Сургамж дүүрэн Венесуэль

Өмнөд Америкт “Халуун цэг” бий болох уу

Газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлж, байгалийн баялгаар дээгүүр ордог Венесуэль улс өдгөө эдийн засгийн гүн хямралд нэрвэгдэж, иргэд нь сая, саяараа гадаад руу дүрвэх болжээ. Нэгэн үе хөгжин цэцэглэж байсан ч XX зууны сүүлийн хагаст эдийн засгийн хямралд өртөж, улмаар популист удирдагч Уго Чавес, түүний залгамжлагч Н.Мадуро нарын гараар энэ орон эдүгээ том гүрнүүдийн геополитикийн тоглоомын хэрэгсэл, дайн тулааны талбар болох дээрээ тулаад байна. 

Хямралын эхлэл, үргэлжлэл буюу Уго Чавес, Н.Мадуро, Венесуэлийн өнөөгийн байдлын талаар бичихийн тулд энэ бүхний эхлэлийг тавьсан нэг хүнийг заавал бичих ёстой болно. Энэ хүн бол Уго Чавес юм. Хөрөнгөт нийгмийн бодит жишээ байсан Венесуэль улсад коммунизм байгуулах бүтэлгүй оролдлого 1998 оноос буюу Уго Чавес төрийн эрхэнд гарсан тэр үеэс эхэлдэг. Уго Рафаэль Чавес Фриас 1954 оны долдугаар сарын 28-нд Венесуэлийн Баринас мужийн Сабанета тосгонд төржээ. Тосгоны иргэд бараг бүгд шахуу фермерийн аж ахуй эрхлэн амьдардаг учир сургуульд багшилдаг эцэг, эх нь тосгондоо боловсролтой хүмүүст тооцогддог байж. Боловсролтой ч ядуу учир улс төрийн ихэд идэвхтэй хүмүүс байсан гэдэг. Энэ идэвх нь яван явсаар манай өгүүллийн гол баатрын эцэг Уго де лос Рейесийг улстөрч болгон хувиргажээ. Дон Уго эхлээд мужийн боловсролын газрын даргаар сонгогдож, хожим Баринас мужийн захирагч болсон байна. У.Чавесыг анх төрөх үед ядуу амьдрал угтан авсан ч тэрээр эцгийнхээ нөөлгөөр бус, бейсбол сайн тоглодгийнхоо ачаар энэ байдлаас зугтаж чадсан нь сонирхолтой. Тухайн үед бэйсбол Венесуэлийн хамгийн түгээмэл спорт байсан бөгөөд одоогийн АНУ-ын “Major League Baseball”-той эн зэрэгцэхүйц Үндэсний лигийн тэмцээнийг зохион явуулдаг байжээ. Мөн Төв болон Өмнөд Америкийн орнуудыг хамарсан олон улсын тэмцээн ч цөөнгүй байсан гэнэ. Бейсбол сайн тоглодгийнхоо ачаар Уго Чавес улсынхаа Цэргийн их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах эрх авч, ажил дээр гарсныхаа дараа албан тушаалын “шат”-аар маш хурдан өгссөн юм.

Тэрээр сургууль төгсөөд хэдхэн жилийн дараа тусгай албаны шүхэрчдийг захирах болов. У.Чавес авлигыг үзэж чаддагүй байсан бөгөөд зэвсэгт хүчинд ажиллаж байхдаа дээд тушаалын офицеруудын дунд авлига хээл хахууль ихээр дэлгэрсэн байдлыг мэдэж ихэд гутарсан гэдэг. Чухам энэ үед л тэрээр ирээдүй бол капитализм биш социализм гэдгийг ойлгосон хэмээн намтарт нь бичжээ. Зөвхөн ойлгоод суугаад байсангүй, үзэл санаа нэгтэй офицеруудтай хамтарч, авлигатай тэмцэх зорилготой гэх “Боливарын хувьсгалт хөдөлгөөн” гэгчийг 1992 онд үүсгэн байгуулжээ. Улмаар 12000 дэмжигчтэй болонгуутаа төрийн эргэлт хийх оролдлогыг хийтэл, олон зуун хүний аминд хүрсэн цуст мөргөлдөөн ялагдлаар төгсч, У.Чавес шоронд орох нь тэр. Гэтэл гайхалтай зүйл болж, шоронд өнгөрөөсөн хоёр жилийн хугацаанд мань эр Венесуэлийн үндэсний баатар болон хувирчээ.

