«НҮБ-ын төсөв»

Манай улс НҮБ-ын татварт хичнээн төгрөг төлдөг бол? Жирийн монгол хүний санаанд энэ тухай сэтгэх цаг зав гарахгүй л дээ. Тэр мэдээж, албатай ч биш. Гэхдээ улсын нууц шахуу авч үздэг учраас тэр тоог нууцалдаг. Доллараар төлж таарна. Хэрэв ил зарлаад шилэн болгоод жил бүр мэдээлдэг болгочихвол нэг бодлын амар. Гэхдээ одоо цаг нь биш. Монголын гурван хүн тутмын нэг нь байнга шахуу ядуу зүдүү явдаг, аж төрөх гэж үхэлтэй нүүр тулж байгаа тул “НҮБ-д ямар их мөнгө өгдөг юм”, “ямар ашиг байна”, “яах гэж төлдөг юм”, “ядуурлыг бууруулахад НҮБ юугаар тусалсан юм” гэж ирээд л туйлшрахад манайхан яг зэхээстэй байгаа.Надад болон миний амьдралд ямар ашигтай юм гэх шалгуур тавьдагийг нь буруутгах гээгүй.

Гэхдээ санааг нь амруулах ганцхан баримт дурдсу. Гишүүн орнуудын татвараас бүрддэг НҮБ-ын нийт төсвийн 0.005 хувийг Монгол Улс төлдөг юм шүү дээ. Үгчилбэл ТЭГ МЯНГАНЫ TAВАН ХУВЬ. Ойролцоогоор 124.000 $ жилдээ.

НҮБ руу орж тайлбар хайя. НҮБ-ын төсөв гэж ингэхэд юу юм бэ? Тэр нь тус байгууллагын байнгын төсөв; Энхийг сахиулах талаар явуулах ажиллагааны төсөв; Олон улсын эрүүгийн шүүхэд зориулах үлдэгдэл төсөв гэж гурван янз буй. НҮБ-ын Дүрмийн дагуу Ерөнхий Ассамблей төсөв хэлэлцэж батална, НҮБ-ын гишүүн орнуудад ногдох татварын хувь хэмжээг Ерөнхий Ассамблей гурван жилээр (жил бүр төд гэхчлэн) тогтоож өгнө. Захиргааны ба төсвийн асуудал эрхлэх зөвлөлдөх хороо гэж 18 гишүүнээс бүрдэх мэргэжилтний ажлын хэсгээс төсвийн төслийн анхны хувилбар бэлтгэгдэж, тэр нь Ерөнхий Ассамблейн 5 дугаар хороогоор хэлэлцэгдэнэ. Тус хороонд гишүүн бүх улс харьяалагдана. Энэ тухай un.org/ru/ga/fifth сайтаас тодруулж болно.

Ногдуулсан татвараа цагтаа төлөөгүй, өр болж үлдсэн улс орнууд НҮБ-д санал өгөх эрхээ хасуулах хүртэл шийтгэлтэй. Ийм шийтгэлийн заналхийлэл дор манай улс нэг бус удаа нэр дурдагдаж анхааруулга авч байсан юм билээ. 

НҮБ-ын төсвийг хоёр жилийн хугацаагаар баталдаг. Нэг санхүүгийн жил нь нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нд үргэлжилнэ. 2018-2019 оны төсвийг 5.397 тэрбум ам.доллараар баталсан ба одоо хэрэгжиж байна. Юунд зарцуулах нь ойлгомжтой. Нью-Йорк дахь НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, Женев, Вена, Найроби дахь салбар төв офисуудын хөтөлбөрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Мөн НҮБ-ын бүс нутгийн эдийн засгийн комиссууд, бусад болон тусгай улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Санхүүжилтийн цаана гишүүн орнуудаас татварт хандивлах мөнгөн дүн их чухал. Хэн их мөнгө төлнө, тэр хэрээрээ НҮБ-д илүү эрх дарх эдэлнэ гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилнэ. Гишүүн орнуудын төлбөрийн чадвар, түүнийг тооцоолох шалгуур нь сүүлийн жилүүдийн макро эдийн засгийн үзүүлэлт, үндэсний нийт орлого, үндэсний валютынх ханшийн савалгаа, хүн ам тутамд ногдох үндэсний орлогын хэмжээ гэхчлэн олон хүчин зүйлээр тооцоолж байж татварын хувь хэмжээ тодордог. Нэг улсаас НҮБ-ын татварын 22 хувиас дээш хувиар төлөхгүй байх, хамгийн ядуу гишүүн улс байлаа гэхэд ногдуулах татвар нь 0.001 хувиас буухгүй байхаар хязгаарласан. Нэг удаа АНУ 28.4691 хувийн татвар төлж байсан тохиолдол бий юм билээ.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцох хувь надад тохиож байсан ба тэр үед 2016-2018 оны төсөв баталж байхыг би сайн санаж байна. Тэр хуваарилалт одоо ч мөрдөгдөж байгаа болов уу. Ямар ч гэсэн өндөр татвар төлөгч эхний 10 гишүүн улс дээр ийм хувь хэмжээ гарч байсан даа. 

