Ж.Батсайхан: Тамирчид тэмцээнд ирсэн зорилгодоо хүрсэн

-Монголын 16 тамирчин дэлхийн оюутны өвлийн Универсиадад оролцлоо-

Монголын оюутан тамирчид 11 хоногийн турш үргэлжилсэн дэлхийн оюутны өвлийн спортын наадамд оролцож, тэмцээнээ өндөрлүүллээ. Өвлийн спортын төрөлд анх удаа 5 төрлөөр оролцсоны дотор цана, цанын орон зай баримжаалах, шорт-трейк, уран гулгалт, фристайлын төрлүүд багтаж байна.

Өвлийн Универсиад наадамд оролцсон тамирчид спортын эдгээр төрлүүддээ Монголдоо анхдагчид гэж хэлж болох юм. Ски-оринтеринг буюу цанын орон зай баримжаалах, уран гулгалт, фристайлын төрлөөр гэхэд уг тэмцээнд оролцож байгаа тамирчид Монгол улсаас ОУ-ын тэмцээнд оролцож байгаа анхны тамирчид болж байгаа юм. Гэсэн ч анхны тэмцээндээ чамлахааргүй амжилт гаргаж, ихээхэн туршлага хуримтлуулж, тэмцээнд ирсэн зорилгоо биелүүлсэн гэж багш, дасгалжуулагч нар дүгнэж байна.

БХИС-ийн спорт төвийг хариуцсан дарга, дэд хурандаа Ж.Батсайхан  "Бид  Өвлийн Универсиад наадамд бэлдэхдээ өмнө нь олон улсад болж байсан тэмцээнүүдийн бичлэгийг үзэн бэлтгэлээ базаасан. Мөн манай  дасгалжуулагч Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан  учраас түүний туршлага дээр түшиглэн дасгалжуулалтыг хийсэн.  Тамирчид тэмцээнд ирсэн зорилгодоо хүрсэн гэж үзэж байна"        

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн офицер, ахлах дэслэгч   Б.Гэрэлт-Од  "Тамирчдын маань үндсэн суурь нь гүйлтийн цанын тамирчид байсан учраас энэ наадамд анх удаа цанын орон зайн баримжаалах төрөлд заасан хугацаанд бүх даалгавраа гүйцэтгэсэн нь том амжилт байлаа"       

МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа  "Олимпийн өмнөх тамирчдын чансааг  сорьсон том тэмцээнд улс тодорхой хэмжээний төсөв зардлыг өгөх шаардлагатай байгаа. Сая бидэнд хувцас, замын зардал гэж 42 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Үүнийг тамирчдын хоол, байр, замын зардал гээд бүхий л зүйлд хүргэхээр зарим зүйлсээ хүртэл танасан. Тэшүүрийн спортын холбоо, цанын спортын холбоо тамирчдынхаа хоол, байранд бидэнд туслалцаа, дэмжлэг болж байж манай тамирчид замын зардал, хоол, байр, ёслолын хувцсаа гүйцэд ханган оролцлоо"

2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Хүүхдийн наадам, 2033 оны өвлийн Универсиадыг хотдоо зохион байгуулах санаачилгыг гаргаад байгаагийн хувьд манай улс өвлийн наадамд зөвхөн баг тамирчдаа оролцуулахаас гадна тэмцээний зохион байгуулалтын тухайд туршлага хуримтлуулахаар төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Олон улсын томоохон наадмыг улс орондоо зохион байгуулна гэдэг нь тухайн улс орны хөгжил, эдийн засгийн чадавх, хүн хүч, нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлж, тухайн улс орныг дэлхий дахинд сурталчлах зэрэг томоохон ач холбогдолтой юм. Тийм ч учраас улс орнууд наадмыг зохион байгуулахын тулд нэрээ дэвшүүлж, ихээхэн өрсөлдөөнтэй үйл явц өрнөдөг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)