Тэрээр эрх баригчдыг гадаадын хөрөнгө оруулагчидтай сүлбэлдэн эх орноо худалдсан, ард түмэнд шударга бус ханддаг хэмээн шүүмжилж, энэ нь ч ард түмний санаанд яв цав нийцэж байлаа. Энэ шүүмжлэл үнэний хувьтай байсан тул 1998 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 56 хувь нь түүний төлөө саналаа өгчээ. Засгийн эрхэнд гараад түүний хийсэн шинэчлэлтүүдэд М.Горбачев ч атаархах биз. Улс төрийн тогтолцоо, эдийн засаг гээд л улс орныхоо бүх салбарыг өөрчилж, Куба улсын канондсан хувилбар болгож орхисон. Зөвхөн эдийн засгийн салбарт л гэхэд 2001 онд 49 шинэ хууль гаргасан нь хэрвээ ийм төрлийн шалгаруулалт байдаг бол дэлхийн дээд амжилтад тооцогдох байсан биз ээ. Тэрээр газрын эзэд, баячуудад хөрөнгөө улсад сайн дураараа нийгэмчлэх, эсвэл хөрөнгөө хүчээр нийгэмчлүүлээд шоронд орох гэсэн хоёр юм шиг боловч ганцхан боломж олгосон билээ. Бидний шимтэн үздэг байсан “Халтар царайт” кинонд гардаг баян хоосны ялгааг тэрээр үндсээр нь арилгаж, баян хоосонгүй бүгд адилхан чинээлэг дунджийг бий болгохыг зорьсон нь энэ байлаа. Харамсалтай энэ олон хууль түүний бодож байсан шиг сайн үр дүн авчраагүй юм. Венесуэльчүүд бүгд адилхан болох нь болсон. Гэхдээ бүгд чинээлэг дундаж биш харин ядуус, үгээгүй ядуус болж орхисон билээ. Венесуэлийг өнөөгийн хямралд хүрэх эхлэлийг тавьсан хүн бол тэр. Улсаа сүйрүүлсэн гол хүн нь ч тэр. Гэсэн ч ард түнийхээ хайртай хүү, удирдагч хэвээр энэ хорвоогоос буцсан нь сайн удирдагч байсных бус, ядуус ихтэй улсад шударга ёс ярьж, олонхийн талд байсных нь шагнал гэлтэй. Тэрээр нас барахаасаа өмнө автобусны жолооч нарын Үйлдвэрчний эвлэлийн орлогч гишүүнээс олон нийтийн ажлын гараагаа эхлүүлсэн Н.Мадурог өөрийн залгамжлагчаар тодруулж, дэд ерөнхийлөгчөөр томилж, удирдагчаараа зарласан юм.

Н.Мадуро ч улс орныг таван жил удирдахдаа баячуудыг дээрэмдсэнээ хоосон ядууст тарааж өгөх У.Чавесын бодлогыг яг үргэлжлүүлж буй. Дээд боловсрол эзэмшээгүй түүнийг эхэндээ У.Чавесын нэр нөлөө л эрх мэдэлд тогтоож байсан бол өдгөө нөөц нь шавхагдаж байгааг одоогийн нөхцөл байдал харуулж байна. Эчнээ дайны талбар буюу жижиг улс бие даасан геополитикийн бодлого явуулах боломж хомс, бараг боломжгүй. Их гүрнүүд болзошгүй өрсөлдөгчийнхөө хажууд нөлөөний бүстэй болохыг эрмэлзэж, жижиг улсуудыг онилсоор ирсэн. Авлига хээл хахуульд автагдсан улстөрчид, мэдлэг боловсролгүй иргэд их гүрний анхаарлыг татдаг бөгөөд чухам үүн дээр нь дөрөөлж ашиггүй сонголт хийхэд хүргэдэг юм. Венесуэльчүүдийн хувьд Уго Чавес төрийн эрхэнд гарсан нь өөрсдөөс нь шалтгаалсан бол сүүлд ОХУ-тай хэт сүжирснээсээ болж АНУын хоригт өртөн зовж байгаа гэж хэлж болно. Ажиглагчид яг энэ утгаар нь Венесуэлийг Украйнтай зүйрлэж байгаа нь үнэний хувьтай. Зарагдахгүй байхын зовлонгүй газрын тосны арвин их нөөцэй. Газрын тосны хамгийн том худалдан авагч АНУ хажууд нь шахам. Тэдэнтэй харилцан ашигтай хамтраад явахад л хөгжин цэцэглэх боломж венесуэльчуудад хангалттай байсан. Мөн тус улс газар нутгийн хувьд олон улстай хиллэдэг, далайд гарцтай. Гагцхүү буруу үзэл бодолтой удирдагчийн гараар хийгдсэн буруу сонголтын уршгаар л өдгөө иргэд нь сая саяараа гадагш дүрвэж байна.

