ойлголтыг улам бүр түгээж, буруу дадал хэвшил бий болгохоор байна гэж тус судалгааны өмнөтгөлд дурджээ.

Нийгмийн мэдээллийн сүлжээн дэх үзэн ядах үг хэллэг судалгааг нийгмийн мэдээллийн сүлжээний төлөөлөл болгон монголчуудын хамгийн их хэрэглэдэг Фэйсбүүкийг сонгосон байна. Ингэхдээ Фэйсбүүкийн хайлтын системд тодорхой үйл явдлуудын хүрээнд олон нийтэд нээлттэй тохиргоотой мэдээлэлд (public post) урьдчилан бэлтгэсэн түлхүүр үгээр хайлт хийж хамгийн их хариу үйлдэл (like, comment), түгээлт (sharing) авсан мэдээллүүдийг түүвэрлэн авч контент анализын судалгааны аргаар тоон болон чанарын шинжилгээ хийжээ.

Үзэн ядах үг хэллэг агуулсан контентыг бүрдүүлэх явцдаа бүртгэгдсэн мэдээллүүдийг репорт хийсэн бөгөөд Фэйсбүүк үүнд ямар хариу үйлдэл үзүүлж буйг давхар ажиглалаа.

Харин хамрах хүрээний хувьд нийгэмд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн, иргэд, олон нийт үзэл бодлоо илэрхийлэхдээ үзэн ядах үг хэллэг ихээр хэрэглэсэн байж болзошгүй хэмээн ажиглагдсан

  • Ерөнхийлөгчийн сонгууль – 2017 оны зургаадугаар сар;
  • ЛГБТИ хүмүүсийн "Тэгш эрхийн төлөө алхалт"– 2018 оны наймдугаар сар;
  • Багш нарын ажил хаялт –  2018 оны есдүгээр сар;
  • УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой ёс зүйн асуудал  – 2018 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар гэсэн үйл явдлыг сонгон авчээ.

Тухайн үйл явдлын хүрээнд сонгогдсон мэдээлэлд үзэн ядах үг хэллэгийг ямар хандлагаар түгээж байгааг тодорхойлохын тулд урьдчилан боловсруулсан тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэллээ.

Шалгуур үзүүлэлт нь:

Үндэс, угсаа
Нас
Хүйс, жендэр
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл
Нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ
Эрхэлсэн ажил, албан тушаал
Шашин шүтлэг
Үзэл бодол
Эрүүл мэндийн нөхцөл байдал

Эдгээр түгээмэл хандлагыг агуулсан мэдээллийн түгээгч нь хэн байв? ямар хэлбэрээр түгээж байна? хэн рүү хандсан байна? гэсэн үндсэн гурван асуултад хариулахаар хэмжилтүүдийг хийсэн аж.

Судалгааны явцад тодорхой дөрвөн үйл явдлын хүрээнд үзэн ядах үг хэллэг агуулсан нийт 271 Фэйсбүүк постыг бүртгэж авлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд үзэн ядах үг хэллэг нэг үйл явдалд дунджаар 68 удаа тохиолдсон байна. Үүнийг үйл явдал тус бүрээр нь ангилж харвал үзэн ядах үг хэллэг агуулсан хоёр контент тутмын нэг нь ерөнхийлөгчийн сонгуулийн үед, таван мэдээлэл тутмын нэг нь ЛГБТИ хүмүүсийн "Тэгш эрхийн төлөө алхалт"болон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой ёс зүйн асуудлыг хөндсөн постуудад илэрчээ.

Үйл явдал тус бүрээр /хувиар

Үзэн ядах үг хэллэг агуулсан хоёр контент тутмын нэг нь текст, гурван мэдээлэл тутмын нэг нь текст, зурагхосолсон хэлбэрээр түгээгдэж байна.

Мэдээллийн хэлбэр /хувиар

Нэг мэдээлэлд дунджаар 432 хариу үйлдэл үзүүлжээ

Эдгээр мэдээлэлд 117,087 хариу үлдэл үзүүлжээ. Үзэн ядах үг хэллэг бүхий контентыг хүмүүс ихэвчлэн  лайк дарж, бусадтай хуваалцсан байна. 

