Нийслэлийн гэр хорооллын зарим айл өрх өвлийн улиралд хөрсний ус буюу халианд автан орон гэрээсээ дайжин нүүхэд хүрдэг. Сүүлийн жилүүдэд ийм тохиолдол байнга гарах болов. Монгол гэрийн ханатай чацуурч, байшингийн цонхыг далдартал халиа гүйдэг гэхээр ямархан аюултай болох нь тодорхой. Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт халиа үүссэнээр олон айл өрх усанд автан амьдрах аргагүй болж, гэр хорооллын олон гудамж, авто зам мөсөн бүрхүүлээр хучигдсан. Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагууд болон онцгой байдлын албаныхныг “түргэн авахуулсан” энэ гамшигт үзэгдэл анхных биш, бас сүүлийнх ч биш.
Яагаад гэвэл нийслэлийн хэмжээнд халиа гүйх эрсдэлтэй цэгүүд дурдсан Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэр болох Баянхошуу, Сэлбийн голын хөндий дагуух Дарь-Эх, Долоон буудал, мөн Улиастай, Хөлийн гол гээд олон газарт бий. Эдгээр байршлуудад гэр хорооллын айл өрхүүд шигүү суурьшсан нь өвлийн улиралд хөрсний ус халианд автах эрсдлийг дагуулсаар байгаа юм.
Сэлбэ голын хөндий, Дарь-Эх орчимд үүссэн халиа. 2019 оны 1-р сарын 24
Дарь-Эхэд суурьшсан айл өрх халианд автсан байдал. 2019 оны 1-р сарын 24.
Дарь-Эхэд суурьшсан айл өрх халианд автсан байдал. 2018 оны 3-р сар.
Халиа гэж юу вэ?
Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл. Хөрсний уснаас гадна гол горхи, булгийн ус өвлийн улиралд газрын гадарга дээр гарч ирж, хөлдөн зузаарч ихээхэн хэмжээний зузаантай, томоохон талбай эзэлсэн мөсөн хучаас үүсгэхийг мөн халиа гэнэ.
Халиа нь Монгол орны уулархаг, ус чийгийн нөөц арвинтай газруудад өвлийн улиралд ихээхэн тохиолддог хүйтний гаралтай үзэгдэл гэж мэргэжлийн үүднээс тодорхойлдог ажээ. Цаашилбал халиаг гарал үүслээр нь хөрсний, булгийн, голын, холимог халиа гэж ангилдаг байна. Цэвдэгтэй газар хөрс гадаргаасаа хөлдөх явцад тухайн хөрсөн дэх ус дээр, доороосоо шахагдаж, тэрхүү даралттай ус нь хөлдөлт багатай, сийрэг хөрстэй, чулуулагтай хэсгээр шахагдан гарч хөрсний халиа үүсгэдэг байна. Ийм төрлийн халиа ихэвчлэн уулс хоорондын хөндийн нарийн ширхэгтэй хөрс бүхий цэвдэгтэй газруудад үүсдэг онцлогтой. Түүнчлэн булаг болон голын ус харзлан урсахдаа гольдролынхоо дагуу халиа үүсгэдэг тохиолдол ч бий гэнэ. Хөрсний гүнээс шахагдсан ус булаг болон голын халиатай нийлэн холимог халиа үүсгэх нь ч бий гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
Улаанбаатарын халиаг 50 гаруй жилийн өмнөөс судалжээ
Улаанбаатар хот орчимд үүсдэг халиануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх судалгааг анх 1963 оноос Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн ажилтан С.Жамсран хийжээ. Тэрээр Сэлбийн Зуун мод, Дарь-Эх, Улиастайн ам, Хөлийн гол орчим, Сонгины Харзан өндөр, Хүрхрээгийн ам, Рашаант толгой зэрэг газруудад 500-аас 1700 хүртэл метр урттай халианууд үүсдгийг тэмдэглэн бичсэн байдаг аж. Түүнчлэн Зүүн Сэлбийн зарим гудамж дахь айлуудын жорлон, гэрийн дороос ус гарч халиа үүсгэн, улмаар тэдгээр айлуудыг нүүлгэж байсан баримт ч үлджээ. Түүнээс хойш 1980-аад оны эхээр Дарь-Эх, Рашаант орчмын халианд ажиглалт хийж энэхүү үзэгдэл үүсэх ба алдрах үе, эзлэхүүн, талбай зэргийг тооцоолсон байдаг аж. Харин тухайн үед айл өрх, албан байгууллага халианд автаж хохирол амссан тохиолдол тэмдэглэгдээгүй байна.