Оросын судлаачид эдүгээ “Бид Венесуэлийг яасан ч орхиж болохгүй” хэмээн бичиж байгаа нь сайны ёр яавч биш. Магадгүй, венесуэльчүүд сая саяараа эх орноо орхин зугтаж байгаа нь дан ганц өлсгөлөн гуйланчлалаас болоогүй, удахгүй ирэх цөвүүн цагийг мэдэрснийх ч байж болох юм.

НҮБ асуудал шийдэх механизм байхаа больсон

Дэлхий нийт нэгэн үе НҮБ-ыг хамгийн хүчирхэг байгууллага гэж тооцон, ямар ч үл ойлголцол гарсан зохицуулах хүчтэй гэж боддог байлаа. “Гаднын ямар нэг улс халдвал НҮБ болиулна” гэж бат нот итгэдэг байв. Гэвч тийм биш гэдгийг өнгөрсөн үйл явдлууд харууллаа. Сири, Украйны асуудал дээр шалдаа буутал дордсон НҮБ-ын нэр хүнд Венесуэлийн асуудалд ч сул талаа харуулж, мухардмал байдалд оруулаад байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын таван гишүүнийхээ 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг гэдгийг бүгд мэднэ. Чухам энэ дүрэм НҮБ-ыг үүргээ гүйцэтгэхэд саад болж, улмаар иргэдийн итгэл алдахад хүргэсэн. Сирид энхийг сахиулагч оруулах шийдвэрийг ОХУ хориглосоор асуудлыг өөрсдийнхөөрөө шийдсэн. Венесуэлийн асуудал дээр ч энэ байдал тод харагдаж байна. Тус улсад зориулж АНУ, ОХУ-ын тус тусдаа боловсруулсан тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцсэн ч аль алиныг нь баталсангүй.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол байнгын таван гишүүний 100 хувийн саналаар л батлагдах боломжтой байдаг. АНУ-ын тогтоолын төсөл Венесуэлд ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах зэрэг өөрчлөлт хийх агуулгатай байсан бол ОХУ одоо байгаа удирдагчдыг нь хэвээр үлдээж, өөр бусад арга хэмжээг авах ёстой гэсэн саналтай байсан юм.

Энэ мэтчилэнгээр дэлхийн аль нэг өнцөг буланд болж буй мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн эрх ашигт нөлөөлж байх юм бол НҮБ хөндлөнгөөс харахаас өөр юу ч хийж чадахгүй байдалд хүрчээ. Энэ байдлыг хэрхэн шийдэхийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Ердийн олонхиор асуудал шийддэг байсан бол хоёр тогтоол аль аль нь батлагдах боломжтой байв. НҮБ дахь ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя үүнд ихэд бухимдаж, асуудал шийдгүй үлдсэнийг шүүмжилж, НҮБ-ын бололцоог тун доогуур үнэлсэн мэдэгдлийг хийсэн. Гэвч олонхийн саналаар шийдвэр гаргадаг болохыг ОХУ эсэргүүцдэг билээ. Хэрвээ Аюулгүйн зөвлөлийн санал хураах одоогийн дүрмийг өөрчлөх юм бол ОХУ шийдвэртэй арга хэмжээ авна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан. Үнэхээр ч олонхийн саналаар шийддэг болсон тохиолдолд НҮБ тарж бутрах ч магадлалтай юм.

Өмнөд Америкт “Халуун цэг” бий болох уу?

Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчөөр зарласан нь АНУ-ын төлөвлөсөн ажиллагааны зөвхөн эхлэл гэдэг нь тодорхой болж байна. Улс төр судлаач Дмитрий Суслов энэ талаар “Бид Сирид төлөвлөгөөг нь тасалдуулсны хариуг тэд одоо авч байна. Бид Венесуэлийн коммунистуудыг дэмжихэд тэд Украйны бандерчуудыг дэмжсэн. Улстөрчдийг нь авлигадахад таван тэрбум ам.доллар зарцуулж Л.Януковичийг унагасан” хэмээн бичжээ. Тэрээр нийтлэлдээ “АНУ өөрсдөө Венесуэлд цэргийн ажиллагаа явуулах магадлал байга. Тэдний арми Ирак гэх мэт тал газарт байлдах туршлагатай. Венесуэль шиг өндөр уул, өтгөн ширэнгэтэй газарт бол хоёр дахь Вьетнам, эсвэл Куба болох магадлалтай. Бразил, Колумби Вашингтоныг дэмжиж байгаа ч нэг нь дотоодын дайн самуунаасаа дөнгөж ангижраад байгаа. Нөгөө нь улс төрийн тогтворгүй байдалд байна” хэмээн дайтах боломжийн талаар дэнсэлсэн нь анхаарал татна.

