
Их Британийн Бристол хотын Ко Эксист гэх компани эмэгтэй ажилчиддаа зориулж нэгэн уян хатан бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус компанийн эмэгтэй ажилчид сарын тэмдгийн мөчлөгийн үед ажиллахгүй байж болох шинэ бодлого юм. Энэ нь ажилчдыг илүү үр ашигтай, бүтээмжтэй ажиллах боломжоор хангана гэдэгт компанийн удирдлагууд итгэлтэй байгаа аж.

Тус компанийн захирал, хатагтай Бекс Бакстер “Би олон жил эмэгтэйчүүдтэй ажилласан. Тэд сарын тэмдэгийн мөчлөгийн үед бие нь тавгүйдэж, ажлын бүтээмж нь хоёр дахин буурдаг” хэмээн ярьсан юм. Ко Эксист компани нь 24 ажилчинтай бөгөөд 16 нь эмэгтэй гэнэ. Гэхдээ эл шийдвэр хараахан батлагдаагүй байгаа бөгөөд энэ сарын сүүлээр хэрэгжиж эхлүүлэхээр хэлэлцээд байна.
Дашрамд дурьдахад, эмэгтэйчүүдийн эрх ашгийг дээдэлсэн ийм бодлого Япон, Хятад, Өмнөд Солонгос, Тайванийн зарим компаниудад байдаг аж. Харин тус компани ийм санаа гаргасан Их Британийн анхны байгууллагаар тодроод байна.