1990-ээд оноос эхэлсэн нийслэл хот руу чиглэсэн их нүүдэл 2000 оны эхэнд оргил үедээ хүрсэн юм. Энэхүү төвлөрлөөс улбаалан суурьшлын бүсийн асар ихээр тэлснээр айл өрхүүд халианд автах эрсдэлтэй бүсүүдэд олноор буусан ажээ. Уулсын ам, хөндий, гуу жалганы дагуу буусан айлууд ийм эрсдэлд хамгийн өртөмтгий гэсэн үг. Ус чийгтэй газрууд дээр шороо асгаж гэрийн бууриа засах, байшин барих тохиолдол түгээмэл болсон. Энэ бол хэзээ ч хаанаас ч оргилон гарч мэдэх хөрсний ус буюу халианы цооног дээр суурьшсан гэсэн үг.
Байгалийн үзэгдлийг байнгын гамшиг болгосон нь
Нийслэл Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ихэссэн нь ойлгомжтой. Гэр хорооллын оршин суугчид ойролцоох хонхор, жалга, суваг шуудуу, даланд хогоо хаяж ус чөлөөтэй урсах замыг боож хязгаарлаж эхэлсэн нь хөрсний халиа элбэгших нэг нөхцөл шалтгаан болжээ. Мөн гол, горхи бүхий газар болон намаг, чийгтэй хэсгийг шороогоор дарж тэгшлэн гэр, хашаа барин суурьших болсон нь хөрсний халиа үүсэхэд хүргэсэн гэж судлаачид үзсэн байна.
Газар олголтын энэ замбараагүй байдал, суурьшлын тэлэлт нь эргээд айл өрх, албан байгууллагууд хөрсний халианд автан эд хөрөнгө, эдийн засгийн хувьд асар их хохирол амсахад хүргэжээ. Хөрсний халиа нийслэлийн тодорхой газруудад жил бүр үүсч, нэг төрлийн гамшигт үзэгдэл болоод буй юм.
Тухайлбал, Сэлбийн голын хөндий Дарь-Эхийн булаг, “Монел”, Улиастайн амны доод хэсэг, Хөлийн гол зэрэг газруудад суурьшсан олон тооны айл өрх, албан газрууд, зам талбай түүгээр ч зогсохгүй улсын онцгой объект хүртэл халианд автдаг болжээ.
Ийнхүү Улаанбаатар хотод халиа үүсэх үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын нөхцөлтэй холбоотой боловч сүүлийн үед оршин суугчдын зүгээс үзүүлэх нөлөө их болсон гэдгийг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн онцолсон байна. Тухайлбал, хур бороо ихтэй байсан өнгөрсөн зунаас хойш хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэн ажээ. Үүнээс гадна тухайн гэр хорооллын оршин суугчид хур борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж буух, хог, шороогоор дүүргэснээс болж хөрсний ус саатаж хаагдах нөхцөл бүрдсэн нь халиа үүсэх нэмэлт шалтгаан болжээ гэдгийг цэвдэг судлаач эрдэмтэд баталсан байна. Эндээс харахад халианаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг амсаж буй нь ихэвчлэн бидний өөрсдийн мэдлэггүй буюу төлөвлөлтгүй гэр хороолол, дэд бүтэц бий болгосны уршиг юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн буруугаас байгалийн үзэгдлийг байнгын гамшиг болгон хувиргаж орхижээ.
Халиа үүсдэг газрын экосистемийг шороо асгах байдлаар дахиж сэргэхээргүй болтол эвдэж байна. 2018 оны 6-р сарын 22.
Нийслэл хотод зуны улиралд үерийн улмаас иргэд, аж ахуйн нэгжид багагүй хохирол учирдаг. Тэгвэл өвлийн цагт халианаас болж түүнээс ч дутахгүй эдийн засгийн хохирол амсах болсон байна. Гэвч энэхүү гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Энэ нь ихэнхдээ шинжилгээ, судалгаагүйгээр төлөвлөлт хийж, ажил гүйцэтгэж буйтай холбоотой. Ганцхан жишээг дурдахад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын орчим сүүлийн жилүүдэд тогтмол халиа үүсэх болжээ.