Энэхүү нийтлэлийг бичиж байх үед (III.01) Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Колумби улсад ажиллаж байсан бөгөөд үүнээс нэг хоногийн өмнө Ерөнхийлөгч Н.Мадуро “Колумбид манай улсын эсрэг тэмцэх зэвсэгт бүлэглэл байгуулагдаж байна гэсэн мэдээллийг бид авлаа. Хилийн хоригийг зөрчсөнийх нь төлөө түүнд хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдээд байв. Түүнийг ингэж хэлсний дараа АНУын Дэд ерөнхийлөгч Майк Пенс “Хэрвээ Хуан Гуайдог буцаж очиход нь баривчлах юм бол глобал чанартай хариу арга хэмжээ авна” гэж анхааруулсан нь Н.Мадурогоос хамаагүй дээд төвшний хүнд хандаж хэлсэн мэт сонсогдсоныг хэлэх хэрэгтэй. Глобал чанартай хариу гэдэг нь нөлөөний улсуудаа Венесуэлийн эсрэг босгоно гэсэн анхааруулга бөгөөд үүнд Венесуэлтэй хиллэдэг Колумби, Бразил улс багтаж байгааг Н.Мадуро сайн мэдэж байх учиртай. Дээр дурдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн чуулган дээр Венесуэлийн төлөөлөгч Самуэль Монкада “АНУ хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэрээр хүмүүсийг татаж, хөлснийхнөөс бүрдсэн “Венесуэлийг чөлөөлөх арми” гэгчийг зохион байгуулахыг санаархаж байгаа” гэж мэдэгдээд Венесуэльд ямар ч тохиолдолд цэрэг зэвсгийн хүчээр довтлохгүй гэсэн баталгааг Аюулгүйн зөвлөлөөр гаргуулж авахыг хүссэн нь анхаарал татаж байв. С.Монкадагийн үгээр бол дүрвэсэн венесуэльчүүд АНУ-ын мөнгөөр зэвсэглээд эх нутгаа чөлөөлөхөөр эргэж орж ирэх магадлал өндөр байгаа юм байна. Хуан Гуайдо Венесуэльд эргэж очих эсэх, очсон тохиолдолд Н.Мадуро баривчлах эсэх, М.Пенсийн хэлсэн глобал чанартай хариу арга хэмжээ юу байх гээд тус улсыг тойрсон асуулт олон байна. Муу амалмааргүй байгаа ч, одоогийн байдлаар бол Венесуэльд иргэний дайн гарах магадлал маш өндөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Улсаараа бүхэлдээ юуны доройтолд орсон одоогийн Монгол венесуэл шиг болохоос хятадл одоохондоо аварч яваа даа

    0 0 Хариу бичих
  2. Нохойн баас Хүрэлсүх, Баттулга 2 яг Мадуро шиг аашилж байгаа. Монголын дундаж давхаргын орлогыг дэмжих биш бүүр эсрэгээрээ татвар, ямарч амьдралд нийцэхгүй хууль тогтоомжоор дарамталж, нийт ард иргэдийг ажилгүй болгож, зориуд ядуурал руу түлхэж, тархийг нь угааж, боловсролгүй хөлдүү болгож байна. Өөрсдөө бол аль ашигтай гэсэнрүү дайрч цөлмөж байна. Ядуу, хоосон ходоодтой, мэдлэг боловсролгүй, хөлдүү нөхдүүдийг тв-ээр нэвтрүүлэг цацан мунхруулж, хүссэнээрээ захирахад амар болгох ажлаа алхам алхамаар хийсээр байна. Монголчууд минь юмны наанаа цаанааг нь сайн ухаж ойлгох мэдлэг боловсролгүй бол сармагчингаас ялгаагүй шүү. Сармагчин мэдээж Мадуро мэт шиг улс төрчид амархан уярааж, аргандаа оруулна.

    1 0 Хариу бичих
  3. MONGOLD MADURAA SHIG UDIRDAGCH HEREGTEI BNA!

    1 6 Хариу бичих
    • угаасаа байгаашдээ

      0 0