Урьдчилан сэргийлэх нь халдварт өвчний хамгийн том дархлаа

-Олон нийтийн газраар бага насны хүүхдээ авч явахгүй байх нь халдварт өвчинд өртөх эрсдэлийг бууруулна-

Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор зарим халдварт өвчний дэгдэлт ихэсдэг.  Мөн саяхан улаанбурхан өвчний нэг тохиолдолд гаднын улс орноос тээвэрлэгдэж орж ирсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Тиймээс халдварт өвчний тархалтын талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

-Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор ямар ямар халдварт өвчний дэгдэлт ихэсдэг вэ?

-Одоогоор нэгдүгээрт, амьсгалын замын халдварууд түлхүү бүртгэгдсэн хэвээрээ байгаа. Манайх хүйтэн сэрүүний улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас одоо ч томуу, томуу төст өвчний дэгдэлт бүртгэгдсээр байна. Томуу, томуу төст өвчний халдвар улсын хэмжээнд одоогоор 5.3 хувьтай дундаж байна. Дэгдэлт болж байсан үеэ бодвол буурсан хандлагатай. Насны байдлаар авч үзвэл нийт үзлэгийн 70 гаруй хувийг 0-4 хүртэлх насны хүүхэд эзэлсэн хэвээр байна. Иймд эцэг эхчүүдийн бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамж илүү байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, халууралт, цэврүүтэй тууралттай хам шинжийн өвчлөлүүд бий. Үүний дийлэнхийг салхин цэцгийн халдвар эзэлж байна. Салхин цэцгийн халдвар вирусын халдвар учраас үүнийг тоохгүй өнгөрч болохгүй. Цэврүүт тууралт гарч, өндөр халуурдаг, ерөнхий хордлогын шинж тэмдэг илрэн эмчид үзүүлэхгүй бол хүндрэх аюултай. Салхин цэцгийн халдвараас сэргийлэх хэрэгтэй. Салхин цэцгийн халдварын гол эх уурхай бол өвчтэй хүн. Салхин цэцгээр өвдөөгүй ямар ч насны хүн өвдөж болдог. Хэрвээ салхин цэцгээр өвдсөн бол насан туршийн дархлаа тогтдог. Халдвар дамжих зам нь агаар дуслын зам учраас үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Хэрвээ салхин цэцэг гэж оношлогдсон бол тухайн эмчийн зааврыг хатуу чанд мөрдөх ёстой.

Дараагийн гол халдвар бол томуу, томуу төст өвчний улиралчлалын дараа менингококкийн халдварын улиралчлал эхэлдэг. 2-5 дугаар сард ихэвчлэн менингококкийн халдварын улиралчлал байдаг учраас энэ халдвараас сэргийлэх зөвлөмжийг эрчимжүүлдэг.

Мөн хаврын улиралд тууралттай хам шинжийн өвчлөлүүдээс өвчлөх хандлагатай байдаг. Үүнд, улаан эсэргэнэ, гахайн хавдар, энтероверусын халдварууд алаг цоог хэлбэрээр бүртгэгддэг.

Түүнчлэн хил залгаа улс орнуудад улаанбурхан өвчний өвчлөл нэлээд байгаа. Европийн орнууд болон Номхон далайн баруун бүсийн орнууд, Азийн улс орнууд хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д улаанбурхны дэгдэлт 2018 оноос үргэлжилсэн хэвээр байна. Тиймээс манайд сая гуравдугаар сарын 7-нд улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн нь тодорхой болж батлагдсан. Улаанбурхан өвчний өвчлөл халдварлалт өндөртэй өвчинд ордог. Тухайлбал, 10 хүн халдвар авахад улаанбурхнаар өвдөөгүй есөн хүн өвчлөх жишээтэй. Мөн л өвчтэй хүнээс улаанбурхны дархлаажуулалтад хамрагдаагүй, улаанбурхнаар өвдөөгүй хүн агаар дуслын замаар өвчлөл авах эрсдэлтэй. Манай улсад улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдсан учраас энэ өвчнөөс сэргийлэх шаардлагатай.

-Эдгээр халдваруудаас иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эдгээр агаар дуслын халдвараар дамжин халдварладаг нийт халдварт өвчинд ерөнхий урьдчилан сэргийлэх арга зам байдаг. Нэгдүгээрт, агаар дуслын халдвар учраас олон нийтийн газраас онц шаардлагатай биш бол явахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн халдвараас урьдчилан сэргийлсэн дархлаажуултад бүрэн хамрагдаж байх хэрэгтэй. Тухайлбал, улирлын томуугийн дархлаажуулалт, улаанбурхны эсрэг дархлаажуулалт, улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг гуравт вакцин гэх мэт.