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэн, судлаачид уг газарт судалгаа хийж үзэхэд халианы гол эх үүсвэр нь гүний хагарлаар урсах булгийн ус болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хаягдал уснаас бүрддэг нь тогтоогдсон байна. Хотын зүүн хэсгийн дулааныг хангаж буй “Амгалан” дулааны станцын халаалтын системд ашиглах хэдэн зуун мянган тонн усыг халиа үүсдэг газраас биш харин түүний дээд талд орших Улиастай голын хөндийгөөс татаж авдаг ч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байдалтай байгаа аж. Хэрэв уг станц хажуухандаа үүсдэг халианы эх ундаргаас усаа авсан бол ийм асуудал үүсэхгүй байжээ. Дулааны цахилгаан станц зөвхөн өвлийн улиралд ус ашигладаг учир халиа үүсдэг газраас шууд усаа авах бүрэн боломжтой. Ингэснээр эко систем төдийлөн өөрчлөгдөхгүй бөгөөд станц халианд автагдахгүй байх нөхцөл бүрдэх байжээ.
Эндээс л төлөвлөлт, судалгаагүйгээр гэр, хашаа байшингаас эхлээд барилга байгууламж, улсын онц чухал обьектыг барьснаас болж ямар их алдагдал, хохирол амсч байгааг харж болно.
Халианы хамгийн хор хөнөөлтэй тал нь аливаа барилга байгууламжийн суурийн хэсгийг гэмтээж улмаар ашиглах боломжгүй болгодог байна. Тэрчлэн жорлонгийн бохир, хаягдал устай холилдсон халиа хавар хайлж урсахдаа олон төрлийн халдварт өвчин үүсгэх шалтгаан болдгоороо аюултай.
Халиа үүсдэг газруудад цэцэрлэгт хүрээлэн байгуулъя
Байгаль орчны талаас нь авч үзвэл манай орон шиг хуурай уур амьсгалтай, чийгээр дутмаг нутагт халиа үүсэх нь таатай нөхцөлийг бий болгодог байна. Халиа нь ихэвчлэн 10-р сарын сүүлчээр үүсэж, өвөл, хаврын улирал буюу хоёрдугаар сар хүртэл идэвхжих, гуравдугаар сараас алдарч, улмаар тавдугаар сард бүрмөсөн хайлж дуусдаг байна. Энэ хугацаанд тухайн халианы доорх хөрс чийгээр ханаж бусад газруудтай харьцуулахад зуны цагт ургамал сайн ургах чийглэг орчинг бүрдүүлдэг ажээ. Ийнхүү тухайн орчинд цаг агаарын харьцангуй чийглэг нөхцөл бүрдэж, агаар дахь тоос, тоосонцорын хэмжээг тодорхой хувиар бууруулдаг сайн талтай.
Харамсалтай нь иргэд халиа үүсдэг газруудад буурь засах зорилгоор шороо, барилгын хогийг их хэмжээгээр асгаж тухайн газрыг дахин сэргэхээргүй болтол сүйтгэж байгаад эрдэмтэд, судлаачид шүүмжлэлтэй ханддаг. Иймд Улаанбаатар хотод үүсдэг цөөн хэдэн халиаг хамгаалах, тэр орчмын газар төлөвлөлтийг зөв зохион байгуулж, ногоон байгууламжийн зориулалтаар сэргээн ашиглах шаардлагатай гэсэн санааг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн дэвшүүлжээ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талбайг тэлэхийн тулд халиа бүхий газруудыг зөв зохистой ашиглах, халианы сөрөг нөлөөг арилгах, цаашид гарах эрсдэлийг бууруулах талаар нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй гэсэн үг.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Сэлбэ, Улиастай голуудын хөндий болон Баянхошуу орчимд 70 гаруй гаруй га талбайг хамарсан халиа тогтмол үүсэж буй юм байна. Эдгээр халиа үүсдэг газрууд нь үржил шимт хөрстэй, чийгийн хангамж ихтэй байдаг тул мод, ургамал тарьж үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулбал арчилгаа бага шаардагдах давуу талтай ажээ. Халианы энэхүү давуу талыг ашиглаж хотын өнгө төрхийг нэмэгдүүлэх, орчны бохирдлын хэмжээг бууруулах боломжтой.
Хот төлөвлөлтдөө эрдэмтэд, судлаачдынхаа үгийг сонсч, тэдний судалгааг ашиглах аваас халиа байтугай газар хөдлөлт, үер ус зэрэг гамшгаас сэргийлж чадах билээ.