Хятадад Бойнг 737 Max загварын онгоцны нислэгүүдийг зогсоолоо

БНХАУ-ын иргэний агаарын тээврийн зохицуулах газраас Бойнг 737 загварын онгоцны нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийн дагуу 18 цагаас өмнө Бойнг 737 Max загварын онгоцны нислэгүүдийг бүгдийг нь зогсоох даалгаврыг дотоодын авиа компаниудад өгсөн байна.

Уг шийдвэр өнгөрсөн ням гарагт Этиопиос Кени рүү  ниссэн Бойнг 737 онгоц үл мэдэгдэх шалтгаанаар осолдож 157 зорчигч нь бүгд амь үрэгдсэн явдалтай холбоотой төдийгүй сүүлийн хагас жилд Бойнг 737 Max загварын онгоц 2 дахиа осолдсон тохиолдол болж байгаа юм.

Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулах газраас гаргасан мэдэгдэлд нэг загварын нисэх онгоц богино хугацаанд ижил төстэй шалтгаанаар дараалан осолдсон тул ижил төрлийн онгоцны нислэгүүдийг бүгдийг нь зогсоох шийдвэр гаргасан гэдгээ тайлбарлажээ.

Бойнг 737 Max нисэх онгоц хятадын дотоодын агаарын тээвэрт 2016 оноос нисч эхэлсэн гэнэ. Өдгөө Хятадын арав гаруй авиа компанид 60 орчим Бойнг 737 онгоц нислэг үйлддэг байна.  

Хятадаас гадна Их Британийн Кайман арлын Cayman Airways авиа компани өөрийн эзэмшлийн Бойнг 737 Max 8 загварын хоёр онгоцны нислэгийг зогсоосноо мэдэгдсэн юм. Тус компанийн хувьд ослын шалтгаан тодорхой болох хүртэл энэ төрлийн загварын онгоцныхоо нислэгийг зогсоож буй аж.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)