Гишүүн улс Татварын хувь
1 АНУ 22.000% буюу 22%
2 Япон 9.680
3 Хятад 7.921
4 Герман 6.389
5 Франц 4.859
6 Их Британи 4.463
7 Бразил 3.823
8 Итали 3.748
9 ОХУ 3.088 (oдoo нэмэгдээд 3.9912 хувь болсон)
10 Канад 2.921
Нийлбэр  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн улс 42.331 
(Татварын бараг тал 
орчмыг нь)
Нийлбэр Дээрхи 10 гишүүн улс 68.892 
(Гуравны хоёр хувь)

Энхийг сахиулах ажиллагааны төсвийг нэг жилээр батлаж мөрдөнө. НҮБ-ын жил тутмын төсвөөсөө энэ төсвийг гаргаж ирэх учраас санхүүгийн жил нь жилийн хуанлийн 12 сараар байх албагүй. Жил бүрийн 7 дугаар сарын 1-нээс дараа жилийн 6 дугаар сарын 30-ны хооронд санхүүгийн жилээ тооцно. 2017-2018 оны нэг жилд 6.8 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Герман энэ төсвийн 6.39 хувийг гаргасан, дэлхий дахинд энхийг сахиулахад мөнгөн хандив өргөсөн 4 дэх улс боллоо гэсэн мэдээ явж байсан.

Одоо яг хаана төсөв захцуулагдаж байна гэхэд жишээ татвал Сомалид материал-техникийн хангамжийн томхон бааз, Италийн Бриндизид үйлчилгээний глобал төв, Испанийн Валенсид холбоо нөөц төв, Угандын Энтебб дэх бүс нутгийн үйлчилгээний төв, бусад үйл ажиллагаа гэхчлэн 7 316 тэрбум ам.доллар 2018.06.30 хүртэл зарцуулсан баримт буй. Энэ тухай un.org/peacekeeping; peacekeeping.un.org гэх сайтуудад бичээтэй байна. Мөн unmissions.org сайтаас мэдээлэл авч болно.

Уг төсөвт НҮБ-ын бүх гишүүн улсууд татвараа хандивлана. Татварын хувь хэмжээ гэж тогтооно. Татвар төлөлөгчдийг гурван бүлэгт хуваана. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд–олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой хариуцлага үүрдэг гэдгээрээ энэ 5 улсад ногдуулах татвар өндөр; хоёр дахь бүлэг нь хөгжингүй орнуудаас бүрдэх ба НҮБ-ын байнгын төсөвт төлдөг шигээ хэмжээний татвар энхийг сахиулахад төлнө; гурав дахь бүлэг орнуудад хөгжиж буй орнууд орох ба дотроо хэд хэдэн салбар бүлэгтэй, учир нь хөгжлийн ялгаа зөрүү бий гэдгээрээ ангилагддаг. Гэхдээ НҮБ-ын байнгын төсөвт төлдөгөөсөө багыг төлнө.

Олон улсын эрүүгийн шүүхэд зориулах төсөв гэдэг нь хоёр жилийн хугацаагаар батлагдана. Жилийн эхний өдрөөс сүүлчийн өдөр хүртэл мөрдөгдөнө. Өмнө нь Руандагийн талаар ажилласан олон улсын эрүүгийн шүүх, хуучин Югославын талаархи олон улсын шүүхийн зардалд төсөв нь үлэмж зарцуулагдаж байсан. 2016-2017 онд 131.97 сая ам.доллар төсөвлөсөн, 2018 онд зарцуулсан нь үлэмж хязгаарлаад 87.79 сая доллар байсан.Төсвийг бүрдүүлэхдээ арифметикийн дундаж хэмжээгээр улсуудад хуваарилан хувь тогтооно. 

Ингэхэд татвараа цагт нь төлөөгүйн төлөө Ерөнхий Ассамблейд санал хураалтад оролцох эрхээ хасуулж байсан тохиолдол бий болов уу? Энэ тухай НҮБ-ын Дүрмийн 19 дүгээр заалт гэж бий. Өмнөх түүхэнд байсан уу гэвэл байсан юм билээ. 2018.09.25-ны байдлаар гурван улс татварын төлбөрийн тооцоотой хэмээгдэн санал хураалгах эрхээ хасуулж байжээ. Тэдгээр нь 1. Коморын арлууд, 2. Сан-Томе ба Принсипи, 3. Сомали улс ажээ.