Гуравдугаарт, гараа тогтмол, зөв, дарааллын дагуу угаах хэрэгтэй. Гар угаах нь энгийн бөгөөд мөнгө шаардахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Гараа бохирдсон тохиолдол бүрд угааснаар гэдэсний халдвар, агаар дуслын халдвараас хамгаалах боломжтой.

Дөрөвдүгээрт, дархлаагаа дэмждэг байх хэрэгтэй. Тавдугаарт, агаар дуслын халдварын үед илрэх шинэ тэмдгүүдийг тодорхой хэмжээнд мэддэг байх шаардлагатай. Ингэснээр мэргэжлийн эмчид цаг алдахгүй хандан эмчийн өгсөн зөвлөмж, зөвлөгөөг хатуу мөрдөх хэрэгтэй. Энэ мэтчилэн энгийн зөвлөмж зөвлөгөөг иргэн бүр мэдэж байх нь халдварын эрсдэлээс бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Томоохон сүлжээ дэлгүүр, үзвэр үйлчилгээний газар, тоглоомын төвүүдээр болж өгвөл бага насны хүүхдээ авч явахгүй байх хэрэгтэй. Ялангуяа 0-4 хүртэлх насны хүүхдүүдэд халдварт өвчин тусах эрсдэл өндөр учраас эцэг эхчүүд үүнд анхаарахыг зөвлөе. Мөн идэр залуу насны залуус буюу 2015 онд улаанбурхны дэгдэлт гарахад дархлаажуулалтаас хоцорсон залуучууд хэрвээ улаанбурхнаар өвдөөгүй бол улаанбурхны дархлаажуулалтад бүрэн хамрагдах нь чухал.

Бага насны хүүхдүүдтэй аав, ээжүүд 2 хүртэлх насны хүүхдүүдээ заавал хийх товлолын дархлаажуулалтдаа хоцрохгүй хийлгэх ёстой. Хэрвээ товлолт дархлаажуулалтаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон бол заавал нөхөн дархлаажуулалтад хамрагдаарай гэж зөвлөж байна. Ингэснээр тухайн халдварт өвчинд өртөхгүй байх  нөхцөлийг бүрдүүлж халдварт өртөх эрсдэлийг эрс бууруулж байна гэсэн үг шүү.

-Улаанбурхан өвчнөөр өвдсөн "Оюутолгой" компанийн гадаад ажилтны биеийн байдал ямар байгаа бол?

-Тухайн өвчтөний биеийн байдал гайгүй байгаа. Түүнтэй ойр байсан 10 гаруй хүн ажиглалтад байсан. Тухайн иргэдээс сорьц авсан, тандалт судалгаа  хийгдэж байгаа. Сорьц, шинжилгээний хариу гараагүй. Тэдгээр иргэдэд тууралт гарсан тохиолдол гараагүй. Халдварт өвчин бүрийн нууц үеийн хугацаа, үргэлжлэх хугацаа, улиралчлал, хөдлөл зүй өөр байдаг. Жишээ нь салхин цэцгийн нууц үеийн хугацаа урт 14-21 хоног байхад, улаанбурхан өвчний нууц үе 3-5 хоног байдаг. 

-Менингококк өвчний тохиолдол нэмж бүртгэгдсэн үү. Саяхан ШУТИС дээр сэжигтэй байж болзошгүй нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарсан?

-Менингококкийн таван тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэмж бүртгэгдээгүй. Сэжигтэй тохиолдол гэдэг байдлаар тандалт судалгаа хийгдэж байсан. 

-Хүүхдийн эмнэлгүүдийн орны ачаалал одоогоор хэр байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачаалал хэтэрсэн дүүрэг одоогоор байхгүй. Нийт батлагдсан 1770 гаруй ор байдгийн 470 гаруй орон дээр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа.

-Хавар гэдэсний халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байдаг. Энэ талаар урьдчилан сэргийлэх арга  хэмжээг хэр авч байна вэ?

-Зургаадугаар сараас хойш бид гэдэсний халдварт өвчний улиралчлал гэж үздэг. Тавдугаар сарын сүүлээс гэдэсний халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэг эрчимжиж эхэлдэг. Хавар эрт дулаарах нь гэдэсний халдвар, хөрс, усны бохирдол, эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ улиралд нь тааруулж дулаан хувцаслах хэрэгтэй. Ингэснээр хүүхдээ аливаа өвчнөөс сэргийлж, дархлааг нь дэмжиж байгаа арга юм шүү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)