Универсиад: Тамирчдын хотхонд нийт 5000 гаруй төлөөлөгч, сайн дурынхан байрлаж байна

-Тамирчдын хотхонд гоо сайхны салон, үсчин, фитнесс зал, эмнэлэг, кофе шопын үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой-

Оюутны өвлийн Универсиад наадамд оролцож буй баг тамирчид, төлөөлөгчдийг Сибирийн их сургуулийн хотхон дахь U village тосгонд байрлуулж байна. Тамирчдын хувьд байрлаж, амрах, бэлтгэлээ хангах бүхий л боломжоор хангасан нь тэмцээндээ амжилт гаргахад ихээхэн нөлөө үзүүлдэг тухай багш, дасгалжуулагчид нь ярьж байсан юм. 58 улсын 3800 тамирчин төлөөлөгчдийн хамтаар 24 давхар бүхий 6 барилгад байрлаж байна. Энэхүү хотхонд орон сууцнаас гадна өглөөний 07.00 цагаас орой 23.00 цаг хүртэл үсчин, гоо сайхны салонд орж, фитнесс зааланд хичээллэж, цэцгийн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой үйлчилгээний томоохон цогцолборыг шинээр ашиглалтад оруулжээ. Мөн шуудан илгээх хэсэгтэйгээс гадна исламын шашинтай төлөөлөгчдөд мөргөл хийхэд нь зориулж шашны мөргөлийн хэсгийг хүртэл гаргаж өгчээ.

 “Ocean” гоо сайхны салоны менежер Артем Синяков "Бид тамирчдын хотхонд наадмын хугацаанд байрлаж, маникюр, педикюр, имиж тодорхойлох, мөн нүүр будалт хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Эхэндээ бид тийм ч их үйлчлүүлэгчтэй байгаагүй л дээ. Харин тэмцээн эхлээд хэдэн өдөр өнгөрсний дараагаар маш их захиалга авах болсон. Өдөр бүр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, өнөөдөр өглөө 9 цаг болж байхад бид аль хэдийнээ 4 ч захиалга аваад байгаа нь бүгд тамирчдаас ирсэн захиалга байна. Би энэ тэмцээнийг ийм том хэмжээний, өргөн цар хүрээтэй наадам болно гэж үнэндээ бодоогүй ээ. Тэмцээн, уур амьсгал гээд бүх зүйл үнэхээр гайхалтай байна. Би энд ирээгүй бол үлдсэн амьдралынхаа туршид харамсах байсан гэж одоо бодож байна.

"U-Village" хотхоны зохион байгуулагч Надежда Мердак "Бид энд тамирчдыг амарч алжаалаа тайлах боломжоор хангахыг хичээсэн. Энд хэвтэж амарч, ном уншиж, хүссэн номоо түрээслэн авч, шатар тоглож, Playstation тоглож, дуртай кофегоо уун хүссэнээ хийн амрах боломжтой. Бид энэ наадмыг 5 жилийн турш хүлээж, үнэхээр их бэлдсэн. Тийм учраас зочдод манай хот болон манай тамирчдад зориулсан энэхүү хотхон таалагдаасай гэж үнэхээр их хүсч байна. Энэ наадмыг зохион байгуулж байгаа нь бидний хувьд томоохон туршлага мөн томоохон сорилт болж байна"

"Тайга" салоны менежер Богдан Вознюк "Би Красноярск хотод ажиллаж амьдардаг, үсчин. Манай үсчний газрын нэр их өвөрмөц гэж би боддог. Би үсчний газартаа Тайга гэж нэр өгсөн. Сибирьд амьдардаг учраас энэ нэрийг өгөхийг хүссэн. Үсчний газраар маань ихэвчлэн Хятад, Япон, Испанийн тамирчид, төлөөлөгчид ирж үсээ янзлуулж байгаа. Үсээ тайруулах болон сахлынхаа хэлбэрийг засуулах үйлчилгээ нь тамирчдын хамгийн их хийлгэдэг бараг трэнд үйлчилгээ болоод байгаа гэж хэлж болно"

Үүнээс гадна 24 цагаар эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой. Хотхон руу зөвхөн тэмцээнд оролцож буй баг тамирчид болон тусгай зөвшөөрөлтэй төлөөлөгчдийг нэвтрэхийг зөвшөөрч байна. Төлөөлөгчид хотхоноос гарч тэмцээндээ оролцоод буцаж нэвтрэх бүрдээ аюулгүй албаныханд шалгуулж орох юм. Ингэснээр хотхон дахь аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой гэж үзжээ. Наадмыг дуустал Красноярск хотын гадна 3 давхар хамгаалалт гаргаж, өөр хотын оршин суугчдын нэвтрэх хугацаанд хязгаарлалт хийгээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)