Нацизмын шүтээн Зөвлөлтийн зохиолчийн өмнө сөгдсөн нь

Зураг дээр сөгдсөн байдалтай гарсан бүсгүй бол Германы домог болсон жүжигчин Марлен Дитрих. Түүнийг өмнөө сөгдүүлж чадсан азтай эр бол Зөвлөлтийн зохиолч Константин Паустовский. Энэ бүхэн хэрхэн болсон талаар өгүүлэхийн өмнө Марлен Дитрихийн талаар цухас ч гэсэн өгүүлэхгүй бол алдас болно.

Марлен Дитрих бол Германд нацизм ид хүчээ авч байх үед дэлхий нийтэд танигдаж улмаар нацист Германы төрийн өндөрлөгүүдээс хэмжээлшгүй хүндэтгэл хүлээж байснаараа алдаршсан жүжигчин эмэгтэй. Гэвч тэрбээр нацистуудыг тоогоогүй учир ЗХУ-д бас маш өндөр нэр хүндийг олсон байдаг. Кино шүүмжлэгчид түүний жүжигчний билэг авьяасын талаар дуртайяа маргалдаг байлаа. Нэг хэсэг нь түүнийг гайхалтай авьяастай, чадварлаг жүжигчин гэдэг бол нөгөө хэсэг нь увайгүй, муухай ааштай хүүхэн хэмээн муу хэлдэг байжээ. Гэхдээ энэ бол зөвхөн түүний хэлбэр байсан бөгөөд агуулга нь огт өөр байсан тухай олон сонирхолтой яриа бий.Тухайлбал тэрбээр зохиолч Эрих Мария Ремарк, жүжигчин Жан Габен, Юл Бриннер, дуучин Фрэнк Синатра, алдартай алдаргүй өөр олон эрчүүдтэй амрагийн холбоотой байсан ч албан ёсоор гэрлэсэн ганц хүн болох Рудольф Зиберийг нэг удаа өвдөхөд сайн эмч домч хайж гүйн Холливудыг алмайруулж байсан гэдэг. Мөн охин Мариягаа гэрлэхэд өв хөрөнгө тасалж өгөөгүй мөртлөө шалыг нь угааж өгөхөөр гэрт нь очиж байсан гээд л...

Түүнийг нэлээд задгай, эмх цэгцгүй яриатай, хөгжөөн наргианд дуртай бүдүүлэг нэгэн байсан гэх ч энэ нь бас л хэлбэр байсан гэдгийг батлах нэгэн зургийн та бүхэнд өнөөдөр танилцуулахаар шийдлээ.

Нацизмын нүүр царай болгож, үүнийхээ шанд тоглосон кино бүрийнх нь төлөө 200 мянган рейхсмарк амалсан Йозеф Геббельсийн саналаас татгалзсан үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Зөвлөлт холбоот улсын эрх баригчдын хараанаас гадуур өнгөрсөнгүй. Түүнийг эх орондоо зочлохыг урьсан байна. Жүжигчин саналыг нь хүлээж авчээ. ЗХУ-д ирээд тэрбээр олон үйл ажиллагаанд оролцсон нь мэдээж, гэхдээ энэ бүхэнд тэрбээр биеэ барьж, өөрийнхөөрөө байж чадаагүй аж. Дээд удирдлагаас жүжигчнийг хөхиүлэн баясгах үүрэг авсан түшмэдүүд түүнийг Зохиолчдын төв хорооны танхимд аваачин урлагийн тоглолт үзүүлсэн байна. Тоглолт дуусахын хэрд хамгаалагч, ажиглагчийн үүргийг давхар гүйцэтгэж явсан КГБ-ийн ажилтан эр Марленаас “Өөр хаана очиж үзмээр байна” хэмээн эелдэгхэн асуужээ. Мэдээж тэрбээр Кремль, Их театрыг санал болгохоор зэхэж байсан, гэтэл Марлен хариуд нь аярхнаар “Би Зөвлөлтийн зохиолч Константин Паустовскийтой уулзахыг хүсдэг. Энэ бол миний эртний мөрөөдөл” хэмээн хариулсан гэдэг. Дарга нар нэгэнт тушаасан, дэлхийн хэмжээний одыг сэтгэл хангалуун байлгахгүй бол болохгүй учир КГБ-ийн ажилтан сандарч, зохиолчийг хаа сайгүй хайлган, хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад нь хүчээр шахуу авч жүжигчний өмнө авчирсан байна. Зохиолч өөрөө татгалзаж, эмч нар хориглоод ч тусыг эс олсон гэдэг.

Ингээд зөөлөн ултай гутал өмссөн ядруу зохиолч танхим дүүрэн үзэгчдийн өмнө тайзан дээр гарч ирж дээ. Гэтэл түүний араас алдарт Э.Хемменгуэй, Ремаркийн найз бүсгүй асан, дэлхийн кино урлагийн од Марлен Дитрих гарч ирээд зохиолчийн өмнө өвдөг сөгдөж, нулимс унаган байж гарыг нь хүндэтгэлтэйгээр үнсэх нь тэр. Марлен Дитрих ихэмсэг, хээнцэрлэлийн багаа тайлан хаясан нь энэ.

Зохиолчийг тайзнаас буулган зөөлөн сандалд суулгасны дараа Марлен Дитрих К.Паустовскийн олон зохиолыг уншсан, тэр бүгд нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг байсан гэдгээ үзэгчдэд илэн далангүй ярьсан байна.

Ялангуяа “Телеграмма” буюу “Цахилгаан” хэмээх өгүүллэг түүнд маш их нөлөөлсөн гэдгийг дахин дахин өгүүлж байжээ. Зохиолчтой уулзаж өвдөг сөгдсөн талаараа “Би ингэж хүндэтгэл үзүүлж амжсандаа баярлаж байна” хэмээн чин сэтгэлээсээ хэлэхэд танхимд байсан үзэгчид алга нижигнүүлэн ташсаныг хэлэх хэрэггүй биз. Харж байгаа гэрэл зураг тань ямархан сэтгэл хөдөлгөм түүхийг агуулж байсныг та одоо олж мэдлээ. Дашрамд, энэ түүхийг олж мэдсэн хүн бүр Константин Паустовскийн “Захидал” өгүүллэгийг олж уншихыг хүсдэг гэсэн шүү. Надад ч тийм хүсэл төрж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ өгүүллэг нь байна уу?? Линк байвал тавих буянтан байна уу?? Уншмаар санагдчихлаа. Хайгаад олдохгүй байсан бүүр сонирхол татаж байна.

    0 0 Хариу бичих
  2. нэг бол Цахилгаан нэг бол Захидал гэу орчуулаад байх юм даа

    0 0 Хариу бичих
  3. Хаит уншья

    0 0 Хариу бичих