Хариу үйлдлийн хэлбэр /хувиар / тоогоор

Хамгийн их хариу үйлдэл үзүүлсэн постуудын жишээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хамгийн их буюу 7909 удаа хариу үйлдэл үзүүлсэн постын жишээ:

1500 лайк, 272 сэтгэгдэлтэй, 6137 удаа хуваалцсан

ЛГБТИ хүмүүсийн"Тэгш эрхийн төлөө алхалт”-ын үеийн хамгийн их буюу 2050 удаа хариу үйлдэл үзүүлсэн постын жишээ:

1100 лайк, 413 сэтгэгдэлтэй, 537 удаа хуваалцсан

Багш нарын ажил хаялтын үеийн хамгийн их буюу 3020 удаа хариу үйлдэл үзүүлсэн постын жишээ:

451 лайк, 203 сэтгэгдэлтэй, 2366 удаа хуваалцсан

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой ёс зүйн асуудлыг хөндсөн агуулгатай хамгийн их буюу 5110 удаа хариу үйлдэл үзүүлсэн постын жишээ:

2600 лайк, 1018 сэтгэгдэлтэй, 1492 удаа хуваалцсан

Нийгмийн мэдээллийн сүлжээнд бусдыг үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан, доромжилсон хандлагатай мэдээлэл давамгайлдаг. 

Судалгааны дүнгээс харахад бусдыг үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан, доромжилсон хандлагатай мэдээллүүд түгээмэл  ажиглагдлаа. Ялангуяа ЛГБТИ хүмүүсийн "Тэгш эрхийн төлөө алхалт"-ын тухай бичихдээ арван мэдээлэл тутмын наймд нь тэднийг доромжилсон өнгө аясаар бичсэн нь анхаарал ихээхэн татаж байна.

Тухайн мэдээллийг ямар хандлагаар бичсэн/ хувиар

ЛГБТИ хүмүүсийн "Тэгш эрхийн төлөө алхалт"болон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бусдыг доромжилсон, харин УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой ёс зүйн асуудал болон  багш нарын ажил хаялтын үеэр бусдыг өдөөн турхирсан хандлагатай мэдээлэл давамгайлжээ.

Үзэн ядах үг хэллэг агуулсан мэдээллийн гуравны хоёрыг жирийн иргэд түгээж байна. Мөн таван хүн тутмын нэг нь нийгмийн мэдээллийн сүлжээнд олны танил болсон “идэвхтэн”, арван хүн тутмын нэг нь сэтгүүлч байгаа нь анхаарал татахуйц дүр зураг байлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээний “идэвхтэн” гэдэгт таван мянгаас дээш найз буюу дагагчтай нүүр хуудсыг хамруулсан болно.

Бусад гэдэг ангилалд хэн нэгэн хувь хүний болон хуулийн этгээдийн албан ёсны хуудас (page) гэж шууд тодорхойлох боломжгүй хуудаснууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээллээ түгээдэг хуудсуудыг оруулав. Тухайлбал,  DMNN, Бид Монголчууд, Хэн Юу Яасан Гэнээ, Цуурай, Ёоонк/Yoonk, TV5 Mongolia, Dorgio.mn, MedeeMN - Үнэнийг мэдээлнэ гэх мэт хуудсыг хамрууллаа.

Түгээгч хэн байв

Фэйсбүүк дэх үзэн ядах үг хэллэг бүхий постуудын жишээг хэн түгээж байгаагаар нь дор ангилан харуулъя. Зарим тохиолдолд пост өөрөө үзэн ядах үг хэллэг шууд агуулаагүй ч үзэн ядах үг хэллэг бүхий сэтгэгдлүүд цуглуулах агуулгатай байсан гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Нийгмийн мэдээллийн сүлжээнд үзэн ядах үг хэллэгийн давтамж, цар хүрээ асар их  байгааг уг судалгаа харуулж байгаа юм. Хэрэглэгчид хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүн рүү дайрч давшлах, хараалын үгээр залхаан цээрлүүлэх, гутаан доромжлохыг хэвийн үзэгдэл мэт хүлээж авах болсныг энэхүү судалгааны хүрээнд цуглуулсан жишээнүүд бэлхэн нотлож байна. Иймд, иргэдийг нийгмийн мэдээллийн сүлжээг ёс зүйтэй, зөв ашиглах, хүний эрхийг дээдэлсэн зөв хандлагатай болгох чиглэлд анхаарах зайлшгүй шаардлага тулгамдаж байна. Үүнд:

  • Үзэн ядах үг хэллэгийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах кампанит ажил өрнүүлэх;
  • Олон нийтийн “Media Literacy”буюу хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх, мэдээллийг “шүүлтүүр”-тэйгээр хүлээн авах чадвар олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Нийгмийн мэдээллийн сүлжээг үр ашигтай хэрэглэх, цахим орчинд зөв боловсон биеэ авч явах талаар кампанит ажил өрнүүлэх хэрэгцээ байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene sudalgaagaar hen ch hate speech, fake news-iig Facebook-d report-loogui n' sonin. Uug n' hudlaa medeeg post-ny baruun deer tovchon deer daraar ustguulahaar dor n' huselt gargaj bolno.

    0 0 Хариу бичих