Манай улс арай ч ийм дээрээ тулахгүй, тэр мэдээж. Гэхдээ татвар төлөх нь гарцаагүй. Өртэй үлдэж болохгүй. Жилдээ ойролцоогоор 124 мянган ам.доллар төлж байгаа нь нэг хэсэгтээ үргэлжилнэ. Харин ШХАБ мэтийн бүс нутгийн олон улсын байгууллагад элсвэл төлөх татвар нь энэ дүнгээс даруй 2 дахин, түүнээс ч илүү даваад явчих магадлалтай.

Ингэхэд НҮБ-ын татвар бүрдүүлэлт дээр БНХАУ идэвхийлээд байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Дэлхий нийтээрээ л тэгж байна. Өөрсдийгөө хөгжиж байгаа орон гэж нэрлэх, тэгсэн хэрнээ аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудыг ардаа орхиод татвар төлөлтөөс манлайлаад эхэлсэн, гайхаш бараад ч байх шиг.

НҮБ-ын төсөв бүрдүүлэлт дээр Герман, Франц, Британийг алгасаад явчихсан, одоо гуравт бичигдэж байгаа нь тус улсын жин нөлөө, дуу хоолой дэлхийн хамтын нийгэмлэгт нэмэгдэж байна, нэмэгдэх ч болно. Тун удахгүй НҮБ-ын ЕНБД-ын орлогч, төрөлжсөн байгууллагуудын даргаар хятадын дипломатч сонгогдоод гараад ирэхэд гайхах зүйлгүй болж байх шиг. 

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнъин гэдэг нөхөр ингэж ярьсан байгаа юм. Юу гэвэл НҮБ-ын төсөв бүрдүүлэх гол зарчим бол гишүүн орнуудын төлбөрийн чадвараас шалтгаалдаг. Хятадын эдийн засгийн ерөнхий потенциал их боловч нэг ам тутамд ногдох орлогын түвшин доогуур, тэгэхлээр хөгжиж буй орон хэвээрээ байна. Энэ бол Хятад хувьд төлбөр тооцоо хийх чадварын гол үндэс болно гэжээ.

Хятадын өөрийнх нь мэдээлж байгаагаар НҮБ-ын байнгын төсвийн хөрөнгө нийлүүлэгч хоёр дахь том гишүүн-улс, мөн энхийг сахиулах төсвийг бүрдүүлэгч хоёр дахь том нь болсон гэжээ. Энэ тухай Хуа Чүнъин хэлэхдээ: НҮБ-ын саяхан баталсан шийдвэрээр ирэх гурван жилд Хятад нь НҮБ-ын байнгын төсөв, энхийг сахиулах төсвийн зардлыг бүрдүүлэх хэмжээгээ эрс нэмэгдүүлж, байнгын төсвийн 12 хувь, энхийг сахиулах төсвийн 15.2 хувийг тус тус бүрдүүлэх боллоо. Энэ бол Хятад нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг (эдийн засгийн цогц хэмээн өөрсдөө нэрлэдэг) болж, эдийн засгийн ерөнхий хэмжээ дамжаа, хүн нэг бүрт ногдох улсын эдийн засаг нэмэгдсэний үр дүн, мөн Хятадын олон улсын нэр нөлөө нэмэгдсэний илэрхийлэл мөн гэжээ.

Элчин сайд Л.Хангайн бүтээл хэвлэгдэн уншигч Таны гарт очиж байна. Эл бүтээл номын худалдаанд тун удахгүй тавигдана.  Эдүгээ даяаршсан ертөнцөд эх газарт түгжигдсэн, далайд гарцгүй, газар зүйн олон хөршгүй Монголын хувьд хоёр хөрш гүрэнтэй харилцах, харилцах харилцахдаа Монголынхоо эрх ашгийг урьтал болгож, хоёр хөршийнхөө сонирхлыг харгалзан, Монголд түүнийг нь оруулж ирэн гурвалан хөгжихөөс өөр замгүй гэдгийг Хангай маань бүтээлдээ буулгахыг хичээжээ. Гурван улсын эдийн засгийн коридорыг шат ахиулах, үүний тулд ямар ямар салбарт хамтрах, хорших, эсвэл хоёр их хөрш Монголоор дайруулан ямар салбарт хамтран ажиллах талаар юм юм бодогдлуулсан, төр засагт санаа сэдэл өгөх, шавдуулах асуудлыг энэхүү бүтээлд хөнджээ.  Хангайн дэвшүүлсэн санал санаачилга, гаргалгаа, дүгнэлт, баримт сэлттэй нэгд нэгэнгүй танилцахыг уншигч, хэрэглэгч монголчууддаа уриалмаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)